Categories
гадаад мэдээ

НАТО-ийн удирдлага ОХУ-д итгэлгүй байна


НАТО-ийн эвслийн улсуудын Гадаад хэргийн сайд нарын цахим уулзалтын дараа “Санал зөрчилтэй асуудлыг шийдвэрлэж улс төрийн дэвшилд хүрэхийн тулд бид мэдээж Оросын санаа зовж буй асуудлыг анхааралтай авч хэлэлцэх болно. Гэхдээ асуудлыг нааштайгаар шийдэхийн тулд оросууд эхлээд ам, ажлын зөрүүгээ арилгаж итгэлцэх нөхцөлийг бий болгох ёстой. Мэдээж НАТО ОХУ-тай яриа хэлэлцээр хийх л болно. Гэхдээ энэ хэлэлцээр амжилтгүй болно гэдэгт бид бэлэн байх ёстой” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг анхааруулав.

Мөн тэрээр “Европын Холбоо болон НАТО-гийн тэлэлт Европ тив даяар эрх чөлөө, ардчиллыг түгээхэд үнэлж баршгүй тус дэм болсон учир энэхүү үйл ажиллагаа цаашид ч үргэлжлэх нь ойлгомжтой. Иймээс НАТО-гийн хаалга Украин, Гүрж төдийгүй Финлянд, Шведийн хувьд ч нээлттэй” гэж нэмж мэдэгдэв.

ОХУ НАТО-г хэлсэн амандаа хүрэлгүй тус улсын хилд хэт ойртсон гэж өөрийн улсын Аюулгүй байдлын баталгааг АНУ болон барууны улсуудаас бичгээр гаргаж өгөхийг шаардаж байгаа бол НАТО нэг улс өөрийн нөлөөллийн бүс бий болгон бусад улсыг дохио зангаагаар удирддаг байсан цаг үе өнгөрч улс болгон өөрсдөө бие даасан шийдвэр гаргах эрхтэй болсон гэж үзэж байгаа юм. Тэр ч байтугай Европын Холбооны нөлөө бүхий албаны хүмүүс бид болон Украины төлөөлөл оролцоогүй АНУ, ОХУ-ын хэлэлцээрээс юу ч горьдох хэрэггүй. Хэрэв ОХУ өөрийн өнөөгийн байр сууриа эрс өөрчлөхгүй бол бидэнтэй хийх ОХУ-ын хэлэлцээр ч амжилтад хүрэхгүй гэж ил тод мэдэгдсээр байна. Тэгвэл “АНУ-ын засаг захиргаа ОХУ-тай хийх зөвлөлдөх уулзалтаар аюулгүй байдлын олон асуудлыг хэлэлцэх бөгөөд ирэх долоо хоногт Европт хийх яриа хэлэлцээний өмнө бид холбоотнууд болон түншүүдтэйгээ нягт холбоо харилцаатай байгаа” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Карин Жан-Пьер мэдэгдэв. “Бид асуудлыг бүхэлд нь хэлэлцэнэ гэж бодож байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. ХАБГБ-ын энхийг сахиулах хамтын хүчнийг Казахстанд оруулснаар Оросын нөлөө нэмэгдэхэд хүрнэ гэж АНУ санаа зовж байгаа эсэхийг тодруулан асуухад Жан-Пьер “Европт хийх хэлэлцээ өргөн хүрээний асуудлыг хамарна” гэж давтан хэлсэн байна.

Аюулгүй байдлын баталгааны асуудлаарх ОХУ, АНУ хоорондын хэлэлцээ нэгдүгээр сарын 10-нд Женев хотноо болно. Үүнээс гадна Орос-НАТО-гийн Зөвлөлийн хурал нэгдүгээр сарын 12-нд, ОХУ болон ЕАБХАБ-ын төлөөлөгчдийн хэлэлцээ нэгдүгээр сарын 13-нд болох юм. Мөн Казахстан, Украинд дайн дэгдвэл Кавказын нуруу болон Сирид дайны гал дахин дүрэлзэж, Беларусь улсад иргэдийн бослого гарна. Гэхдээ Казахстан, Украин, Кавказын нуруу, Сири, Беларусь гэсэн таван фронт зөвхөн ОХУ-ын хүчийг л сарниулах зорилготой байх болно. Гол фронт мөс нь хайлж худалдааны цоо шинэ зам бий болж буй жирийн иргэдгүй, зөвхөн цэрэг байрлаж байгаа Арктикт явагдана. Учир нь энэ шинэ усан замд хэн нөлөөллөө тогтоож чадсан нь дэлхийн худалдаанд тэргүүлэх байр эзэлнэ гэж олон улсын зарим шинжээчид дүгнэж байна. Бас орчин үеийн том улсуудын дайн хэт их хөрөнгө мөнгө, асар их хохирол учруулах тул ямар ч дайн болохгүй, эдгээр халуун цэгүүдэд ОХУ-ын хүн хүч, хөрөнгө мөнгө хий дэмий урсан, АНУ болон барууны орнуудын эдийн засгийн хоригийн нөлөөгөөр иргэдийнх нь тэвчээр барагдаж Оросын авлигажсан төр солигдон ардчиллын замд харьцангуй тайван замаар орно гэж үзэх судлаачид ч байгаа юм.


Израилийн судлаачдын хийсэн урьдчилсан судалгаагаар “Pfizer/BioNTech” компанийн “Ковид-19”-ийн вакцины дөрөв дэх тун эсрэг биетийн түвшинг долоо хоногт тав дахин нэмэгдүүлж байгааг тогтоосон нь өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүст дахин нэмэлт тунг санал болгох шийдвэрийг бататгажээ. Гэхдээ энэ нь урьдчилсан судалгаа бөгөөд хөндлөнгийн шинжээчид хараахан үнэлгээ дүгнэлт хийгээгүй байгаа юм. “Энэ бол сайн мэдээ. Дөрөв дэх тун вакцинд хамрагдсан хүмүүсийг халдвар авахаас, улмаар хүндээр өвчлөхөөс тодорхой хэмжээгээр хамгаална гэдгийг энэхүү үр дүн харуулж байна” гэж иргэдээ вакцины нэмэлт тунд хамруулах шийдвэрийг дэмжсэн Ерөнхий сайд Нафтали Беннетт мэдэгджээ.


Нефть олборлогч томоохон улсууд ирэх сард олборлолтоо аажмаар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсоны дараа нефтийн үнэ өсчээ. Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 91 цент буюу 1.2 хувиар өсч, 76.99 ам.долларт хүрсэн байна. Мөн Лондонгийн “ICE” биржид “Brent” маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх үнэ 1.02 ам.доллар буюу 1.3 хувиар өсч, 80 ам.долларт хүрчээ. Нефть олборлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд /ОПЕК+/ цахимаар хуралдаж, хоёрдугаар сард өдөрт олборлох нефтийн хэмжээгээ 400 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Мөн “ОПЕК” нэгдлийн шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар Кувейтын Хайсам аль Гайс сонгогдон юм. Өнгөрсөн даваа гаригт тусгай цахим бага хурал хуралдаж шинэ даргаа сонгосон бөгөөд Аль-Гайс наймдугаар сарын 1-нд тушаалдаа орно.


Их Британийн гол салбаруудыг гадны нөлөөнөөс хамгаалах зорилготой Үндэсний аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын тухай хууль тус улсад хэрэгжиж эхэлжээ. Шинэ хуулийн гол зорилгуудын нэг нь Их Британид чухал ач холбогдолтой аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг гадаадын хяналтад орохоос урьдчилан сэргийлэх явдал юм. Хууль зохиогчдын онцолж байгаагаар, энэ нь эрх баригчдад аюултай байж болзошгүй хэлэлцээ бүрийг нэг бүрчлэн авч үзэх боломжийг олгон, улс орныг хамгаалах хангалттай уян хатан байдлыг бий болгоно гэдгийг цохон тэмдэглэжээ. Шинэ журамд хамаарах эдийн засгийн гол 17 салбарын дунд эрчим хүч, иргэний зориулалттай цөмийн төслүүд, батлан хамгаалах, давхар зориулалттай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэр, сансар, хиймэл дагуулын технологи, хиймэл оюун ухаан, квант технологи, дэвшилтэт робот, синтетик биологи зэрэг салбар оржээ.


Польшийн Засгийн газар Беларусьтай залгаа хилийнхээ дагуу хана барихаар дотоодын хэд хэдэн компанитай гэрээ байгуулсан талаар Польшийн Дотоод хэргийн дэд сайд Мацей Васик мэдэгджээ. Ханыг өнгөрсөн 10 дугаар сараас хүчин төгөлдөр болсон хилийн аюулгүй байдлын тухай хуулийн дагуу барих аж. Энэхүү хуулийг Беларусаас олон цагаач иргэн хилээр нэвтрэхийг завдсаны дараа баталсан юм. Мөн Польш улс Ойрхи Дорнод, Африкийн иргэдийг хил давуулахгүйн тулд Беларусьтай залгаа хилээ хаагаад байгаа юм.

Европын Холбоо хүний эрхийн асуудалтай холбогдуулан Минскт хориг арга хэмжээ авсны хариуд цагаачдын хямрал үүсгэсэн хэмээн Беларусийг буруутгаж байгаа билээ.



BBC.CNN. REUTERS. RIA Novosti-гоос

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *