УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Намрын чуулганы үр дүнгээр ярилцлагаа эхэлье?
-Шүүхийн шинэчлэлийг онцолно. УИХ-ын хяналтын тухай хуулиа сайжруулсан. Үндсэн хуулийнхаа дагуу Эдийн засгийн хөгжлийн яамаа байгуулахаар болсон. Бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлж зангидах газартай болно гэдэг том давуу тал. Урд хөршийн эдийн засгийг барьдаг ганц байгууллага нь Хөгжил шинэтгэлийн хороо нь байдаг.
-Шинэ сэргэлтийн бодлогод найдлага тавих хүн олон байна. Энэ бодлогын давуу тал, онцлог нь юу вэ?
-Ковидтой хоёр жилийн эцэст эргээд харахаар эдийн засгийн бодит салбар руугаа орохоос аргагүй болчихлоо л доо. Худалдааны, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч улс орон болчихоод байна. Нийт экспортын 95 хувь нь өнөө л нүүрс, зэс, төмрийн хүдэр. Тавагтай чихэр маань хүртэл гадных байх жишээний. Ковидын үеэр хил хаагдангуут дотоодын үйлдвэрлэл хэр хөгжсөн, хүн амын хэрэглээг хангаж чадаж байгаа юу гэсэн асуудал тавигдаж байна. Үүнтэй уялдаад, аж ахуйн нэгжүүдээ хамраар нь газар хатгуулчихгүйхэн шиг авч явахын тулд арван их наядын бодлого гаргасан. Энэ мөнгөний хоёр их наяд орчмыг нь бага хүүтэй зээл хэлбэрээр аж ахуйн нэгжүүддээ өглөө. Дараагийн том алхам бол таны асуусан Шинэ сэргэлтийн бодлого. Эрчим хүч, хил гаалийн боомтын асуудалдаа анхааръя гэж байна. Өөрөөр хэлбэл гадагш нь гаргаж байгаа, гаднаас орж ирж буй хаалгаа томруулъя гэж байна. Тэр утгаараа боомтдоо анхааръя, аж үйлдвэрээ хөгжүүлэхэд онцгой анхаарах нь тодорхой болчихлоо. Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогын хүрээнд хамгийн түрүүнд түүхий эдээ боловсруулах үйлдвэрүүдээ сэргээе, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлье гэсэн бодлого хэрэгжихээр болж байна. Хөдөө аж ахуй, хотжилтыг уялдуулж оруулж ирсэн нь олзуурхууштай. Хот руу чиглэсэн шилжилтийг багасгахын тулд хөдөө амьдрах боломж нөхцөлөөр хангахад анхаарах нь маш зөв. Төрийн байгууллагын шинэчлэлийг хийе гэж байна.
-Санхүүжилтийн хэлбэрүүд нь ямар байх бол?
-Хөтөлбөр хэрэгжих арван жилийн хугацаанд нэлээд мөнгө зарцуулахаар байгаа. Олон жилийн хугацаанд маш олон хөгжлийн бичиг баримт гарсан. Энэ мэт олон бичиг баримтаа цэгцэлж нэг болгох нь шинэ сэргэлтийн бодлогын гол зорилго. Бүр тодруулж хэлбэл энэ бодлогод туссан зургаан асуудалд түлхүү анхаараад явъя гэж байгаа юм. Нийтдээ 60-180 орчим их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Эхний хөтөлбөрүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэх хэлбэрээр явах байх. Үүнээс цаашхи санхүүжилтийн тухайд хүссэн хүсээгүй хувийн хэвшилдээ түшиглэнэ.
Хувийн хэвшилдээ түшиглэнэ гэхээр концессийн гэрээний асуудлууд сөхөгдөж таарна. Тодорхой хэмжээний үйлдвэрлэлүүд дээрээ бүтээж босгох бололцоог нь дэмжих, барьсных нь дараа урт хугацаанд ашиглах эрхийг нь өгөх гэх мэт хувилбаруудыг баримталъя гэж байна.
-ДНБ-ийхээ 75 хувьтай тэнцэх хэмжээний өртэй байж ийм их хэмжээний мөнгө босгох боломж байхгүй гэсэн шүүмжлэлийг зарим эдийн засагч хэлж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэн тэргүүнд төлөвлөлтөө гаргаад ирэх нь чухал л даа. Төлөвлөлтөө цаг хугацаатай нь гаргаж ирнэ гэдэг том давуу тал. Улстөрч болгон асуудлуудаа гаргаад ирж байна. Миний хувьд гэхэд “Шинэ хөдөө” гэж хэдэн жил ярилаа. Нийгэм болон дэд бүтэц рүү хөрөнгө оруулахаас гадна иргэдийнхээ хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Улстөрчдийн ярьж хөнддөг олон бодлого Засгийн газар руу орж таарна. Ахиад хэлэхэд шинэ сэргэлтийн бодлого зайлшгүй чухал зургаан асуудал дээр төвлөрнө гэдэг том ач холбогдол.
-Шинэ сэргэлтийн бодлогод тээвэр, ложистик, дэд бүтэцтэй холбоотой нэлээд заалт туссан харагдсан. Эдгээр заалтыг хэрэгжүүлэхийн тулд нарийн судалгаа, тооцоонууд хийгдэх ёстой байх. Ер нь энэ чиглэлийн сайн тооцоо судалгаа хэр байдаг вэ?
-Юуны өмнө 2011 онд баталсан нэг хөтөлбөрийн талаар дурдмаар санагдаж байна. Эхлээд агаарын бохирдлыг бууруулна гэж явж байгаад тухайн үеийн зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас санаачилж Их бүтээн байгуулалтын бодлого гэж батлагдаж байсан юм.
100 мянган айлын орон сууц, эдийн засгийн чөлөөт бүс, төмөр зам, авто замын бодлого гэх мэтийг багтаасан нэлээд хэдэн их наядын хөтөлбөр л дөө. Энэ хөтөлбөрийг 2016 он хүртэл хэрэгжүүлэхээр боловсруулсан түүхтэй. Тэр хөтөлбөрт дэд бүтцийн салбарт хийгдэх хэд, хэдэн ажлыг тусгасан. Бохир усны сантехникийн асуудлыг шийдлээ гэхэд Улаанбаатарт, аймгуудад төчнөөн метр шугам барих ёстой гээд тов тодорхой гаргачихсан тооцоо бий. Авто замын хэрэгцээ гэхэд л аймаг тус бүрд бодлогын хувьд нэн хэрэгцээтэй замуудын уртыг гаргасан. Тухайн үед 3000 гаруй км зам барих шаардлагатай гэсэн тооцоо гарсан санагдаж байна. 2012 оноос хойшхи байдлыг харахаар тэр хөтөлбөрөөс аваад төсөвтөө хөрөнгө мөнгө тусгаад явж байгаа. Учир нь тухайн үед дэд бүтцээ бүхэлд нь тодорхойлчихсон байсан юм. Шинэ сэргэлтийн бодлогын зургаан тулгуур дээр асуудлуудаа яг үүн шиг нарийн тусгачихвал илүү амар болно.
-Та түрүүн эхний хөтөлбөрүүдийг төсвөөс санхүүжүүлээд, цаашдаа хувийн хэвшилдээ тулгуурлаж явах ёстой гэж ярилаа. Энэ талаараа илүү тодруулж яриач?
-Яг ийм үйлдвэрлэл, үйлчилгээг бид хийх ёстой гэсэн чигээ гаргачихад болох юм. Эрчим хүчтэй холбоод ярихад Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хийх ёстой гээд харчих жишээний. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг зайлшгүй барих шаардлагатай гэж байгаа. Тэрэнтэй холбоотой 250 гаруй км-ын урттай дэд бүтцийн шугам сүлжээг зайлшгүй хийх ёстой тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, хэрэгжих шаардлагатай төслүүдийн хувьд хувийн хэвшилдээ санал болгоход бэлэн хэмжээнд хүргэчихэж байна гэсэн үг. Энэ тохиолдолд хувийн хэвшлийнхэнд санхүүгийн зураглалаа гаргаад ирэх боломж бүрдэнэ. Төчнөөн хувийг нь өөрсдөө, үлдсэн хөрөнгө оруулалтыг нь банк санхүүгийн байгууллагаас гэх мэт төлөвлөгөөгөө гаргачихна. Бүх тооцоо, судалгааг нь хийгээд, тодорхой тоотой, үндэслэлүүдтэй ийм саналууд гаргаад ирвэл төслүүд хэрэгжээд явах суурь бүрдэнэ.
-Шинэ сэргэлтийн бодлогод туссан асуудлуудыг шийдэхэд олон хуульд өөрчлөлт орж таарах уу?
-Тэгнэ, олон хуульд өөрчлөлт орж таарна. Наад зах нь л концесстой холбоотой асуудлаа ахин сөхөхөөс эхлээд хуулийн өөрчлөлтийн хүрээнд хийх ажил их бий.
-Сүүлийн хоёр жилд ковидоос болж эдийн засаг нэлээд хямарчихлаа. Урд хөрш хилээ хаасан нь том цохилт болж байна. Энэ мэт том эрсдэлийг урьдчилж хараад сэргийлэх арга хэмжээ авах бодлого шийдэл бий юү, бидэнд?
-Урьдчилж харахад түвэгтэй л дээ. Европын холбоо ОХУ-ын экспорт, импортод маш том хориг тавьсныг та мэдэж байгаа. Энэ хугацаанд хойд хөршийн дотоодын үйлдвэрлэл 20 гаруй хувиар өссөн. Зарим салбарын өсөлт бүр 40, 50 хувиар яригдсан. Үйлдвэрлэлийн бүтээмж нь ингэж өссөн гэсэн үг. Москвад амьдардаг танил маань “Би өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэртэй болсон, нэг нь махных” гэж ярьж байх жишээний. Импорт нь хаагдаад эхлэнгүүт төрөөс бодлогоор салбаруудынхаа үйлдвэрлэлийг дэмжээд эхэлсэн. Хэрэгцээгээ тооцоод, хэрэглээндээ таарсан үйлдвэрлэлийг төрөөс нь дэмжээд явчихсан юм. Манай улсын хувьд үүнтэй адилхан хэрэглээгээ тооцоод, үйлдвэрлэлээ дэмжих бодлого гаргаж байна гэсэн үг. Бодож санаснаа зоригтой хэрэгжүүлж чадвал эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.
-Боомтуудаа хөгжүүлэх асуудлыг шинэ сэргэлтийн бодлогод тусгасан талаар та түрүүн ярилаа. Төмөр замын боомтуудын ачаа тээврийн нэвтрэлтийг бодлогын хувьд хэрхэн анхаарч яаж сайжруулах ёстой гэж харж байна вэ?
-Боомтуудын хувьд 4000 гаруй км төмөр замын асуудлуудыг шийднэ, 2600 км авто замыг барина гэх мэт асуудлуудыг нэн тэргүүнд шийдэх шаардлага бий. Бүх аймгаа Улаанбаатар хоттой засмал замаар холбох том бодлого маань хэрэгжсэн. Цаашдаа аймгаас аймгийн хооронд барих автозамын “Нутгийн зам” төсөл болон боомтын хүчин чадлаа сайжруулахад онцгой анхаарч ажиллана гэж байна. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц, ложистик, тээвэртэй холбоотой асуудал дээр нэлээд анхаарч, нэвтрүүлэх чадварыг сайжруулна. За тэгээд боомтын дотоод асуудлууд, төмөр зам, автозамтай холбоотой асуудлууд бий. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд энэ мэт төслүүдийн нарийвчилсан төлөвлөгөө гараад ирэх юм. Боомтын хүчин чадлыг сайжруулах тухай яриахаар нэн тэргүүнд уул уурхайтай холбоотой асуудлууд тавигдаж таарна. Гадны хөрөнгө оруулалт орж ирж таарах байх. Жишээ нь баруун босоо тэнхлэгийн төмөр зам гээд 1500 гаруй км замын асуудал яригдаж ”Монголын төмөр зам”-д хийх эрх нь олгогдоод явж байна. Хөөт чиглэлийн төмөр замын асуудал бий. Төмөр зам дээр 51-ээс доошгүй хувь нь Монголын хөрөнгө оруулагч байна гэсэн заалт байгаа. Энэ заалтаа бариад гадны хөрөнгө оруулалтыг татах шаардлага зайлшгүй гарч ирнэ.
-Дарханы замын санхүүжилтийн асуудал таныг салбарын сайд байхад шийдэгдсэн санагдаж байна. Энэ замын ашиглалтад орох хугацаа сунжраад байгаа гол шалтгаан нь юу юм бол?
-Сайд байхдаа Азийн хөгжлийн банктай гэрээг нь зураад ажлаа өгч байсан л даа. Түүнээс хойш технологийн, зохион байгуулалтын алдаанууд гарсан. Ковид ч нөлөөлсөн. Дарханы замын эхний урсгал өнөө жилдээ багтаж ашиглалтад орчих байх. Тус бүрдээ өөр санхүүжилттэй хоёр тусдаа зам шүү дээ. Нөгөөтэйгүүр Монголын хүрээнд хамгийн том урсгалтай, Азийн авто замын сүлжээнд багтсан нь Алтанбулаг Замын үүдийн зам. Энэ чиглэлийн замаа хоёр урсгалтай том зам болгох хөтөлбөр бас бий. Хоёр боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд хийх том ажлын нэг.
-Зам, тээврийн салбарыг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд ямар алхам хийх ёстой бол?
-Авто, төмөр замын нэвтрэх чадварыг сайжруулах, тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, агаарын тээврийн либералчлалыг сайжруулах шаардлагатай. Намайг салбарын сайд байхад иргэний агаарын тээврийн либералчлал гээд хөтөлбөрийн хүрээнд Бээжин-Сөүлийн чиглэлд нэлээд либералчлал хийгдсэн. Өрсөлдөх чадвартай аж ахуйн нэгж компаниудыг шинээр нэмэгдүүлж оруулж ирсэн. Нисэх тоог нь нэмэгдүүлсэн. Сөүлийн чиглэлд 40 орчим хувийн тасалбарын хөнгөлөлт хүртэл гарсан. Агаарын тээврийн нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлье, олон улсын байгууллагатай хийх гэрээгээ өргөжүүлье гээд яривал хийх шаардлагатай олон ажил байгаа. Монгол Улс олон улсын дамжин өнгөрөх талаас маш зөв байршилд байдаг. Энэ тал дээр анхаарч ажиллах шаардлага бий.
Төмөр замын тухай хууль өргөн баригдсан. Ажлын хэсгийг нь би ахалж байгаа. Төмөр замын хууль нэлээд либералчилсан том хууль болж батлагдах байх. Төр, хувийн хэвшлийн боломж бололцоог нэгтгэсэн том хуультай болно. “Улаанбаатар төмөр зам”-ын 1800 гаруй км төмөр замаас гадна “Болд төмөр Ерөө гол”-ын төмөр зам гэж бий. Дарханы чиглэлийн төмөр зам байгаа. Таван толгой-Зүүн баянгийн төмөр зам байна. Цаашдаа барих төмөр замууд бий. Энэ бүх төмөр замын нэвтрэх чадварыг нэгтгэсэн, либералчилсан томоохон хууль батлагдаж хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.
-“Шинэ хөдөө” төсөл Булган аймгаас хэрэгжиж эхэлсэн санагдаж байна. Хөдөөг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ?
– Энэ асуултад хариулахын өмнө онцлоод хэлэхэд бид бодлогын арай өөр хандлага бий болгох ёстой. Хөрөнгө оруулалт гэхээр бид нийгмийн чиглэлийн эдийн засаг, дэд бүтэцтэй холбоотой хатуу зөөлөн дэд бүтцээ бодоод байдаг. Цэцэрлэг, сургууль, зам гэх мэтэд чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийсээр ирсэн. Миний хувьд зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарт олон жил болж, олон төсөл хөтөлбөрийн ард гарч байлаа. Анх сайдаар ажиллаж байхад 50, 100 км зам ашиглалтад авна гэдэг асар том ажил байсан л даа. 2000 он дөнгөж гарч байхад жилдээ 200 орчим км зам хүлээж авахыгаа том амжилт гэж үздэг байсан юм. Түүнээс хойш байдал өөрчлөгдсөн. Жилдээ 2000 км зам хүлээж авч явсан түүх хүртэл бий. Бүх аймгаа Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбоно гэдэг маш том амжилт. Ийм том бүтээн байгуулалт өрнөсний эцэст эргээд харахад хувь хүмүүсийн амьдрал бахь байдгаараа л байна. Авдаг цалин, тэтгэвэр, амьжиргааны түвшин нь хэвээрээ шахуу. Гэтэл бид дундаж давхаргыг бий болгоно, амьжиргааг дээшлүүлнэ, ажлын байрыг сайжруулна гэж ярьдаг ч үр дүн нь төдийлөн сайн биш байна. Түүнийгээ бид нэг аймаг, нэг суманд цэцэрлэг, сургууль, арваад км зам барьснаараа л хаагаад байгаа болохоос амьжиргааг дээшлүүлэх ажил дутмаг хэвээр байна. Ажлын байр бий болгоно гэдгийг төрийн хэдэн ажлын байрнаас цааш харж чадахгүй яваа. Хувь хүний ажиллах боломж бололцоог олгож байж л ажлын байр бий болно. Хувь хүн бизнес хийе, ажилтай орлоготой байя гэхээр ажиллуулах тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгө нь алга байна. Мөнгө банкинд бий ч хүү нь өндөр гэсэн зовлонтой. Жижиг дунд үйлдвэрийнхэнд хаягласан бага хүүтэй цөөхөн төгрөгийг нь боломж бололцоотой хэсэг нь түүгээд авчихдаг. Ийм шалтгаанаар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр гаргая гэж бодоод явсан. Гэтэл явсаар байгаад хөдөө аж ахуй дээрээ л тулаад оччихож байгаа юм. Хөнгөн үйлдвэрлэл гэхэд л ноос ноолуурын асуудал гараад ирэх жишээний. Ноолуурын тухайд бэлтгэн нийлүүлэх шатнаас нь эхлээд анхаарах шаардлага бий болчихоод байна. Хүнсний үйлдвэр гэхээр мөн л хөдөө аж ахуйтай холбогддог. Ийм учир шалтгаанаар “Шинэ хөдөө” хөтөлбөр хэрэгжүүлээд хэдэн жил болж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ есөн тэрбум орчим төгрөг зарцуулаад байна. Сүүлийн үед энэ мэтчилэн хүн рүү хандсан хөрөнгө оруулалтад түлхүү анхаарах болсон. Хөрөнгө оруулалт гэдэг юмыг сургууль, цэцэрлэг барих төдийгөөр төсөөлдөг алдаа дарга нарт байна. Ард иргэдээ дэмжье гэсэн сэтгэлгээ тогтож өгөхгүй байх шиг санагддаг. Нөгөө талаас нь харвал иргэдийн хувьд халамж тэтгэлэг л сонирхоод байхаас яг бизнесийн чиглэлд анхаарч байгаа нь харьцангуй цөөхөн болчихож. Нэг суман дээр гэхэд сум хөгжүүлэх сангаас төслийн зээл хүсээд явдаг цөөхөн иргэн л байдаг. Сумын иргэд нэгдээд айраг, сүүний гэх мэт үйлдвэрлэлээ дэмжье гэх мэт бизнес сэтгэлгээ үгүйлэгдэж байгаа.
-Шинэ сэргэлтийн бодлогод туссан төслүүд хэрэгжээд эхэлбэл ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьжиргаа дээшлээд ирэх байх, тийм үү?
-Бүтээн байгуулалтууд эхлэхээр ажлын байрууд бий болно. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бүрэн хүчин чадлаараа ажиллаж, нүүрс тээвэрлээд эхэллээ гэхэд төмөр зам дээр ажиллах хүчин дутагдаж эхэлнэ. Хөрөнгө оруулалт гэсэн өнцгөөс нь хараад байгаа хэр нь боловсон хүчин гэдэг өнцгөөс харж чадахгүй байна. Төслүүд хэрэгжээд эхлэхээр хүссэн хүсээгүй боловсон хүчин, ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьжиргаа дээшлээд ирнэ.
-Жижиг, дунд үйлдвэрлэгчид рүү чиглэсэн дорвитой дэмжлэг гэвэл та юуг онцлох вэ?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийгдсэн ажлуудаас 10 их наядын хөтөлбөрийг онцолж хэлмээр байна. Өмнө нь бид бага хүүтэй зээлийг жижиг дунд үйлдвэрлэлийн төсөлд жилд дунджаар зуун тэрбумаар л гаргадаг байсан. Эхний зээлүүдийг нь мэдээлэлд ойрхон нь авлаа гэх мэт хэл үг гарсан. Дараа дараагийн зээлүүдийн хувьд асуудлуудаа тодорхой хэмжээнд шийдсэн. Үүний дараа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээч гэсэн саналыг аж ахуйн нэгжүүдээс ирүүлдэг болсон. Гэтэл юун 100 тэрбум, хоёр их наяд орчим төгрөг банкны зээл болоод гарчихлаа. Иргэдийн гар дээр очиж байгаа маш том эргэлт. Хөдөөгүүр явж байхад энэ зээлийг авсан гэхээс илүү аваагүй гэж дуугарч суугаа нь маш олон байгааг онцлохгүй орхиж болохгүй. Банк баталгаатай харилцагчдаа л зээл өгөөд байгаа, шинээр бизнес хийх хүсэлтэй иргэдэд зээл өгөөгүй гэх мэт асуудал бий юм билээ. Төгсгөлд нь ахиад онцлоход Шинэ сэргэлтийн бодлогод нэн тэргүүнд анхаарах салбаруудаа онцолсон нь олзуурхууштай санагдаж байгаа. Эрүүл мэнд, боловсролын дараа жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжээч гэсэн саналыг түлхүү хэлсээр ирсэн л дээ. Шинэ сэргэлтийн бодлого яг ийм зарчмаар хэрэгжих гэж байна. Эрчим хүч, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хот болон боомтын асуудлуудаа онцгой анхаарахаар болж, зургаан том салбараа бариад авна гэдэг маш том ач холбогдолтой. Олон юм руу самгардахгүйгээр ингэж төвлөрөх нь эдийн засгийн хөгжилд маш том эерэг нөлөө үзүүлнэ. Эцэст нь ахиад онцлоход хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтад л анхаармаар байна.
М.МӨНХЦЭЦЭГ