Замын-Үүд-Эрээн боомтын авто замын тээврийг 11 дүгээр сарын 27-ноос эхлүүлж магадгүй байна.
“Сүүлийн долоо хоногийн хугацаанд Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Цаашид 20 хоног халдвар бүртгэгдэхгүй бол авто замын тээврийн эхлүүлэхээр байгаа”-г Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээллээ.
Харин Гашуунсухайт-Ганцмод боомтоор лхагва гарагийн байдлаар нүүрс тээврийн 600 орчим автомашин гарсан талаар Сангийн сайд мэдээлэв.
Тээврийн хэрэгслүүдийг бөмбөлгийн зохион байгуулалтад оруулах журам батлагдсан байна. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр тээвэрлэлтийн явц цэгцэрч, хэвийн горимд орж эхэлжээ. Үүний дүнд сүүлийн 3-4 хоногт тогтмол 400-500 тээврийн хэрэгслээр нүүрс гарчээ. Цаашид тээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагаа тогтворжвол нүүрс тээврийн автомашины тоог үе шаттай нэмэх боломж үүснэ гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг хүлээн зөвшөөрөх нот бичиг явуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт төмөр замыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдэж байгааг Сангийн сайд мэдээллээ.
Эх сурвалж: BloombergTV