Categories
гадаад мэдээ

Европт коронавирусийн тархалт эрчимжиж байна

Европын орнууд коронавирусийн омикрон хувилбарын тархалтыг хяналтад авахаар тэмцэж буй ч халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тухайлбал өчигдөр Францад халдварын хамгийн олон буюу 179 807 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь Европын орнуудын дунд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Түүнчлэн Итали, Грек, Португал, Англид ч мөн улсын хэмжээнд урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлтүүд бүртгэгдсэн байна. Жишээ нь, Италид мягмар гарагт илэрсэн халдварын тохиолдлын тоо 78 мянга давсан нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Мөн халдварын улмаас 202 хүн нас барснаар ийм тохиолдлын нийт тоо 136 753-т хүрчээ. Харин Грекийн Эрүүл мэндийн сайд Танос Плеврис улсын хэмжээнд 21657 тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн нь өмнөх өдрийн хамгийн өндөр үзүүлэлтээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болсон юм. Халдварын тоо улс орнуудад ийнхүү нэмэгдэж байгаа нь зул сарын баяртай холбоотой аж. Олон судалгаагаар омикрон хувилбарыг дельтагаас хөнгөн өвчлүүлдэг, халдварласан хүмүүсийнх нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл 30-70 хувиар бага болохыг тогтоогоод байгаа юм. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Европт өвчлөл эрс нэмэгдвэл эмнэлгийн ачаалал улам бүр хүндэрнэ гэдгийг анхааруулсан юм. Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран ирэх нэгдүгээр сарын эхээр улсын хэмжээнд өдөрт 250 мянга гаруй тохиолдол илэрч болзошгүй байгааг анхааруулсан бол Францын Эмнэлгийн холбоо туйлын хүнд өдрүүд ирж байгааг сэрэмжлүүлсэн байна.

Ерөнхий сайд Жан Кастекс энэ долоо хоногийн эхээр хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийн талаар танилцуулсан бөгөөд үүнд нэгдүгээр сарын эхэн үеэс долоо хоногийн хамгийн багадаа гурван өдөрт нь гэрээсээ ажиллах боломжоор хангахыг ажил олгогчдод үүрэг болгох багтжээ. Мөн иргэдээ вакцины нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлж, хамгийн сүүлийн мэдээллээр 23 сая гаруй хүн нэмэлт тунг тариулаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *