Categories
мэдээ нийгэм

“Боловсрол ба манлайлал” хэлэлцүүлэг амжилттай боллоо

Монголын Эмэгтэй Инженерүүд, Технологичид, Эрдэмтэд, Математикчидын нэгдсэн холбооны VI чуулган “Боловсрол ба манлайлал” сэдвийн хүрээнд өчигдөр цахимаар амжилттай зохион байгуулагдлаа.

УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрам “Боловсролын багц хуулийн шинэчлэл” илтгэл, Майкрософт корпорацын Ерөнхий Инженер Л.Өлзий “Эмэгтэйчүүдийн манлайлал (IT салбарын жишээн дээр)”, ХБНГУ-ын Бавари мужийн төрийн албан хаагч, ЦСҮ намын Гадаад бодлого аюулгүй байдлын зөвлөлийн дүүргийн орлогч дарга Н.Солонго Тремл “XX зууны эхэн үед германд очиж суралцсан Монголын утга зохиол нийгэм соёлын зүтгэлтнүүдийн түүхэнд холбогдох мэдээ баримт, тэдгээрт хийсэн дүн шинжилгээ” нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн нь тус холбооны гишүүдийн хувьд мэдлэг, мэдээлэл авсан, зоригжуулсан чухалач холбогдолтой хурал боллоо.

Энэ хурлаар Монголын эмэгтэйчүүд эх орондоо болон олон улсын хэмжээнд эх орны хөгжил, сайн сайхны төлөө шийдвэр гаргах түвшинд ажиллаж эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцан дээр гарган манлайлж , Монгол хүний оюуны потенциал ямар өндөр болохыг харуулсан томоохон үлгэр дуурайл болж байгааг онцоллоо. Тус холбооны гишүүдийн 85 хувь нь боловсролын байгууллагуудад ажилладаг багш судлаачид байдаг тул “Боловсролын багц хууль” -ийн тухай эрдэмтэн, инженер, математикч нар оролцон хэлэлцэж байгаа нь цаг үеэ мэдэрсэн ажил болов.

УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрам хүүхэд бүрд тэгш боломж олгож, хүний эрхийг дээдэлсэн боловсрорлын тогтолцоотой болох шаардлагатай байгааг онцлов.

Дэлхийн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллага INWES-ийн Ерөнхийлөгч, профессор Жүн Сан Ким хэлэлцүүлэгт цахимаар оролцон мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр COVID-19-ийн судалгаа болон тахал өвчний тэргүүн эгнээнд янз бүрийн үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй эрдэмтэн, инженерүүдийн оруулж буй үнэтэй хувь нэмэр, тэдгээрийн бүтээлч ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаад талархал илэрхийлэв. Ковид-19 нь бид дэлхийн иргэдийн хувьд ирээдүйн сорилтод хамтдаа бэлдэх ёстойг зааж өгсөн ба дэлхий дахинд тулгараад байгаа нийтлэг асуудал, сорилтуудыг шийдвэрлэхийн тулд олон улсын жендерийн тэгш оролцоог хангасан хамтын ажиллагаа урьд өмнөхөөсөө илүү чухал болохыг онцлов.

Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчидын нэгдсэн холбооны 10 жилийн ой ирэх жил болно. Энэ хугацаанд Орхон, Дархан-Уул аймаг, Багануур дүүрэгт салбар холбоодтой болж олон залуу судлаачдыг дэмжин ажиллаж байна. Цаашид бид охид, бүсгүйчүүдийг инженер, технологи, байгалийн шинжлэх ухааны мэргэжлээр сурахад дэмжлэг үзүүлэх, залуу судлаачдыг эрдэм шинжилгээний судалгаа хийх, олон улсын судлаачидтай холбоо тогтоох зэрэг ажлуудаа улам өргөжүүлэх болно.

INWES нь ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр шинжлэх ухаан, технологи, инженерийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн бүтээлч оролцоогоор дамжуулан улс орны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1999 онд байгуулагдсан. Уг бүс нутгийн эрдэмтэн, судлаач бүсгүйчүүдийн чуулга уулзалтыг 2023 онд эх орондоо зохион байгуулах хариуцлагатай үүргийг хүлээсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *