Categories
мэдээ улс-төр

Агаарын хөлөг, түүний эд анги, тоног төхөөрөмжийг татвар хураамжаас чөлөөлнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд танилцуулав. Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцууллаа. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо өнөөдөр төслүүдийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулсан байна. Төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжсэн талаар танилцууллаа.


Гаалийн тариф, гаалийн татварын тухай төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийлснээр, эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-нд Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсноор тус байгууллагын гишүүн 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодлого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах боломж бүрдсэн. Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд 32 улс нэгдсэн орсон. Хэлэлцээр нь цэргийн зориулалттайгаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгах, тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн болон худалдааны татвар, хураамжаас чөлөөлөх зорилготой.

Монгол Улсын тухайд Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа дотоодын хууль тогтоомж, захиргааны журмыг энэ хэлэлцээрт нийцүүлсэн талаар Дэлхийн худалдааны байгууллагын Зөвлөлд мэдэгдэж, хүчин төгөлдөр болгох ажиллагаа хийх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *