Categories
гадаад мэдээ

Шанхайн олон улсын импортын үзэсгэлэн нээгджээ

Шанхайн олон улсын импортын үзэсгэлэн өчигдөр нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь БНХАУ-ын зах зээлд өөрийн байр сууриа олохыг зорьсон гадаадын “жижиг, дунд бизнес эрхлэгчид”, үндэстэн дамнасан компаниудын хувьд борлуулалтын шинэ сувгаа нээж, бизнесээ өргөжүүлэх чухал гарц болдог байна.

1.4 тэрбум хүн амтай БНХАУ-ыг дэлхийн хамгийн ирээдүйтэй том зах зээл хэмээн судлаачид хардаг. Тиймдээ 2018 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа олон улсын импортын экспо гарааны бизнес эрхлэгчдийн хувьд өөрсдийгөө нээх томхон талбар болдог байна.

Цар тахлын дэгдэлтээс хойш дэлхийн олон оронд гарааны бизнесүүд уналтад орж эхэлсэн. Тэгвэл олон улсын импортын үзэсгэлэн нь гарааны бизнес эрхлэгчдийн хувьд бүтээгдэхүүнээ танилцуулах, бизнесийн түнш хайх, шинэ зах зээлээ судлах нэг цэгийн платформ болж байгаагаараа онцлог болжээ. Энэ жил үзэсгэлэнгийн 127 орон, бүс нутгийн 3000 орчим аж ахуйн нэгж оролцож байна.

Пакистаны бизнесмэн Хабиб Ур Рехман “Энэ удаагийн үзэсгэлэнд анх удаагаа оролцож байна. Үзэсгэлэнгээр дамжуулаад жуулчдад Гималайн давсан чийдэнгээ танилцуулж, илүү их мэдээлэл өгч байна. Гималайн давсан чийдэнгийн ач холбогдлыг хүмүүст ойлгуулж, Шанхайн зах зээлд танигдахыг тэсэн ядан хүлээж байна” гэлээ.

Шанхай хот бол гадаадын том, жижиг олон компаниудын Хятадын зах зээлд хөл тавих гүүр болдог. Тиймээс дан ганц гарааны бизнес ч биш, тус улсын зах зээлд нэвтрээд олон жил болсон үндэстэн дамнасан аварга компаниуд ч үйл ажиллагаа өргөжүүлэх үүднээс тус үзэсгэлэнд ордог байна.

“Shiseido china”-гийн Гүйцэтгэх захирал Фүживара Кентаро “Хятадын хэрэглэгчид гоо сайхны бүтээгдэхүүнд шинэлэг шийдлүүдийг хүлээдэг болсон. Бид хэрэглэгчидтэй хамтран ажиллаж, шинэ инновацийг бий болгохыг зорьж байна. Мөн олон улсын үзэсгэлэнд оролцож байгаа нь орон нутгийн компаниудтай хамтрах, ирээдүйн боломжуудыг судлах зорилготой” гэсэн юм.

Шанхайн олон улсын импортын үзэсгэлэнд оролцогч гадаадын бизнес эрхлэгчид олон улсын зах зээлд ч гарч чаддаг байна. Тус үзэсгэлэнгийн өмнөх гурван жилийн үр дүнд 201.6 тэрбум ам.долларын үнийн дүнтэй бизнесийн хэлцлүүд хийгджээ.

Харин энэ жилийн хувьд өнгөрсөн жилүүдийн мөнгөн дүнг давах магадлалтай байна. Энэ жил “Бүс ба Зам”-ын орнууд болон буурай хөгжилтэй орнуудын жижиг, дунд үйлдвэрлэгчийн тоо нэмэгдсээр байна. Харин ирэх арван жилд БНХАУ-ын нийт импорт 22 их наяд ам.долларт хүрнэ гэсэн тооцоолол гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *