Хятадын албаныхан гадаадаас импортоор орж ирсэн хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээр халдвар тархаж байна гэсэн таамаглалаа ийнхүү олон давтав. Харин эрдэмтэд энэ таамаглалд эргэлзсэн байр суурьтай байна. Бээжин хотод омикрон хувилбараар оношлогдсон эмэгтэй гадаадад аялсан түүхгүй боловч илгээмжээр авсан зүйлээс нь халдвар илэрсэн гэж тэд мэдээлж байна. Иймд илгээмжээс омикрон хувилбарын халдвар тархсан байж магадгүй гэж үзсэн Бээжингийн албаныхан иргэдэд гадаадаас бараа захиалж авахгүй байхыг зөвлөжээ..
Бээжин хотод хоёрдугаар сарын 4-нд өвлийн олимпийн наадам нээхээс хэдхэн хоногийн өмнө ийнхүү халдварлах чадвар өндөртэй омикрон хувилбарын халдвар бүртгэгдлээ.
Улмаар Хятадын албаныхан өчигдөр /2022.1.17/ мэдээлэхдээ, олимпийн наадмын нээлт болон тоглолтын тасалбарыг олон нийтэд худалдахгүй, зөвхөн сонгогдсон хүмүүсийг оролцуулна гэж мэдэгджээ. Гэхдээ хүмүүсийг хэрхэн сонгох, ямар халдвар хамгааллын дэглэм баримтлах тухай тодорхой мэдээллээгүй байна.
Бээжин хотын эрүүл мэндийн албаны ажилтан Пан Шинхуогийн мэдээлснээр, омикроны халдвар авсан тухайн эмэгтэйд Канад улсаас ирсэн захидлын гадаргуугаас цар тахлын вирусийн ул мөр илэрсэн аж. Түүнчлэн Канадаас ирсэн өөр олон захидалд шинжилгээ хийхэд таваас нь вирусийн ул мөр илэрчээ. Харин Хятадын Халдварт өвчнийг хянах төвөөс гадаад улсаас илгээмжээр халдвар тархаж байна гэх таамаглалыг баталгаажуулах боломжгүй гэж мэдэгдэв.
Бээжин өвлийн олимпийн наадам зохион байгуулахтай холбоотойгоор “цар тахлыг тэглэх” стратеги хэрэгжүүлж, олон нийтийг шинжилгээнд хамруулах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, биеийн температур хэмжих, гар утасны аппликейшн хэрэглэх зэргээр арга хэмжээ авч буй.