Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувьд хүргэх шийдвэр гаргажээ. Мөн төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувь болгосон юм. Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд уул уурхайн бус экспорт, боловсруулах аж үйлдвэрийн салбарт олгох урт хугацаат репо арилжааны санхүүжилтийн нөхцөлийг өөрчлөхөөр шийджээ.
КОВИД-19 вирусын Омикрон хувилбарын тархалт эрчимжиж, дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх төсөөллөөс муудаж, тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдлоос үүдэн зардлын инфляц олон улс оронд огцом нэмэгдэж байна. Манай улсын хувьд мөн адил гадаад худалдааны тээврийн саатал үргэлжилснээр импортын барааны үнэ нэмэгдлээ. Мах, хүнсний ногоо, шатахуун, импортын барааны үнэ нэмэгдсэн нь бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хүлээлтээс ихээр өсгөлөө. Жилийн инфляц 2021 оны 12 дугаар сард улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарав. Эрэлтийн шалтгаантай инфляц эдийн засгийн идэвхжилийг даган алгуур нэмэгдэх хандлага хэвээр байгаа бол нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын цаашдын төлөв хилийн хязгаарлалт, тээвэр, логистикийн саатлыг хэр богино хугацаанд шийдвэрлэхээс голлон хамаарахаар байна.