Турк улс жилд 1.1 сая тонн хуванцар хаягдал дахин боловсруулж байна гэж тус улсын Дахин боловсруулагчдын холбооноос мэдээлжээ.
Туркт “Zero Waste” төсөл 2010 оноос хэрэгжиж эхэлснээс хойш хуванцрын дахин боловсруулалтын үзүүлэлт 13 хувиас 22.4 хувьд хүрч өсжээ. Тус улс нь 2053 он гэхэд хорт хийн ялгарлыг тэглэх зорилт дэвшүүлээд байгаа юм.
Хуванцрыг дахин боловсруулах салбар нь 1300 фирмийн 350 мянга орчим хүнийг ажлын байраар хангаж, жилд нэг тэрбум ам.долларын орлого олж байна. Дахин боловсруулагчдын холбооны тэргүүн Фатих Эрэний хэлснээр, дахин боловсруулсан хуванцрыг гэр ахуйн цахилгаан бараа, баглаа боодол, хөдөө аж ахуй, электроник, бөс бараа, бүтээн байгуулалт зэрэг олон салбарт ашиглаж байна.
“Одоогоор дахин боловсруулсан PET хуванцрын үнэ нь түүхий эдийнхээ үнэтэй ижил байна. Цаашид эрэлт хэрэгцээ нь нэмэгдсэнээр нэг, хоёр жилийн дараа гэхэд түүхий эдийнхээ үнээс давна” гэж тэрбээр ярьжээ. Мөн хуванцрыг тоо томшгүй олон удаа дахин боловсруулах боломжтой учир энэ салбарт асар их боломж бололцоо бийг тодотгосон байна.
Мөн Ф.Эрэн Турк улс хэрэгцээгүй хог бус дахин боловсруулах салбарын гол түүхий эд болох хуванцар хаягдлыг импортолдгийг онцлон хэлсэн байна. Турк дахин боловсруулсан нэг тонн хуванцрыг 1000 ам.доллароор худалддаг бол ийм хэмжээний хуванцар хаягдал 400 ам.доллар, түүхий эд 2000 ам.доллар байдаг байна. Тус улс 2020 онд хуванцар хаягдлын импортод 127.7 сая ам.долларыг зориулсан бол дахин боловсруулсан хуванцрын экспорт 1.21 тэрбум ам.долларт хүрчээ.