Categories
мэдээ улс-төр цаг-үе

Т.Болд: Украинчууд тусгаар тогтнолынхоо төлөө бат зогсож байгаа гэдгээ илэрхийлж байсан

Дайны байдалтай байгаа Украинд очиж нэвтрүүлэг бэлтгэсэн “Парламент” телевизийн тоймч Т.Болдтой ярилцлаа.


-Украины асуудал дэлхий нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Таныг очиход газар дээрээ нөхцөл байдал яг ямар байсан бэ?

-Бид Украинд 2019 оны есдүгээр сард буюу хоёр жилийн өмнө очсон юм. Тэр үед Украин ОХУ-тай дайны байдалтай байгаа гэж улстөрчид нь мэдэгдэж байсан үе л дээ. Орос улс Крымыг 2014 онд өөрийн болгоод эзлээд авсны дараа Украины Донецк, Луганск гэсэн хоёр муж дотроосоо эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулсан шүү дээ. Улмаар зэр зэвсэгтэй бүхэл бүтэн армийн хэмжээнд хүрсэн уг хөдөлгөөнийхөн мэдэгдэл хийгээд Украинаас салан тусгаарласан. Биднийг очиход Украины арми Донецк, Луганскийн хил дээр салан тусгаарлагчидтай сөргөлцөж, буудалцаж байдаг байсан үе. Тэнд өдөрт 10-20 хүн хоёр талаас нас барлаа гэж байнга мэдээлдэг байв. Тэрний өмнөхөн Украины дотоод асуудлыг зохицуулахаар Минскийн хэлэлцээрт Орос, Украин орсон байсан. Тэр хэлэлцээрт одоо байгаа хилээрээ тогтъё, буун дуу гаргахгүй байхаар мөргөлдөөнийг зохицуулъя гэж гэрээ байгуулсан бололвч тэрийгээ сахидаггүй, байнга л буудалцаж байсан. Украины тал бол нөгөө талаас байлдаад байгаа сайн дурын армийг Оросоос цалинждаг, хөлсний этгээдүүдээс бүрдсэн гэж үздэг юм билээ. Харин оросууд болохоор бидэнд хамаагүй гэж мэлздэг. Тэгсэн мөртлөө тэр бүлэглэл зэвсэг, техник сайтай, Украины армитай дайтаж байсан нь анхаарал татдаг.

-Та аль, аль хотод очив. Иргэдийн ахуй амьдрал, худалдаа наймаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан уу?

-Бид зөвхөн Киев хотод гурав хоног ажилласан. Нэг хоногт нь би зураглаачийнхаа хамт Чернобелийн хориотой бүс рүү явсан. 30 гаруй жилийн өмнө дэлбэрэлт болсноос хойш хориотой байсан уг бүсэд аяллын нэвтрүүлэг бэлтгэсэн юм. Одоо тэр бүсийг бага багаар нээж байгаа. Эхний ээлжинд аялагчдад зориулж нээсэн юм билээ. Манай нэвтрүүлгийн багийг Киев хотод ажиллах хугацаанд бүх зүйл хэвийн байсан. Иргэд нь хотоороо тайван зугаалж, ресторан, дэлгүүр гээд худалдаа үйлчилгээний газрууд нь хэвийн ажиллаж байлаа. Тэнд дайн болж байгаа ямар ч шинж тэмдэг мэдэгдэхгүй, нам жим байсан. Киев хот нь дайн болж байгаа газраас нэлээд алс гурав, дөрвөн зуун км-ийн зайтай л даа. Тийм болохоор буун дуу гарахгүй тайван байсан болов уу. Украины нэг хүнд ногдох ДНБ нь 4000 орчим ам.доллар буюу манай улстай ойролцоо хөгжилтэй орон. Биднийг тэнд очсон байх үед оросууд газаа байн, байн хаадаг байв. ОХУгазаараа дамжуулж элдэв улс төрийн шантааж үзүүлдэг, өөрийнхөө бодлогыг тулгадаг, Украины бараа бүтээгдэхүүнд хориг тавьчихсан үе таарсан. Ер нь эдийн засаг нь маш хүнд байгаа гэж миний уулзаж, ярилцсан улстөрчид ярьж байсан шүү.

-Одоо Оросын арван мянга гаруй цэрэг Украины хил дагуу бөөгнөрсөн гэж мэдээлж байна. Ийм дүр зураг ямар газруудад харагдав. Дайны нөхцөл байдал гэхээр л гудамжаар нь буу шийдэм агссан хүмүүс явж байгаа мэт ойлголт гадаад ертөнцөд бий. Аль эсвэл дэлхий дахинд өөрөөр мэдээлэгдээд байна уу?

-Украин дайны байдалтай байсан ч Киев хот дотроо цэрэг техник байгаагүй. Цагдаа нар нь буу зэвсгээ бүрэн агссан байдалтай хотын гудамжаар эргүүл хийж явдаг байсан. Олон нийтийн газар аэропот, метро, вокзал болон засгийн газрын байруудаа цагдаагийн хүч нэмсэн отръяадуудаар хамгаалуулж байсан дүр зураг харагдана лээ.

-Украины ард түмэн Оросын талаар ямар хандлагатай байна вэ. Ялангуяа залуусын үзэл санаа ямар байна, тэд юу хүсч байх юм?

-Бид нэвтрүүлэг бэлтгэх явцдаа таван улстөрчөөс ярилцлага авсан. Гудамжинд явж байсан хорь, гучаад хүнээс сэтгэгдлийг нь сонссон л доо. Ер нь уулзсан хүн бүр тусгаар тогтнолынхоо төлөө байгаа гэдгээ илэрхийлж байлаа. Оросуудыг зөөлөн хэлэх юм бол үзэн ядсан ч гэх юмуу тун таагүй хандлагатай байсан. Тэд газаа хааж дарамталдаг л гэнэ. Киев хотын орон сууцны халаалтын үнэ найм дахин өсчихсөн үе таарч бидэнтэй байсан. Украин тэр чигтээ газан дээр суурилсан байхад Оросын талын энэхүү дарамт үнэхээр хүнд тусч байгааг гудамжинд таарсан иргэн бидэнд ярьж байлаа. Монголчууд бол газыг зөвхөн хоол хийх төдийд ашигладаг шүү дээ. Тийм болохоор газын талаар тийм ч сайн ойлголтгүй. Харин дэлхий ертөнц тэр чигтээ газан дээр тогтож байгаа. Гэтэл Орос газаа хаачихсан байсан тэр хүнд цаг үед Украинд Европын холбоо их тусалж байсан л даа. Оросоос авсан газаа буцаад Украин руу өгч, гал алдуулчихгүй хамтарч ажиллаж байсан. Дээрээс нь Европын холбоо Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн их хэмжээгээр авах квот тогтоож өгсөн байв. Үүнд украинчууд тун тааламжтай хандаж, Европын холбоо биднийг ингэж дэмжиж байгаа гэцгээж байлаа. Биднийг очихын өмнөхөн Украинд Ерөнхийлөгчийн сонгууль болоод өнгөрсөн л дөө. Шинэ ерөнхийлөгчөөр В.Зеленский сонгогдчихсон байв. Бид эндээс явахдаа урьдчилаад Украины ерөнхийлөгчийн Тамгын газарт нь хүсэлт гаргаад, шинэ ерөнхийлөгчтэй уулзаж ярилцлага авъя гэсэн боловч хариу ирээгүй. Тэнд Монгол Улсыг төлөөлж ажилладаг консул нь Украин хүн байдаг. Тэр биднийг хэд хэдэн улстөрчтэй уулзуулж өгье гэсэн учраас Киев хотыг зорьсон юм. В.Зеленскийн хувьд Крымыг буцааж авна гэсэн амлалт өгсөн болохоор сонгуульд ялалт байгуулсан нөхөр. Биднийг очиход сонгууль ч дуусчихсан шинэ засгийн газраа дөнгөж эмхлэн байгуулах үйл ажиллагаа эд өрнөж байсан үе таарсан. Харин өмнөх Ерөнхийлөгч нь цаагуураа Оросоос их хахууль авч, айлын талд үйлчилсэн гэх агуулгаар прокурорт шалгагдаж байгаа зэрэг үйл явдал болж байсан л даа. Украин бол хөдөө аж ахуйн хөгжих бүрэн боломжтой бүс нутаг. Газар нь маш их үржил шимтэй. Европын хар шороо хөрсний 75 хувь нь зөвхөн Украины нутаг дэвсгэрт байдаг. Доошоо хэдэн зуун метр гүн хар шороо хөрстэй. “Бид хөдөө аж ахуйгаа сайн хөгжүүлбэл эдийн засаг маань босоод ирнэ” гэсэн итгэл найдвар дүүрэн байсныг хэлмээр байна. Ялангуяа улстөрчид нь энэ тухай их ярьж байсан. Түүнчлэн Украины иргэд Европын холбооны улсад визгүй зорчих эрх удахгүй нээгдэнэ. Энэ тухай Европын холбоонд хэлэлцэгдээд биеллээ олох өндөр магадлалтай болчихсон үе байсан.

-Та Украинд ажиллахдаа улс төрийн намынхан болон Украины Ерөнхийлөгчийн зөвлөх, Засгийн газрын дэд сайд асантай ярилцсан байна лээ. Тэд Орос Украины харилцаа яагаад гэнэт дайн дажиндаа хүрсэн талаар юу гэж байна. Украины зүгээс ямар бодлого баримталж байгаа вэ?

-Украинд 2004 оны арваннэгдүгээр сараас 2005 оны нэгдүгээр сарын дотор ард түмний оранж хувьсгал өрнөөд ардчилал ялсан улс. Шинэ ерөнхийлөгчөөрөө П.Порошенког сонгоод ардчиллын зам дээр эргэж буцалтгүй гарчихсан байсан. Энэ мөчөөс эхлээд оросууд эдийн засгийн элдэв шахалт, дарамтыг үзүүлж эхэлсэн байдаг юм билээ. Миний түрүүний хэлдгээр газ, нефтиэ хаах зэрэг эдийн засгийн бүх арга хэрэгслээр Украинд дарамт шахалт үзүүлж, өөрийнхөө болзлыг тулгаж байсан. Одоо ч тулгасаар байгаа байх. Улмаар 2014 онд Орос Крымыг булааж авч, үүгээрээ олон улсын болон НҮБ-ын бүх дүрэм журмыг бүдүүлгээр зөрчсөн үйл явдал болсон шүү дээ.

-Украин бол нефтийн асар том нөөцтэй орон. Эдийн засгаа сэргээх тал дээр ямар бодлого авч хэрэгжүүлж байсан бэ?

-Социализмын үед Украин асар их нефть олборлодог. Түүнийгээ боловсруулдаг том, том үйлдвэрүүдтэй, ЗХУ-аа нефть, бүтээгдэхүүнээр хангах тэр үйлсэд хувь нэмэр оруулдаг том гүрэн байсан. Хувьсгал ялаад хувьчлал болсон. Чөлөөт зах зээлийн харилцаанд шилжингүүт нефтийн салбарыг тэр чигт нь оросын том компаниуд орж ирээд хувьчлаад авчихсан юм билээ. Яг хувьчлах процесстоо энэ салбарыг ингэж, ингэж хөгжүүлнэ, ийм, ийм ашигтай байна гэж гоё зүйл ярьж байгаад авсан. Харин хэлсэн амандаа хүрэхгүйгээр барахгүй бүх үйлдвэр заводуудыг хаагаад лацадсан гэж байна. Үүгээрээ Украиныг өөрөөсөө бүрэн хамааралтай болгосон. Сүүлийн үед Украин аргаа барахдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг ихээр урьж, газрын баялгийн хайгуул хийлгэхэд хөнгөлөлттэй нөхцөл амласан хууль баталсан. Гадны хөрөнгө оруулалт татах оролдлого хийж байгаа хуулийн зохицуулалтууд нь мэдээж эдийн засагт нь хэрэгтэй байх. Нөгөөтэйгүүр тусгаар тогтнолын баталгаа болно шүү дээ. Бид Оюу толгойг оруулснаар гурав дахь хөршийн хөрөнгө оруулалт орж ирж, тусгаар тогтнол бэхэжлээ гэж ярьдагтай адил бодлогыг Украин баримталж байна лээ.

-Ингэхэд таны Украинд очиж нэвтрүүлэг бэлдсэний гол зорилго юу байсан юм бэ?

-Манай “Парламент” телевизийн хамт олон “Хөгжлийн нэгдсэн бодлого” гээд бодлогын контент бэлтгэсэн юм. Оросын геополитик Монголд хэрхэн нөлөөлж байгааг үзүүлэх зорилготой нэвтрүүлэг байсан. Яагаад Украинд очсон бэ гэхээр тэдний хувь заяа биднийхтэй адилхан санагдсан. Украин том хөршийнхөө хажууд газ, нефть гээд юмаараа хамааралтай. Дандаа түүгээрээ шантаажлуулж байдаг. Тийм хувь заяатай улс юм билээ. Бид Украиныг зорьж очсон нь ийм учиртай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *