УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.
-2022 оны төсвийг иргэд, судлаачид ихээхэн шүүмжилж байна. Хоноцын сэтгэлээр хандлаа гэсэн шүүмжлэл их байна л даа. Ажлын хэсэгт нь орж ажилласан гишүүний хувьд та юу хэлэх вэ?
-Анх удаа л ийм том хэмжээний төсөв оруулж ирлээ. Энэ хэмжээний орлогыг бүрдүүлж ажиллана гэж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх, тээг гацаа болж гацчихаад байгаа асуудлуудыг урагшлуулна гэсэн зорилттой ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт туссан томоохон ажил, арга хэмжээг 2022, 2023 онд л багтааж хэрэгжүүлэхгүй бол хугацаа үлдсэнгүй. Тиймээс цаг хугацааны хувьд 2022 оныг алдаж болохгүй байгаа юм. Үнэхээр эрх барьж байгаа бол хийе гэсэн зүйлүүдээ зориглоод бүх шатандаа хийхгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй.
Соёлын яам байгуулахыг ихэнх иргэд дэмжсэн. Соёл бол Монгол Улсын дархлаа гэж үзэж байсан. Тиймээс байгуулсан. Соёлын яамны хийх ажил нь юу юм бэ. Таны асуух гэж байгаа асуултыг гадарлаж л байна л даа. Төсөвт хэтэрхий их хөшөө дурсгал, музей зэрэг байна. Олон нийт цаг үеэ олсонгүй хэмээн төсөв батлахын өмнө болон хойно ихээхэн шүүмжиллээ. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Засгийн газраас оруулж ирсэн төсвийн зардлыг нэмэгдүүлэхгүй байхаар зохицуулчихсан. Тиймээс яамд Засгийн газрынхаа саналыг авч боловсруулаад УИХ-д төсвөө өргөн барьсан. Гишүүд болон Засгийн газар нэг л баг хамт олон шүү дээ.
Зарчмын хувьд бүхий л талын ажил, асуудлыг оруулж ирсэн, өргөн утгаар нь харсан төсөв болсон. Өөрөөр хэлбэл, соёл, боловсрол, эрүүл мэнд, томоохон төслүүд гээд аль нэг асуудлыг нь орхигдуулахгүй юм байна гэж харсан.
Хамгийн гол нь УИХ, Засгийн газраас үл хамаарах гадаад нөхцөл байдал амаргүй байна шүү дээ. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Үүнээс болж машинаар тээвэрлэх нүүрсний экспорт гацчихлаа. Вагонаар гаргана гэж байна. Гэтэл төмөр зам нь юу билээ гээд шалтаг шалтгаан зөндөө байна. Засгийн газрыг шүүмжилье гэвэл зөндөө л юм бий. Ажил хийж байгаа хойно алдаа гарна. Гол нь биднээс үл хамаарах шалтгаанууд цаана нь маш их байна. Зөвхөн Монгол, Хятад, Орос гурван улсын хооронд үүсээд байгаа асуудал биш.
Дэлхий нийтээрээ л асуудалтай байна. Европ гэхэд эрчим хүчний хямралд орчихсон байх жишээний. Тиймээс энэ хүнд цаг үед Засгийн газрын ажлыг гацааж шүүмжлэхээсээ илүү яаж дэмжиж вэ яаж хүнд цаг үеийг давж гарах вэ, гэдгийг бодох хэрэгтэй байгаа юм. Төсвийн дийлэнх хувийг ард иргэдийнхээ эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа шүү дээ.
Арванхоёрдугаар сарын 31-нээр Ковидын хууль дуусгавар болно. Ковидын хуулиар УИХ Засгийн газарт бүх эрхээ өгсөн. Засгийн газар бүх эрх мэдлийг авч хэрэгжүүлээд явж байна. Энэ бол маш том итгэлцэл. Одоо бид маш хурдтай ажиллах шаардлагатай байна.
Эрүүл мэндийн салбар, Засгийн газар, УОК-ынхоо үйл ажиллагааг дэмжье гэдэг үүднээс л би асуудалд хандаж ирсэн. Төсөв дээр ч тэр, Ковидын хуульд ч тэр. Харин үр дүн эерэг гараасай, нэг ч гэсэн иргэний амь нас аврагдаасай, нэг ч болтугай аж ахуйн нэгжийн эдийн засгийн байдал сайжраасай гэдэг үүднээс хандаж ирсэн. Мэдээж хорхойг нь авчихсан юм шиг нэг өдөр сайхан болохгүй. Цаг хугацаа орно. Уг нь нааштай үр дүн гарч байна. Улаан бүсээс шар бүс рүү орох боломж ойрхон байна.
-Төсвийн хэлэлцүүлгийн үеэр та тэвчиж болох зардлуудаа тэвчье, үйлдвэрүүд барья гээд чухал саналууд хэлж байсан…
-Төсвийг 76 хэсэгт хувааж үр ашиггүй болгож байна гэдэгтэй би санал нэгддэг. Би “төсвийг 76 хэсэгт хувааж, түүнийгээ урсгал засвар, усан бассейн зэрэгт зарцуулж байхаар үүнийгээ нэг удаадаа тэвчиж болдоггүй юм уу. Нөхцөл байдал амаргүй байна шүү. 21 аймаг, есөн дүүрэг гээд нийт 30 газар байна. Нэг дүүрэг, нэг аймагт доод тал нь тав, дээд тал нь 10 тэрбум төгрөгөөр төсөвлөж хоёр, хоёр үйлдвэр барья. Нэг үйлдвэр 50-100 ажлын байр бий болгох үйлдвэртэй болъё. Ядаж сайжруулсан түлшний уутыг нэг дүүрэг нь хийдэг байя. Засгийн газар аль аймагт юуны үйлдвэр байгуулах вэ гэдгийг давхцуулахгүй гаргаж түүнийгээ бодлогоор дэмжье. Нийт 30 газарт 300 тэрбум төгрөг л болох нь. Доод тал нь 50-100 ажлын байр гээд бодохоор гурван мянган ажлын байр бий болно. Цаана нь доод тал нь 30, ихдээ 60 үйлдвэртэй болох боломжтой” гэсэн саналыг намын бүлгийн хуралд дэвшүүлсэн. Харамсалтай нь тойргийн зовлон их байна. Үүнээс гадна улсын төсвөөр үйлдвэр барих нь зохимжгүй гэдэг асуудал, тайлбараар миний санал дэмжигдээгүй. Болдогсон бол нэг удаа тэвчээд хэдэн үйлдвэртэй болчих юмсан гэж боддог.
-Энэ жил танай тойрогт онцлох ямар ажлууд хийгдэхээр байгаа вэ?
-Манай тойрог их онцлогтой. Жишээ нь, Хэнтий аймаг гэхэд гурван гишүүнтэй. Баянзүрх дүүрэг гэхэд таван гишүүнтэй. Гэтэл Налайх, Багануур, Багахангай гурав хоёр гишүүнтэй. Хүн амын хувьд цөөн боловч иргэдийн өмнө тулгамдсан асуудал адил л байдаг. Тиймээс байгаа мөнгөө гурван дүүрэгтээ хуваахгүй бол асуудалтай шүү дээ. Ирэх жил дүүргүүдээс саналаа авч эрэмбэлж байгаад хийх бүтээн байгуулалтын төсвийг тусгана.
Гишүүн бүр л манай тойргийн энэ асуудлыг шийдэх төсвийг нь тусгаад өгчихөөч гэж сайдууд руу орж байгаа шүү дээ. Бодлогоор нэг гишүүн дөрвөн тэрбум төгрөгөөс хэтрүүлэхгүй шүү гэсэн зарчим барьсан юм билээ. Багануур дүүргийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн асуудал, ахмадын хөгжлийн төв гээд томоохон гурав, дөрөвхөн төсөл арга хэмжээг суулгасан. Налайх дүүрэг нийслэлийн төвтэй ойр байдаг гээд жилийн жилд хаягдаж ирсэн юм билээ. Нийгмийн асуудал нь нэлээн бугшаад овоорчихсон байгаа. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийн асуудал нэлээн тулгамдсан байгаа юм. УИХ-ын гишүүн С.Амарсайхан сүүлийн хоёр жилд нь хотын даргаар ажилласны хувьд тулгамдсан асуудлыг нь үе шаттай шийдээд явж байна. Долоон хороонд цэцэрлэг, сургууль, спорт цогцолбор барихаар суулгасан. Төсөвт суулгасан ч түүнийг ажил хэрэг болгоно гэдэг нь их төвөгтэй байдаг. Зураг төсөв нь өөрчлөгдөнө, зарим бараа материалын үнэ 40-50 хувиар өсчихсөн байх жишээний. Засгийн газар арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх жилийн зарим тендерүүдийг зарлана гэж байна. Тендерийн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол дөрвөн сараас хойш тендер нь зарлагддаг асуудал бий. Зураг төсвөө хийж байна гээд 6-7 сараас тендерээ зарладаг. Ажил явах улиралд нь тендерээ шалгаруулаад өнгөрүүлчихдэг. Хэрвээ маргаан гарвал нэг, хоёр сараар хойшилсоор байгаад 9-10 сараас ажил нь эхэлдэг. Төсвөө хуваарилаад баталдаг. гэтэл ийм байдлаар явбал баталсан төсвөө шингээж татахгүй татуулчих вий дээ гэсэн болгоомжлол их байна. Тиймээс ч Засгийн газраас өвөл, хаврын улирлыг ашиглаж зураг төсвөө хийж тендерээ эрт зарлаж, маргаантай асуудал гарвал хурдан хугацаанд маргааныг нь шийдэж тавдугаар сар гэхэд ажлаа бодитоор эхлүүлчихмээр байна гэж байгаа. Тэгвэл ямар ч барилгыг онд нь багтаагаад барьчихаар байгаа юм.
-“Налайхын замд явган хүний гарц байхгүйгээс иргэдийн амь нас эрсдэх аюул нүүрлээд байна. Тойргоос сонгогдсон гишүүний хувьд цементийг нь сэтлээд явган хүний зам тавиад өгч болох уу” хэмээн тойргийн иргэд санал гомдлоо манай сонинд ирүүлсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Ийм асуудал байгаа гэдгийг өөрөөс тань сонсож байна. Налайх, Багануур, Багахангай дүүргээс сонгогдсон гишүүнд хаягласан ийм санал, гомдол ард иргэдээс өнгөрсөн хугацаанд ирээгүй. Тиймээс сайн мэдэхгүй байна. Анх зураг төсөв нь хэрхэн яаж хийгдсэн, гүйцэтгэлийн явц нь яасан зэргийг анхнаас нь би оролцоогүй учраас мэдэхгүй байна. Зураг төслөөрөө л хийгдсэн байх ёстой. Хонхорын автобусны буудлын нөгөө тал нь гарц бий. Тэр гарцаар Хонхорын иргэд зам гараад явж л байдаг. “Оргил” супермаркетын хажууд бас гарц байдаг.
Иргэдийн өмнө энэ мэт тулгамдсан асуудал үүссэн бол тухайн асуудлыг холбогдох газарт нь уламжилъя л даа. Яг аль хавийн иргэдэд юм бол. Баянзүрх, Амгалан хавийн иргэд үү, эсвэл цаад талын ногоон нуур уу, эсвэл хонхрынх уу. маш олон байршил байдаг. Үүнийг тодруулж, холбогдох газарт нь уламжилъя. Одоогоор ийм асуудлаар миний нэр дээр хаягласан гомдол, санал ирээгүй байна.
Хэрвээ Ургах наран, Баянзүрх, Хонхор Баянзүрх дүүргийн хороод л доо. Тиймээс надад ямар нэгэн санал, гомдол ирээгүй байх. Баянзүрх дүүргээс сонгогдсон таван гишүүнд санал ирсэн байхыг үгүйсгэхгүй.
-Шүүх байгуулах тухай хууль удахгүй УИХ-д өргөн баригдаж хэлэлцэгдэхээр бэлтгэгдэж байгаа юм билээ. Энэ хууль батлагдвал Налайх, Багахангай, Багануур дүүргийн шүүхийг нэгтгэнэ гэж байсан. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Шүүхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Шүүх байгуулах тухай хууль удахгүй УИХ-д өргөн баригдах байх. Ингэхдээ Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Дээд Шүүхтэй зөвшилцөж, гарсан саналаа Хууль зүй, дотоод хэргийн яамд хүргүүлнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд УИХ-д өргөн барих байдлаар процедур нь явна. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд нээлттэй сонсголоор сонгогдсон. Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэхэд нь би саналаа хэлсэн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам болоод Шүүхийн Ерөнхий зөвлөлд саналаа хүргүүлсэн. Ингэхдээ эхлээд гурван дүүргийн шүүхээс санал авсан. Иргэдтэй уулзсан. Шүүхийн тухай хуулийн гол зорилго нь шүүхийн үйлчилгээ иргэнд ойртуулах ёстой. Иргэний, эрүүгийн, захиргааны хэргийн маргаан зэрэг шүүхийн үйлчилгээг иргэд түгээмэл авдаг. Энд нэг онцлог бий. Багануур дүүргийнхэн гэхэд Төв аймгийн газар нутаг дээгүүр дамжиж явж байж дүүрэгтээ очдог.
Наана нь ч, цаана ч Төв аймгийн иргэд оршин суудаг. Багануур дүүрэг бүс нутаг болчихоод байгаа юм. Төв аймгийн Эрдэнээс авахуулаад Эрдэнэ, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал зэрэг сумдын иргэд боловсрол, эрүүл мэнд, банк санхүү, төрийн зэрэг бүх төрлийн үйлчилгээг Багануур дүүрэг үзүүлдэг. Дүүрэг албан ёсоор 30 мянган хүн амтай ч энэ сумдын иргэд манай дүүргээс бүх төрлийн үйлчилгээг авдаг. Жишээ нь, Мөнгөнморьтын малчин малаа дагаад Төв аймагт амьдардаг ч эхнэр хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгээ бараадаад Багануур дүүргийн иргэнд харьяалагдаж төрийн бүх үйлчилгээг авдаг. Ийм онцлог дүүрэг л дээ. Тэгэхээр Мөнгөнморьт сумын иргэн шүүхийн үйлчилгээ авахын тулд 60 км зайд орших Багануураас авсан нь дээр үү, эсвэл 200 км явж Төв аймгаас авах нь хялбар уу. Бид үүнийг л яриад байгаа юм. Багануур дүүргээс авах нь иргэдэд цаг хугацаа, төсөв санхүүгийн хувьд илүү хялбар биз дээ.
Дарга нар өрөөнд сууж байгаад тойргийг нь хуваарилчихвал тэнд байгаа зовлонг мэдэхгүй шүү дээ. Тэндхийн оршин суугчид л онцлог, зовлонгоо мэднэ. Тиймээс би дарга нарт Шүүхийн тухай хууль байгуулахдаа ийм онцлог байдаг шүү. Энэ онцлогийг нь харгалзаарай. Тэгвэл иргэнд шүүхийн үйлчилгээг ойртуулах гээд байгаа зорилго ч амилна шүү. Багануур дүүрэгт нэг тойрог байгуулаад тойрсон сумдынх нь иргэдийг нэгтгээд нэг тойрог болгочих. Тэгвэл ард иргэдэд нь их хялбар болно гэдгийг хэлээд байгаа юм. 2015 онд Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа ингэж хийсэн юм билээ. Тэр үед иргэдэд амар байсан ч засаг захиргааны нэгжээ дагаагүй байна гээд уначихсан юм билээ. Энэ хуулийн тойрог байгуулахыг дэмжиж байгаа. Тойргийн зарчмаар явахдаа онцлогийг нь мэдэрч, ойлгож иргэндээ шүүхийн үйлчилгээг ойр байлгах талаас нь бодох хэрэгтэй. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн Хонхор орчмын иргэдийн шүүхийн үйлчилгээг Налайх авчихмаар байгаа юм. Тэгвэл хотын түгжрэл рүү явж байхаар цаашаагаа Налайх руу 10 минут давхиж очоод шүүхтэй холбоотой үйлчилгээг авчихдаг байвал илүү хялбар.
Нэгдүгээрт, төсөв хэмнэх үүднээс, хоёрдугаарт, тойргийн зарчмаар гээд Багануур дээр иргэний хэргийн асуудлыг хариуцуулаад Налайх дээр эрүүгийн хэргийг нь хариуцуулчихаар Налайхын иргэд Багануур дээр очиж иргэний хэргийн асуудлаа шийдүүлнэ, Багануурын иргэд болохоор Налайх дээр очиж эрүүгийн хэргийн асуудлаа шийдүүлнэ гэхээр одоогийн байдлаасаа нөхцөл байдал нь дордчихож байгаа юм. Ингэж дордуулчихав аа гэж гишүүнийхээ хувьд санаа зовж, саналаа хүргүүлсэн.