Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Замын-Үүдэд цэргийнхэн тээвэр хийж эхэлсэнтэй холбогдуулан, ажлын хэсгийг зохицуулах, чиглэл өгөх зорилгоор тус аймагт ажилласан. Хурлаас гарч ирсний дараа тээвэрчид амдан уулзаж, “Бидний ажлыг зогсоож, цэргийнхнийг яагаад оруулж ирсэн” талаар С.Амарсайханаас асуухад ийн хариуллаа.
“Цэргүүдийг тээвэрт явуулах болсон шалтгаан нь тогтвортой хилээр ачаа бараа оруулах юм. Гурав хоног хилээ нээгээд халдварын дэг алдагдсанаас болж хил хаагдсан. Дахин хилээ хаалгаж болохгүй. БНХАУ-ын талд 100 орчим тээвэрчдийг тусгаарлаж байгаа. Дахин дундын цэгт халдвар бүртгэгдэх юм бол 28 хоног тээвэр зогсоно. Алдаа гаргаж болохгүй байна.
Тээвэрчдийн ажлыг булаагаагүй. Дундын цэгт л алдаа гаргахгүйн тулд ийм шийдвэрт хүрсэн. Дундын цэгээс Замын-үүдэд ирсэн ачааг Улаанбаатар руу зөөх нь тээвэрчдэд нээлттэй. Нарийн яривал дундын цэгийн тээвэрт оролцох ч боломжтой гэдгийг өнөөдрийн уулзалтаар хэлсэн. Дундын цэгээс Замын-Үүдэд ирсэн жолооч бүр хоёр сар тусгаарлагдана. 5000 машин дундаас 50 хан машин оруулах шийдвэр гарсан. Энэ олон жолооч дундаас сонговол маш замбараагүй байдал үүсэх учраас тэр” хэмээн хариулав.