Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит соёл урлагийн сангийн шагналт, залуу уран бүтээлч Ц.Анударийн “Гар+Дор” контемпорэри урлагийн анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 22-ноос үзэгчдэд хүрнэ.
Энэхүү үзэсгэлэн нь залуу хүний сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн, нийгэмд нөлөөлөх зорилготой анхны төсөл нь юм. Түүнчлэн Монголд анх удаа 2100м2 талбайд нэг уран бүтээлчийн үзэсгэлэн гарч буй ховор тохиолдол бөгөөд үзэсгэлэнгийн үндсэн төрөл нь орон зай дахь инстолляц байх агаад холимог техник, видео бүтээлүүдийг мөн агуулах аж.
Залуу уран бүтээлч Ц.Анударь нь “China Academy of Art”-ийг загвар зохион бүтээгчээр төгссөн, суралцах хугацаандаа ZheJiang Government Scholarship-д 5 жил дараалан шалгарч байжээ. Мөн 2018 онд “China Graduation Fashion Week”-д уригдан оролцсон байна. Мөн тэрээр 2020 оны 9-р сараас “Ванжил арт” институтын ганцаарчилсан жилийн хөтөлбөрт хамрагдаж, “Контемпорэри урлагийн онол, бүтээлч судалгаа, дадлага” чиглэлээр суралцжээ.
2021 оны эхээр анх удаа зарлагдсан, Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит соёл урлагийн сангийн “Seed Awards 2021” нь карьерийн эхний 5 жилдээ явж буй, дүрслэх урлаг, гэрэл зураг, сэтгүүл зүй, хөгжим, бүжиг, медиа, театр, бүтээлч судалгаа зэрэг нийт 15 салбарт ажиллаж байгаа, дэлхийн 100 шилдэг залуу уран бүтээлчдийг шалгаруулж, анхны бүтээлийн төслийг нь дэмжих зорилготой, олон улсын чанартай шагнал юм. 2021 оны 10-р сард Ц.Анударийн боловсруулсан төсөл шалгарч, энэ нэр хүндтэй шагналын эздийн нэгээр тодорчээ.
Гудамж талбай, олон нийтийн газарт залуу хүнд бусдаас ирдэг хүсээгүй анхаарал, зөвшөөрөлгүй биед хүрэх, үг хэлээр гадуурхах зэрэг таагүй үйлдлүүдийг тэсэх, ойр дотныхондоо хэлэхгүй байх, мэргэжлийн хүнд хандахгүй байх зэрэг залуу хүний сэтгэлзүйн эрүүл мэндийн буруу хандлагыг өөрчилж, энэ гинжин хэлхээг таслахад хувь нэмрээ оруулахыг анхныхаа үзэсгэлэндээ хөнджээ.
Үзэсгэлэн Мишээл Экспо ОУҮХТ-ийн үзэсгэлэнгийн төв танхимд энэ сарын 22-27-ны хооронд үзэгчдэд хүрнэ.