Categories
мэдээ улс-төр цаг-үе

Нийслэлийн хөрөнгө оруулалтын 29 тэрбумыг 420 тэрбум болгож чадсан Д.Сумъяабазарт итгэхээс өөр яах билээ

Өнгөрсөн баасан гаригт болсон нийслэлийн МАН-ын хорооны 35 дахь бага хурал /дөрвөн жилд нэг удаа болдог/-аар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг бага хурлын гишүүдийн 99.51 хувийн саналаар улираан сонголоо. Түүнийг Монголын хүн амын тал хувь ажиллаж, амьдарч буй нийслэлийг цааш нь аваад явах юм байна гэсэн үнэлэлт, дүгнэлт өгч, нийслэлийн намын бага хурлын нийт 499 төлөөлөгч ийнхүү итгэл хүлээлгэжээ. Ирж байгаа цаг хугацаа магадгүй өнөөдрийнхөөс ч хүнд байхыг үгүйсгэхгүй. Үүнийг МАН мэдэж байгаа, Д.Сумъяабазарт ачааны хүндийг үүрүүлээд цааш явъя гэж шийдсэн юм байна.

Д.Сумъяабазарыг магтан дуулах шалтгаан алга. Харин дүгнэх шалтгаан бол байна. Хорин настай залуу тамирчин байхаас аварга болох хүртэл нь олон удаа ярилцлага авч. Улс төрд орсон цагаас нь хойш чамгүй сайн ажиглаж анзаарч, шүүмжилж гоочилж бичиж ирсний хувьд шүү. Их спортын төлөвшил, спортын сэтгэл зүй гэдэг хүнийг эцэж цуцашгүй болгодог, зорьсондоо хүрэх чанар, ямар ч ачаалал даах тэвчээр суулгадаг. Зан араншингийн хувьд ямар ч хүнтэй түрүүлээд мэндлэх хэмжээний зөв харьцаа суулгадаг. Цаашлаад хэлсэндээ хүрэхийг хичээнэ, ядаж л хүнтэй эргэж ярина гэсэн бол заавал утсаар залгах хэмжээний хандлага түүнд бий. Д.Сумъяабазарын их спортын орчинд залуу насаа өнгөрөөсөн нь их улс төрд мөн ч их хэрэг болж байна даа гэж дүгнэснээ энд бичиж байна. Энэ бол магтаал биш дүгнэлт. Дүгнэлтийн дараа сонголт явагддаг шүү дээ. Ямартаа ч тэр нийслэлийн МАН-ын хороог дахиад дөрвөн жил удирдахаар сонгогджээ. Хувь хүн рүү нь ялимгүй өнгийхөд ийм. Үүнээс цааш зан чанарууд бий л дээ, гэхдээ болно. Одоо түүний төрийн ажил, хотын ажил нь ямар байна вэ.

Өнөөдөр нийслэлд асуудал маш их. Наад зах нь түгжрэлийг яаж шийдэх юм бол, Д.Сумъяабазар дарга нь. Түүнд гарц шийдэл хариултууд бий. Тухайлбал, тэрбээр “Хотын түгжрэлийг би 2024 он хүртэл 50 хувь бууруулахыг зорьж байна. Хүмүүс зарим нь итгэхгүй байгаа юм. Гэсэн ч би их том амлалт өгч байгаа” гэсэн. Хамгийн хүнд цаг үед хотыг удирдаж байгаа Д.Сумъяабазарт амлах нь хамгийн эрсдэлтэй ч тэр амлаж байна. Ингэж амлах шалтгаан түүнд байна. Учир нь тэрбээр өмнөх хотын 34 даргыг бодвол өнөөдөр Эрх зүй болоод эдийн засгийн чадамжтай болж байгаа нийслэл хотыг удирдаж байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа УИХ-аар шинэчлэн батлууллаа. Энэ бол их хотын “Үндсэн хууль”. Энэ бол дагалдах 19 хуультай том хууль. Энэ хуулийн хүрээнд хотын дүрмийг тэрбээр гаргаж батлуулна. Мөн хотыг стандарттай болгохоор ажиллаж байна. Аливаа хөгжсөн нийгэм, хөгжсөн улс орон, хөгжсөн хот суурин бүхэн бүх газартаа стандарттай, тэр стандартын дагуу л нийгмийн бүх амьдрал өрнөдгийг хэлдэг юм. “Хамгийн сайн стандарттай улсыг л хамгийн сайн хөгжсөн улс гэнэ” гэсэн үг Европт байдаг юм. Тэгэхээр тэр ямар ч байсан хотыг хууль эрх зүйн чадамжтай, боломжтой болголоо. Энэ хуулийн үр дүнд Улаанбаатар хот оны эхнээс эхлээд өөрийн бонд гаргах боломжтой, концесс зарлах боломжтой, хотын дарга өөрөө Засгийн газрын гишүүний хэмжээний статустай байх боломж нээгдлээ. Тэрбээр Засгийн газрын хуралдаанд асуултад хариулах гэж дуудагдаж очдог байсан бол одоо 7 хоног бүр албан ёсоор Засгийн газрын хуралдаанд сууж байна. Нийслэлийн эрх зүйн чадамж эндээс эхэлнэ. Нийслэлийн иргэдийн зарим нь төдийлөн анзаарахгүй байгаагаас биш энэхүү Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар маш олон боломжууд нээгдсэн шүү. Үүний үр дүн гардаг юм бол Д.Сумъяабазарын үетэй холбох нь маргаангүй.

Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлын хамгийн том нь санхүү, мөнгөний эх үүсвэрийн дутагдал. Мөнхөд энэ асуудал л шүдний өвчин нь байж ирсэн. Өнгөрсөн бүхий л цаг үед шүү. Монголын бүх зовлонгийн ихэнх нь нийслэлд бий. 2021 оны төсөвт ердөө 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал тусгасан харагдаж байв. Үүнд Д.Сумъяабазар 2022 оноос эхлэн цэг тавьж байна. Энэ асуудлаар Сангийн яамтай нэлээн сайн ярилцаж зөвшилцсөн байдаг. Ерөнхий сайд түүний саналыг дэмжсэн. Ингээд Засгийн газрын 146 дугаар тогтоолоор Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлж буй 420 тэрбум төгрөгийг хотод нь үлдээхээр болсон. Энэ мөнгөний эх үүсвэрийг эхний удаад хотын түгжрэлд зарцуулна гэдгээ зарласан. Гэхдээ мэргэжилтнүүдийн тооцоогоор 1.5 сая хүн амтай, дээр нь жил бүр 70 мянган хүнээр нэмэгдэх нийслэлд энэ мөнгөөр түгжрэлийг шийдчихгүй гэдэг тооцоог гаргасан байна лээ. Дээр нь 650 мянган машин өдөр бүр багтаж ядан хөдөлгөөнд оролцож байгаа нийслэл гэнэ. Гэхдээ 29 тэрбумыг нэг жилийн дотор 420 тэрбум болгож чадсан түүнд ирэх дөрвөн жилд итгэхээс өөр яах билээ. Нийслэлийн татвар төлөгчдийн 420 тэрбум төгрөгийг 21 аймаг, 330 сум руу тараагаад алга болгодог байсан шударга бус хуваарилалтад цэг тавьсан Д.Сумъяабазарыг үүнийх нь төлөө магтаад ч яах юм, гэхдээ муулахгүй өнгөрье. Энэхүү 420 тэрбум төгрөгийн шийдвэр гадны хөрөнгө оруулагчдад маш эерэг мэдээ болж очсон. Гадныхны зүгээс Улаанбаатар хотод хууль эрх зүй, засаглалын хувьд ийм сайн боломжуудыг төр засгаас нь бэхжүүлж өгсөн юм байна. Хот нь бие даан хөгжих боломж нь бүрджээ гэж тэд үзжээ. Улаанбаатар хоттой шууд хөрөнгө оруулалтын хэлбэрээр хамтарч ажиллах саналыг Олон улсын санхүүгийн байгууллагууд тавиад эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт Хөгжлийн банк… зэрэг цөөнгүй газраас хамтран ажиллах гэрээ хэлцлүүд хийгдээд эхэлж. Энэ бол сэргэлт, энэ бол эдийн засаг, энэ бол бизнес. Эрх зүйн болоод эдийн засгийн чадамжтай, бие даан хөгжих боломжтой нийслэл хот гэж үүнийг хэлээд байгаа юм. Өнөөдөр бид дотроо хотыг шүүмжилсээр байгаа ч гадна талдаа бол хандлага ийм л эерэг байна. Тэр байтугай “Та нар цар тахалыг яаж ингэж хохирол багатай даван туулж байна“ гэсэн гадныхны гайхширал байгааг хотын дарга ярихгүй л байгаа. Тэр нь ч дээр биз, мушгин гуйвуулна шүү дээ. Одоо тэрбээр нийслэлийн ИТХ-аар хотын дүрэм, хотын стандартаа оруулж батлуулахаар бэлдэж байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах боломжгүй асуудлыг энэхүү “Хотын дүрэм”-ээр зохицуулна. За тэгээд стандарттай хот болохын төлөө зорино. Энэ бүхэн Монголын нийслэлийг уруудаж явна гэж харагдуулахгүй байна. Ямар ч байсан өөдөө байна.

Түүний саяхан хэлсэн нэг үг санаанд байна. “Монгол хүний чадамж өсч байгаа, цаашид ч өсөх ёстой. Үүнийгээ бид анзаарахгүй байх шиг. Биднийг төмөр зам барьж чадахгүй гэж өчнөөн л пиар явсан. Газрын тосны үйлдвэр барьж чадахгүй гэсэн пиар яваад л байна. Одоо баганан тулгуурт галт тэргийг хийж чадахгүй л гээд байгаа юм. Монгол хүн чадах ёстой. Гарцаагүй хийх ажил дээр гадныхантай хамтарч, бид суралцах ёстой. Бусдыг чадах ёстой, хийх ёстой” гэж. “Чадна, чадах л ёстой” гэсэн энэ үг бол улстөрч хүний өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн чанар, хувь онцлог. Ийм сэтгэл зүй л ажлын ард гардаг.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нийслэлд нэр дэвшүүлсэн 24 мандатаас 22-т сонгогчдын олонхын дэмжлэг авч, 91.7 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсан. 2020 оны НИТХ-ын сонгуульд “Нийслэлийн хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцож, нийслэлд 34, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 200 нэр дэвшигч нь сонгогчдын олонхын санал авсан. 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтаар МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн хэмжээнд нийт сонгогчдын 60 хувийн санал авч, итгэл төгс ялалт байгуулсан. Энэ бүхэнд түүний гүйцэтгэсэн үүрэг их учраас намынх нь Удирдах зөвлөл түүнийг дүүрэн дэмжиж байгаа. Тийм болохоор тэрбээр улс төрийн дэмжлэгээр дутахгүй. Энэ нь түүний бас нэг давуу тал юм.

С.СЭРГЭЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *