Categories
мэдээ нийгэм

“Сахал” гишүүн Булганы малчдыг алаг үзэв

Булган аймгийн баруун бүсийн сумдын малчин өрх жилд 20-50 сая төгрөгийг айрагнаасаа олдог. Өдөрт дунджаар 150 литр саам авдаг айл айргаа ченжүүдэд борлуулахад л ийм хэмжээний орлоготой байна. Нэг литр айргийг зах зээлийн ханшаар буюу Улаанбаатарын үнээр тооцож үзвэл энэ тооцоолол хоёроос, гурав дахин өсч 30 унага зэлэлсэн айл гэхэд л 100 гаруй сая төгрөгийн ашиг орлогыг адуунаасаа авах боломжтой. Нэг малчин өрх зөвхөн зуны улиралдаа 100 сая төгрөгийн орлоготой болно гэдэг суурин суусан бидний мөрөөдөөд, мөрөө халцартал зүтгээд ч хүрч очихгүй тийм хол зүйл. Гэхдээ адуутай нутгийн ард түмэн 100 сая төгрөгийг олдог болоход бизнесийн зөв төлөвлөлт, алсын хараа, оновчтой менежмент, зөв цэг, огтлолцол, төрийн жаахан дэмжлэг шаардлагатай байгаа. Тэр нь төсөвт сууж хотын бидний адлал, хэл амны бай болоод буй “Айрагны өргөө” юм. Айрагны өргөөг Төв аймаг явах замд байдаг гаднаа “айраг зарна” гэж хазгай мурий бичсэн бага гэрээр төсөөлөх хэрэггүй.
Айрагны өргөөний төслийг сонирхоод үзвэл ихээ том эрх ашиг, амбицыг тээсэн, зөвхөн булганчуудын биш бүх адуучдын эрх ашигт нийцсэн, дэлхийн зах зээл рүү тэмүүлсэн бодлогын эхлэл юм билээ. Айрагны өргөө баригдсанаар айргаа ченжүүдэд хэлсэн үнээр нь өгдөг байдал нэн тэргүүнд халагдана. Хоёрдугаарт хотын бид нэг сувгаар гарал үүсэл нь тодорхой, ус хольцгүй айргийг Улаанбаатарын цэгээс нь гэртээ хүргүүлэн авч хүртэх таатай боломж бий болно. Энэ бол зөөвхөн эхлэл. Казакстан залуугийн бодит кэйс байна. Дэлхийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүүхдийн сүү, тэжээлийн үйлдвэрлэлийн зах зээлд гүүний сүүгээ нийлүүлэх улмаар айргийг шар айраг шиг удаан хугацаанд хадгалан хэрэглэдэг болох эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллаж эхлэх тэр мөчийн өмнө бид айрагны өргөөг саамны “банаггуйатай” андууран адалж шоолоод байна. Тэр казах залуу жилд мянган гүүний саамыг зөвхөн хуурай сүү болгон гоос сайхан, эм үйлдвэрлэл, хүүхдийн сүү орлуулах үйлдвэрлэлд нийлүүлдэг. Үр дүнд нь Япон улсын зах зээлийг атгасан ам.долларын тэрбумтан болсон. Мянган гүүтэй казах Японы зах зээлийг атгаж чадчихаад байхад таван сая адуутай монголчууд тал нутагтаа хэрэлдсээр дуусах ёстой юм уу, дэмждэггүй юм аа гэхэд дуугүй өнгөрвөл яаж байна.
Адуунаас хол, айрагны бизнесийг түй ч мэдэхгүй хотын сошиалчдыг ойлгож болно. Гагцхүү адуутай, айрагтай нутгийн түшээ Ж.Бат-Эрдэнийг бол ойлгох ухаан алга. Гүүний саамыг хуурай сүү болгоод дэлхийн зах зээлд нийлүүлэх алсын харааг түүнд ойлгуулахыг хичээхээ болье. Гэтэл тэр хүн өнгөрсөн пүрэв гаригт хэвлэлийнхний өмнө гарч ирээд “Айрагны өргөө булганчуудад хэрэггүй” ухааны юм ярьчихлаа. Булганы нэг өрх, нэг иргэн нь нэг литр саамаа ч болов ахиу үнээр борлуулах нь эрхэм түшээд хамааралгүй асуудал гэж үү. Үндсэндээ булганчуудыг, Булганы наамбар ван брэнд бүтээгдэхүүн “Сайхны айраг”-ийг нэг мөр үгүйсгэж, дорд үзсэн хэрэг бишүү. Эсвэл Сайхан сумынханд дургүйдээ ингэж яриад явна уу. Ямартаа ч Ж.Бат-Эрдэнэ гишүүнд булган нутаг төдийлэн хамааралгүй гэдэг нь хэлсэн үгээс нь тодорхой боллоо. Хийсэн үйлдлийг нь шүүж үзвэл бас л булгандаа ээлгүй эр юм. Бусад гишүүд тойрогтоо 50-100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлүүлж чадсан байхад Ж.Бат-Эрдэнэ гишүүн ганцаараа 10 хүрэхгүй тэрбум төгрөгийн байшин барилга бариулах саналтай сууж байсан юм билээ, төсөв хэлэлцэх үеэр. Булган нутагт нь нэг ч болов дээвэр туурга нэмэгдэж, малчин ардуудад нь хэрэгтэй төсөл төсөвт суучихаад байхад түүнийг нь эсэргүүцээд, “бариулмааргүй байна аа” гээд мэдэн будлиад, мэлзэж бухаад зогсож байна гэдэг нь хоёр удаа, найман жил төр түшүүлсэн сонгогчдоо юман чинээ бодохгүй байгаагийн илрэл биз. Булган нутагтаа бүтээн байгуулалт хийх бодлого, зорилго нь ч их эрт унтарсан хүн бололтой. Түүний санаа саяын ярилцлага дээр нь маш тод ажиглагдах шиг болсон. Тодруулбал, “орон нутгийн бодлого төлөвлөлт хоорондоо уялдаагүй байна уу” гэсэн эстгүүлчийн асуултад “Сонгуулийн тогтолцоо буруу байна. Холимог тогтолцоогоор явах нь зөв” гэж хариулаад зогсож байна. Холимог тогтолцоотой болвол яах гээд байгаа юм бол. Булганд дахин нэр дэвшихгүйн тулд, намын нэрээр УИХ-д дахин суухын тулд дахиад сонгуулийн тогтолцоог өөрчлөх лобби эхлүүлээд байгаа юм уу. Ямартаа ч Булганаас, булганчуудаас залхсан, зайлсхийсэн үнэр ханхийгээд байна.
Эцэст нь өгүүлэхэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нутаг Хэнтийн нурууны өвөр талдаа нэг түмэн адуутай бололтой. Талын түмэн адууныхаа баярыг тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаа дахь жилдээ нүсэр тэмдэглээд авна лээ. Гэтэл танай Булган аймгийн Сайхан сум чинь л гэхэд дөрвөн түмэн адуутай байгаа шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *