“Дижитал боловсрол” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд Ухаалаг самбар хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Дижитал аймаг болох бэлтгэл ажлын хүрээнд Увс аймгийн Засаг даргын тамгын газраас “Sankou Marketing Mongolia” ХХК-тай хамтран MAXHUB брендийн ухаалаг самбарыг Увс аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд хүлээлгэн өгөх, заах арга зүйн үзүүлэх сургалтыг зохион байгуулах арга хэмжээ ийнхүү биелэлээ олоод байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас энэ онд бүх салбартаа Дижитал шилжилтийг нэвтрүүлж, цахим аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Дижитал аймаг иж бүрэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх чиглэлээр “Ай Си Ти групп” ХК /”ICT ГРУПП”/-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Мөн аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдаанаар Увс аймгийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд боловсрол, эрүүл мэндийн салбарт дижитал шилжилтийг эхлүүлэхээр төсөв, хөрөнгө суулган баталсан юм.