Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Үйлдвэр, уурхайгүй бол үүднээс дээш гарахгүй юм байна л даа

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г сая гаргажээ. Судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлох юм байна. Тус төвөөс аймаг бүрийн давуу болон сул талыг тогтоож, өрсөлдөх чадварын боломж, чадавхыг үнэлж, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлдгээрээ ач холбогдолтой юм.

Сая бол 175 үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлжээ. Голлох үзүүлэлтүүд нь бол эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн суурь үндэслэл юм байна. Энэ жилийн хувьд Дорноговь аймаг өрсөлдөх чадвараараа 21 аймгийг анх удаа тэргүүллээ. Сүүлийн таван жил тэргүүлсэн Орхон аймаг хоёрдугаар байранд шилжив. Өнөөх л Булган, Завхан, Дундговь, ГовьАлтай аймгууд сүүл мушгидгаараа мушгилаа. Яасан хөгжиж дээшилдэггүй аймгууд вэ. Булган аймаг лавтай сүүлийн гурван жил адагт орж байна. Эдгээр тэргүүлсэн хийгээд адагт орсон аймгуудыг хооронд нь харьцуулаад харахад шалтгаан нь хэнд ч тодорхой ойлгогдохоор байна даа. Дорноговь, Орхон, Өмнөговь, Дархан-Уул аймгууд бүгдээрээ уул уурхайтай, түүнийгээ дагасан их бага үйлдвэр, жижиг дунд бизнесүүдтэй аймгууд. Өрсөлдөх чадвараараа тэргүүлж байгаа нь ерөөсөө л энэ. Уул уурхайг орон нутагтаа хөгжүүлж байгаа нь тэдний өрсөлдөх чадвартай байгаагийнх. Ер нь бол “Аймгуудын өрсөлдөх чадвар” гэж сэнтэг бичээд байгаагаас бус бодит утгаараа тухайн аймгийн ард иргэдийн амьдрал ахуй, жижиг дунд бизнес эрхлэгчдийн ашиг орлого, татвар төлөлт сайн муу байгаа үзүүлэлтийг л хэлээд байгаа хэрэг. Нэг үгээр бол Дорноговь аймгийн ард иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийнх нь тэнхээ сайн, тэд чөлөөт нийгэмд өрсөлдөх бүрэн чадвартай болсон байгааг “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-д тусгасан үйл явц юм.

No description available.

Дорноговь аймаг энэ жил юугаараа дээшлэв. Хүн бүрд харагдаж байгаагаар бол тэр аймгийн нутагт шинээр төмөр зам тавигдлаа. Таван толгойгоос Зүүнбаян хүртэл 420 км төмөр. Энэ төмөр зам нь Дорноговь, Өмнөговийн нутгуудад байгаа стратегийн хийгээд эдийн засгийн өндөр үр ашиг авчрах ирээдүйтэй, зарим нь үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн томоохон 30 гаруй ордыг дайран өнгөрч байгаагаараа онцгой ач холбогдолтой юм. Хүмүүсийн мэдэж байгаагаар Дорноговь аймгийн нутагт байгаа, үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн Цагаан суварга, Хармагтайн ордууд гэхэд эдийн засгийн үр өгөөжөөрөө Сайншанд, Зүүнбаянг цаашлаад Монголын дорнын говийг хөгжлийн баян бүрд болгож чадах ордууд. Ердөө аравхан жилийн дотор шүү. Дээр нь энэ аймагт ураны хайгуул, туршилтын олборлолтын Арева компани үйл ажиллагаа явуулж байна. Францын энэ компанитай дорноговьчууд маш ухаалаг харьцах хэрэгтэй. За тэгээд Сайншандын Аж үйлдвэрийн парк ямар ч байсан урагшилж байна. ЗамынҮүдийн чөлөөт бүсийн ажил өмнөх шигээ биш, бодитойгоор урагшаа хөдөлсөн. Цахилгаан станцынхаа тохируулгыг хийчихсэн, санхүүжилт нь шийдэгдсэн учраас одоо бусад ажлууд нь явагдаж байна. Цар тахлын хаалттай энэ цаг үед Замын-Үүдийн чөлөөт бүсээ бид ашиглалтад оруулчихсан байсан бол ингэж хил, гааль дээр бүх ачаагаа гацааж баларч суухгүй байсныг амьдралаараа ойлголоо. Бид ойлгоод яахав, гол нь Монголын төр засаг илүү сайн ойлгосон учраас тийшээ онцгой анхаарч байна. Өндөр хүчин чадалтай Монполимет компанийн цементийн үйлдвэр Дорноговьд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Хамгийн сайн нь төмөр зам, засмал замаа дагуулж уул уурхайн үйлдвэрлэлүүд, сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр, Аж үйлдвэрийн паркаа явуулж байна. Мөн Монгол Улсын эрдэс баялгийн экспортод голлох нөлөө үзүүлж байгаа төмрийн хүдрийн экспортыг атгаж байгаа УИХын гишүүн Дэлгэрсайхан тус аймгаас сонгогдсон УИХын гишүүн байгаа нь энэ аймаг ирээдүйг уул уурхайтай зөв холбож, чиглүүлж байгаа байж ч мэднэ. Удахгүй дорноговьчууд уул уурхайнхаа хүчээр Монгол Улсдаа дийлдэхгүй өндөрт гарах биз ээ. Ер нь Монголын ирээдүй Дорноговь аймаг болж эхэлж байгаагийн эхний шинж тэмдэг нь ийнхүү аварга том Эрдэнэт үйлдвэрийг ардаа хийж, 21 аймгаа өрсөлдөх чадвараараа тэргүүлж эхэлсэн явдал шүү.

Эхний байруудад орсон Орхон, ДарханУул, Өмнөговь аймгууд мөн бүгд уул уурхайтай, түүнээ дагасан том, жижиг үйлдвэрүүдтэй аймгууд. Эрдэнэт үйлдвэр, түүнийг дагасан ямар олон бизнес, жижиг дунд үйлдвэрлэлүүд урагшилж байна. Өмнөговь бол Монголын уул уурхай, эрдэс баялгийн голомт, Оюу толгой, Таван толгой, баруун тал руугаа Гурвантэсийн МАК-ийн нүүрсний уурхай, түүнийг дагасан засмал зам, дэд бүтэц гээд. Зөвхөн Ханбогд сум гэхэд аймгаасаа том суурин, хөгжлийн төвлөрөл болох нь. Өмнөговьчууд уул уурхайн хөгжлийн амтанд орчихлоо, түүнийгээ дагаад ард түмнийх нь амьдрал эрс дээшилж байна. Тэр байтугай хотын цөөнгүй компани Өмнөговь аймгийн харьяат, тэнд бүртгэлтэй болж эхэлж байна. Учир нь Өмнөговьд цаашид бүтээн байгуулалтууд, уул уурхайгаа дагасан бизнесийн олон салбар хөгжих нь тодорхой болсон учраас нийслэлээс дайжиж шууд Өмнөговь аймгийн Татварын албанд бүртгүүлж эхэлж байна шүү дээ. Энэ чинь хөгжил. Дархан-Уул аймгийг хар. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, дээр төмрийн хүдрийн уурхай энэ аймагт л цэцэглэж байна. Түүнээ дагаад өрсөлдөх чадвар нь улам дээшилж байна. Сүхбаатар аймаг энэ жилээс өрсөлдөх чадварын засаглалын үр ашгийн үзүүлэлтээрээ дээшээ гараад ирлээ. Тэр нутаг уг нь АлтанОвоо, Шилийн богд, Ганга нуур… гээд байгалийн үзэсгэлэн төгсөөрөө олны анхаарлыг татдаг, олны хөл тасардаггүй, байгаль орчны үнэлгээ, хамгаалалт сайнтай, уул уурхайд дургүй байхаар аймаг. Гэтэл тэд ухаалаг байна. Монголын стратегийн анхны таван ордын нэг болох Цайртминериаль компанийг Сүхбаатар аймгийн ард иргэд үргэлж дэмжиж, тэднийхээ дэмжлэгээр ч аймгийнхаа эдийн засгийн чадавхыг сайжруулаад эхэллээ. Үүнд аймаг орон нутгийн удирдлагууд нь онцгой үүрэгтэй оролцож байгаа нь Сүхбаатар аймгийг Цайрын олборлолтоороо дээшээ гарах замыг засчихлаа. Уул уурхайгаа дэмжиж хөгжүүлж, хөгжлөө хурадсгаж байгаагийн сүүлийн нэгэн тод жишээ Сүхбаатар аймаг боллоо.

Тэгвэл 21 аймгийн адагт байнга байгаа Булган аймгийг хар. Айргаа зараад амьдралаа дээшлүүлж, аймгаа хөгжүүлчихнэ гэж бодож явсаар үндсэндээ баларлаа. Аймгийн төвд нь ажлаар очихдоо амарчих гайгүй ганц зочид буудал ч алга байна шүү дээ. Нэг л их анхдагчдын өлгий гэж ярихаас цаашгүй сууцгааж байна. Уул уурхайн хөгжил ярихаар Булганхангай нутгийг маань бузарлалаа гэж цамнасан хүмүүс. Заамарт үйл ажиллагаа явуулж байгаа алтны томоохон компаниудын цөөнгүй нь Булганы нутагт лиценз эзэмшсэн ч одоогоор ганц нь ч үйл ажиллагаа явуулж чадахгүй орон нутгийн иргэдийн хоригт байна. Тэгсэн хэрнээ аймгийн төвдөө 40 метр бурханы дүр босгож хөгжиж цэцэглэнэ гэх шиг юм ярьж найр наадам хийгээд явцгааж байна. Аймгийнхаа төвд ядаж найман давхар ганц үйлчилгээний төв ч юмуу, зочид буудал, нийслэл дэх нэртэй сүлжээнүүдийн салбар ресторан байгуулчихаж чадахгүй сууцгааж байна. Нийгэм солигдоод 32 жилийн нүүрийг үзэж байна шүү дээ. Уг нь Булган аймагт чинь алтны асар их нөөцтэй ордууд сумдад нь байна. Нэг уурхайг нь ажилд оруулаад аймгийнхаа хөгжилд, ард түмнийхээ амьдралд нэмэр болцгоо л доо.

Завхан аймаг гэж баахан хутагтын өлгий гэж ярихаас цаашгүй уул уурхайг үзэн ядсан ард түмэн байна.

Тэгээд юугаараа хөгжих гээд байгаа аймаг, ард түмэн бэ. Аялал жуулчлал уу, улаан сонгино, сармисаа зараад уу. Отгонтэнгэр хайрханд чинь хүн нэг л удаа аялж очно шүү дээ. Танай нутагт коксжих нүүрсний гайхамшигтай том орд байна. Алтны ордууд байна. Бүгдийг завханчууд эсэргүүцнэ. Тэгсэн хэрнээ алслагдсан, амьдрал ядуу байгаагаа үргэлж ярина. Аливаа айл өрх, улс орон чинь мөнгө хамгийн сайн олж байгаа ажлаа эхлээд дэмждэг, тэгж байж хөл дээрээ босдог. Гэтэл мөнгө хамгийн сайн олох уул уурхайгаа эсэргүүцэж, тэр хутагтын төрсөн бууц, энэ хутагтын ундаалсан ус мөрөн гэж солиорсоор 32 жил болсны эцэст өнөөдөр байж байгаагаа харцгаа. Аймгийн удирдлагууд нь хэвлэл мэдээллээр “Манайх уул уурхайгүй ганц аймаг” гэж бахархангуй ярих нь үнэндээ “Манай аймгийн ард иргэд хамгийн ядуу амьдрах сонголтыг хийсэн” гэж хэлж байгаа юм шиг сонсогддог.

Адагт яваануудын нэг Говь-Алтай аймагтай үнэндээ юу ч ярихав дээ. Одоогоос 10 гаруй жилийн Дундговь аймагт анх удаа очоод “Ийм аймаг, аймгийн төв гэж ч юу байхав дээ” гэж дорой байдлыг нь хараад гутарч байлаа. Хэд хоногийн дараа ажлын шаардлагаар Говь-Алтайд анх очлоо, дэргэд нь Дундговь аймгийн төв Лас Вегас шиг санагдаж байсан гэж бод доо. Говь-Алтайн төвд хоёр ширхэг гайгүй царай зүстэй барилга байсны нэг нь Хаан банкны барилга, нөгөө аймгийн МАН-ын хороо байж билээ. Айлуудынх нь ууж байгаа усны савны ёроолд тэр чигээрээ цагаан шохой туначихсан. Арай л дэндүү байсан даа. Сүүлд харин Соёлын төв шинэ барилга ашиглалтад орж, нэлээд хувийн хаусууд баригдаж… энэ тэнд гайгүй царай зүстэй барилгатай, аймгийн төвийн хажууд байдаг толгой дээрээ хөшөө барьж, хэдэн мод шод тариад нэлээд гайгүй сумын төв шиг болсон байна лээ. Бас л уул уурхайгаа дэмжиж, тэндээсээ ашиг хүртэж аймаг орноо хөгжүүлж чаддаггүй аймаг. Сонгууль болно, их бага, том жижиггүй үхэх гэж байгаа юм шиг МАН-аас нохой ч нэр дэвшсэн сонгоно. Сүүлийн 32 жилд Ардчиллаас нэг ч хүн сонгож үзээгүй Монголын ганц аймаг. Одоо байгаа царайг нь хар, хөгжлийн адагт, өрсөлдөх чадвараар Булганы ард орчихгүй байгаа нь Цээл суманд байдаг Алтайн хүдэрийн уурхайтай холбоотой байх. Уг нь бол Бигэрийн Алтан тэвшийн алтны ордыг аймаг орноороо дэмжээд хөдөлгөвөл дээшээ хөгжиж дэвжиж болох алс хязгаар нутаг юм.

Гэх мэтээр “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-гаас харж байхад уул уурхайтай аймгууд нь хөгжиж байна. Уул уурхайгаа ад үзэж, үргэлж хориг цээр тавьж байдаг аймгууд нь адагт явж, улмаар ард түмэн нь ядуу, дорой амьдарч байна. Уг нь бол уул уурхайгаа хөгжүүлж байж л 21 аймаг маань ирээдүйн сайн сайхнаа бүтээнэ. Ямар ч хүн үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө амьдардаг, ажилладаг. Тэгвэл уул уурхайг уландаа гишгэж, үргэлж эсэргүүцэж ирсэн дээрх аймгийн ард иргэдийн зүгээс үр хүүхдээ ирээдүйд сайн боловсрол эзэмшүүлж, сайхан амьдруулъя гэж байгаа бол аймаг орон нутагтаа уул уурхай, эрдэс баялгийн уурхайнуудыг төрөл бүрээр нь хөгжүүл, дэмж, өндөр татвар ав, тэгж гэмээнэ танай гэр бүлийг сайхан ирээдүй хүлээж байна. Дорноговь, Өмнөговь аймгуудын төвд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сайн сургуулиуд яагаад салбараа байгуулж байна, баян компаниуд говийн энэ хоёр аймагт салбараа нээж, зарим нь шилжиж очиж, дэлхийн брэндүүд тэнд үйл ажиллагаа явуулаад эхлэв. Уул уурхайгаас л их мөнгө олдож байна. Тийм учраас тийшээ хөгжил нүүж очоод байна. Уул уурхайгаа дэмжиж, хөгжүүлж чадвал Булган, Завхан, Дундговь, Говь-Алтай аймгууд руу хөгжил мөн л аяндаа урсаж очно. Тэгж чадаагүйнхээ горыг одоо амсаж байна шүү дээ. Үйлдвэр, уурхайгаа хөгжүүлэхгүй бол үүднээс дээш гарахгүй дорой амьдарсаар дуусч мэдэхээр байгаагаа…

Б.Нямаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *