Төрийн үйлчилгээний шатлалаар цалинждаг ажилчдыг гэрээт ажилтан болгох асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Сургуулийн өмнө боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос өнөөдөр (2021.12.16) мэдээлэл хийлээ.
Төсвийн тухай хуулийг үндэслэн, ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээний ажилтан болох цэцэрлэгийн үйлчлэгч, манаач, тогоочийг гэрээт ажилтан болгох буюу хувийн хэвшилд шилжүүлэх асуудал яригдсан. Үүнийг эсэргүүцэж, арванхоёрдугаар сарын 7-нд Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос гаргасан шийдвэрээ нээлттэй хэлэлцүүлж, тодорхой тайлбарлахыг шаардсан. Тэд энэ удаагийн мэдээллээр Төв талбайд арванхоёрдугаар сарын 21-нд эсэргүүцлийн жагсаал хийхээ мэдэгдэж, УИХ-д хүргүүлсэн шаардлагын хариугаа авахыг хүсэв.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлээр цалинждаг албан хаагчдыг гэрээт ажилтан болгохыг улс орон даяар эсэргүүцэж байна. Эдгээр ажилтнуудын дийлэнх нь 40-өөс дээш настай, 470-550 мянган төгрөгийн цалинтай. Түүнээс гадна баталгаатай ажлын байр, ажилласан жилээс хамаарч 2 саяас 12 саяын тэтгэвэр авна гэсэн хүлээлттэй ажилладаг.
Ажилчдын эрх ашгийг ҮЭ-ийн байгууллагатай зөвшилцөхгүйгээр шийдвэр гаргасан нь тэдний амьдралын нөхцөл байдлыг дордуулах нөхцөл үүсэж байна. Тиймээс тэмцлээ үргэлжлүүлж Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлж байна.” гэлээ.
Сургуулийн өмнөх боловсролын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Д.САРАНЦЭЦЭГ “Манай холбооноос өмнө нь Засгийн газар, УИХ, Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлсэнгүй. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэ ажлыг үр дүнд хүргэх түр хороо байгуулж, тэмцлээ үргэлжлүүлнэ. Энэ асуудлаас үүдэн хүүхдийн эрх зөрчигдөхөд хүрч байна. Хувийн хэвшилд төрийн үйлчилгээний ажлыг шилжүүллээ гэхэд ашгийн төлөө байгууллага учраас хүүхдийн аюулгүй орчинд байлгах үйл ажиллагаа алдагдана. Жишээлбэл, нэг ангийн цэвэрлэгээний зардал 5000 төгрөг гэж бодоход хувийн хэвшил ашгаа бодож, 3000 мянгаар хийх эрсдэл үүснэ. Мөн тогооч нарын хувьд чанартай, тэжээллэг хоол хүнс хийж өгч чадах уу. Төрийн өмчит үйлдвэрийн газар нэртэй дөрвөн байгууллага та бидний хүүхдийн хоолыг цэцэрлэгүүдэд нийлүүлдэг ч нэг ч хүнс үйлдвэрлэдэггүй. Хүүхдийн хоол өдрийн 1650 төгрөг гэж бодоход өнөөдөр 1200 орчим төгрөгөөр хооллож байна. Бид эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал хийхээр холбогдох албаныханд хүргүүлсэн. Бид тэмцлээ улам эрчимжүүлнэ” гэв.