Маэстро Д.Сосорбарамтай ярилцлаа.
-Тантай улс төр, нийгэм эдийн засгийн талаар ярилцмаар байна. Эхлээд эрх баригчдын улс орноо удирдаж байгаа байдалд таны дүгнэлтийг сонирхъё?
-Ерөөсөө тодорхой.Сая болсон нөхөн сонгуулийн дүнгээс харахад л ойлгомжтой байна. Нөхөн сонгууль болоход ирц хүрээгүй. Нэмэлт санал хураалт явуулсан ч мөн адил ирц хүчин төгөлдөр болсонгүй. Гэтэл эрх баригчид олонхоороо түрий бариад л Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиа зөрчөөд хүчээр тангараг өргүүлж байна шүү дээ. Монголын сонгогчдын өмнө тангаргийг тонгорог болголоо. Урьд хожид битгий давтагдаасай гэмээр дээрэм, тонуул болж өнгөрлөө. XXI зуунд иргэд маань өөрийнхөө амьжиргааг хуулиар хамгаалуулах, бизнесээ арвижуулах, ашиг орлоготой байхын тулд төр юмуу түшмэд мяндагтнуудыг ажил үйлс рүүгээ оролцуулахгүй байх сонголтыг хийх болчихсон. Гэтэл үүнийг байхгүй болгочихлоо. Өнөөдөр эрх баригчдын хамгийн адгийн муйхар мунгинаа арга бол энэ. Нэмээд хоёр яам байгуулна гэж байна. Ялангуяа цахим яам байгуулбал маш их аюул дагуулна. Энэ бол урд талын коммунист намд хэрэгжиж байгаа хортой үйл явдал. Иргэн болгоноо тагнаж, чагнаж, хувь хүний эрх рүү хэтэрхий хөндлөнгөөс оролцоно. Хүний болоод айл өрхийн бизнесийн нууц руу халдаж, довтолно. Өнөөдөр цахим яамтай, яамгүй иргэд дэлхийн хаанаас ч хоорондоо харилцаж, нэг нэгийнхээ царай төрхийг хараад ярилцаж байна. Ийм байхад цахим яам байгуулна гэдэг нь монгол хүн бүрд халдаж байгаа халдлага гэж үзэж байгаа. Энэ бол социалист, коммунист, фашист халдлага гэж дүгнэж байна. Эрх баригчид үүндээ бодолтой, дүгнэлттэй хандахыг сануулъя.
-Гэтэл төрөө улам данхайлгаж байгаа эрх баригчид тань шиг ингэж дүгнэх болов уу даа…
-Тэд үнэхээр дүгнэж чадахаа байчихсан юм байна. Уг нь эрх баригчид ардчилал гэж яриад байгаа юм. Ардчилал гэдэг бол цөөнхөө, хувь хүнийг боомилох, хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж, хямгадаж, айлган сүрдүүлэх гажуу үзэгдэл болчихоод байна. Би эрх чөлөө гэдгийг малгайлж яримаар байгаа юм. Монгол Улс эрх чөлөөтэй байх уу, монгол хүн бүрийн эрх юугаар хамгаалагдах юм. Хувь хүний эрхээрээ дамжаад хувийн өмч нь яаж баталгаажих юм. Энэ хоёр эрх дээрээ үндэслэгдээд хүн хоорондын,
бизнес хоорондын гэрээний эрх гэж юу юм. Энэ гурван үндсэн эрх тулгын чулуу шиг нэгдэж явах ёстой. Гэтэл энэ эрх баригчид үүн рүү орохгүй юм байна.
-Яагаад та ингэж үзэх болов?
-Одоогийн Ерөнхийлөгч чинь Ерөнхий сайд байхдаа Чөлөөт зах зээл байхгүй гээд дэлхий даяар зарлачихсан. Би хураах гэдэг үгэнд дуртай гэсэн. Ямарваа нэгэн өмчийг төр рүү хураая, төрд бөөгнүүлье гэснээ ч хийж байх шиг байна. МАН-ын 100 жилийн хугацаанд ийм боомилолт дуусахгүй явсаар өдий хүрлээ. Үүнээс гарах гарцгүй болтол нь ингэж авирлана гэдэг бол өнөөдрийн эрх баригчид дэндэж байна. Дэндэх дэндэхдээ буцаад социализм руу, бэлэнчлэх сэтгэлгээ рүү ухарч байна. Хэтэрхий халамжийн тогтолцоо руу явж байна. Иргэдээ халамжаар угжаад байна. Энэ бол ард түмнээ хорлож байгаагийн хэлбэр. Тухайн иргэн хөдөлмөрлөхгүй, залхуу, амьдралын идэвхгүй, зальхай, ядуу болох үндэс энэ.
-Уг нь Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжүүлж байгаа шүү дээ?
-Нарийндаа ярихад энэ эрх баригчид ярьсныхаа эсрэг үйлдэл хийж, хийснийхээ эсрэг ярьж байна. Ороо бусгаа аль XIX зуунд суурь нь тавигдсан альтруизм буюу золиос төлөөс болдог тийм үзэл санаатай. XX зуунд бий болсон прагматизм буюу мөнгөн ус шиг хаашаа л бол хаашаа гуйвж байдаг ийм үзэл санаатай эрх баригчид Монголд ноёлж байгаа. Энэ хэцүү. Эд нар өөрсдийнхөө энерциэр дампуурна. Үүнийг сонгогчид ч өөрсдөө харна. Харахаар барахгүй өөрсдийнхөө оюун санаа, бизнес гээд бүх зүйлдээ амсаад эхэлчихсэн байгаа.
-Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай сонгогддог болсон. Засгийн газар нь Их хурлаасаа илүү эрх мэдэлтэй болсон. Цаашид энэ эрх баригчид өөрсдийнхөө дарангуйллын тогтолцоог улам төгөлдөржүүлж, ноёрхлоо удаан хадгалах сууриа засаад яваад байна уу?
-Ерөөсөө л тэр. Дарангуйллынхаа, айлган сүрдүүлэх тогтолцоог бий болгох, хувь хүний эрхэд хэтэрхий халдаж байна шүү дээ. Өнөөдөр энэ дарангуйллыг сөрж, эсэргүүцэх, зоригтой залуус байгаа нь сайн. Тэд ямар ч гэм зэмгүй, буруу үйлдэл хийгээгүй, асар соёлтойгоор байгаа үйл явдлыг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлсэн “No Naadam”, “No double standart” хөдөлгөөнийхөн юм. Өнөөдөр эрх баригчдад ийм залуусын үгийг сонсох тэнхээ алга. Ертөнцийн анир чимээг олон талаас нь сонсох сонсгол нь дүлий болжээ. Эрдмээр буюу оюун санаагаар цэнэглэгдсэн оюуны сүв нь тагларчихаж. Коммунист үзэгдэл яг л ийм байдаг. Социалист систем, коммунист нөлөө, фашист хяналт гурав зэрэгцээд ирэхээр цааш явахгүй.
-Манай улс бол парламентын тогтолцоотой. Гэтэл ковидын түр хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын эрх мэдэл томорчихлоо шүү дээ. Их хурлынхаа үгийг тоодоггүй, Их хурал нь хүчгүй болсон гэж улс төрийн хүрээнийхэн ярж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Том эрх мэдлийг өөртөө авч байгаа нь үнэн. Манай энэ Ерөнхий сайд хийж байгаа хүүхэд чинь “Энэ ард иргэдийн эрх чөлөө хэтэрч байна. Ард түмэн дэндүү эрхэлж байна” гэж авч байна лээ. Харин амьдрал дээр эсрэгээрээ. Өөрсдөө бол эрх мэдлээр эрхэлж байна шүү дээ. Тэр зузаалсан Засгийн газрын эрх мэдлээр буцалтгүй тусламжийг буцалтгүй тонуул болгож байна. Ковидын үед гадна дотны хандивлагч орнууд, баялгаас орж ирсэн мөнгө хаана байна вэ. Зарцуулалтыг нь тайлагнадаггүй. Татвар төлөгчдийн мөнгөөр юу хийж байгаагаа тайлагнадаггүй учраас Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлж байна. Харин сонгогчид бол ямар ч эрх чөлөөний бололцоо байхгүй хумигдаж буй. Засгийн газар дарамталж, хүнд суртал гаргаж, хүний ажиллах бүх сонирхлыг халамжаар унтрааж байна. Нэг нь ард иргэдийг эрхлүүлж байна гэж ярьсан хэрнээ эрх мэдлээр өөрийгөө зузаалж байна. Энэ эрх мэдлийн цаана далд эдийн засаг, улстөрчдийн хуйвалдаан өрнөж байна.
-Эдийн засгаа тэлнэ, шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлнэ гээд том амлалтууд өгөөд байгаа л даа?
-Коммунизмын үед шинэ эргэлтийн бодлого гээчийг ярьдаг байв. Урд хөршид одоо ч ярьж, хэрэгжүүлдэг. Энэ бол сэргэхгүй. Өөрөө нурна, дампуурна. Ойрын үед эрх баригчдын дунд зөв үзэл бодолтой сайд дарга нар байгаа. Төр хэтэрхий оролцоод ирэхээр төрийн оролцоотой компани болгон дампуурч байна. Үүнийг үнэлдэг зарим эрх мэдэлтэй хүмүүс бий. Ер нь эрх баригчид өөрөө өөрсдийнхөө энерциэр дампуурна л даа.
-Ерөнхий сайд саяхан төрийн өмчит компаниудыг хувьчилна гээд УИХ-ын чуулганы индэр дээрээс зарласан. Тэгэхээр төрийн өмчийг дампууруулаад үнэгүйдүүлж хувьчилдаг арга байна уу?
-Товчхондоо энэ бол коммунист арга.
-Таныхаар өмч хувьчлалыг яаж зөв замаар явуулах вэ?
-Ил тод, шилэн байх хэрэгтэй. Нээлттэй зарлаад хүн болгон өрсөлдөх боломжийг олгоод орхи. Ер нь зах зээлийн эдийн засаг, ёс зүйтэй капитализм байя гэвэл чөлөөт өрсөлдөөн байна. Тэгээд үнэ чөлөөлөх ёстой. Гэтэл манайд тийм биш болохоор өнөөдөр үнийн өсөлт аяндаа гарч ирээд байна шүү дээ. Төр оролцохоор бүх юм баларна гэсэн ланжгар үг байдаг. Дэлхий өөрөө эргэдэг. Тэр лугаа жам ёсоороо өөрсдөө ажлаа хийгээд явъя. Тэрэнд төр битгий гай бол. Төр байя гэвэл маш цомхон бүтэцтэй байх хэрэгтэй. Монголд долоо, найман яам хангалттай. Дэд сайд гээд олон төрийн эрх мэдэлтнүүд хэрэггүй. Маш авсаархан татвартай байх ёстой. Ард иргэд нь хугацаандаа татвараа төлчихдөг тийм бүтцийг бий болгох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр татвар өндөр болохоор иргэд нуудаг. Ард түмэн өөрсдөө хар аяндаа луйврын сэтгэлд суралцаж байна шүү дээ. Татвар өндөр байх тусам хяналтын хүнийг авлигадна. Татвараа нууна. Төр өөрөө дээр, дооргүй хулгай, дээрэм тонуулын сэдэлтэй болгоод хаячихаж байгаа юм. Энэ бол манай тогтолцооны гажиг.
-Тогтолцооны гажгийг өөрчлөх ямар боломж байна вэ?
-Үндсээр нь өөрчлөх ёстой. Үүний тулд хувь хүний эрх, хувийн өмчийн эрх, гэрээ хэлэлцээр, эрх чөлөө, гэр бүлийн үнэ цэнийг дээдэлж байж тогтолцооны гажиг өөрчлөгдөнө. Гэр бүлийн үнэ цэнэ дээр үндэстэн өөрөө оршин тогтнодог. Өнөөдөр хувь хүний эрх чөлөөг боомилоод зогсохгүй хэлэх, ярих, хэвлэх эрхийг хааж байна. Хувийн болон хувьсгалын мэдээллийн хэрэгслийг бүгдийг нь байхгүй болгож байна шүү дээ. Дөрөв дэх засаглалыг Засгийн газар, эрх баригчид зүгээр л нам жим болгочихлоо. Гадаад, дотоодод гайгүй сургууль төгссөн хүмүүсийг Засгийн газар руугаа мөнгөөр цохиж авч байна. Энэ бол хорлож байгаагийн илрэл. Энэ алдагдсан эрх чөлөөг “No Naadam”, “No double standart” хөдөлгөөний залуус нэхэж жагсаад байгаа юм. Тэд маш зөв шаарлага тавьсан. “Ерөнхий сайд та хэдэн мянгаар нь хүнээ цуглуулаад ковидоо тараадаг. Энэ бол гэмт хэрэг” гээд эсэргүүцсэн. Ерөөсөө бизнесээ чөлөөлөөд явуул гээд үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн эрх чөлөөг төр засаг боогдуулснаар монголчуудыг үнэхээр айдаст автуулж байна. Тэр хувь хүмүүсийн ард байгаа гэр бүл, үр хүүхэд, ураг садан гээд нэлээд хэдэн айл айдаст автана. Тэгээд үндэстэн сүйрнэ. Тод жишээ хэлье л дээ. Хоёр, гуравхан хоногийн өмнө “No double” хөдөлгөөний 21 настай хоёр хүүхдийг баривчилсан. Ямар ч буруу үйлдэл хийгээгүй, зүгээр орцноосоо гарч ирэхэд нь цагдаа нар шууд гавлаад ачаад явсан байгаа юм. Тэдэнтэй хамт санаандгүй орцноос хамт гарч ирсэн огт танихгүй залууг хамсаатуулан баривчилсан. Энэ залуу амьдралаа залгуулах гээд хот хөдөөгийн хооронд хүн тээвэрлэх гэж зар бичээд тэрийгээ хүн ихтэй газар аваачиж наахаар гэрээсээ гарч ирж таарсан юм билээ. “Хэнтий рүү хүн тээвэрлэнэ” гэсэн бичгийг нь уриа лоозонтой андуураад “Энэ нөхөр талбай дээр очиж жагсах нь” гэж хүчнийхэн хардаад баривчилсан. Ингэхдээ зодож, нүдэж, гавлаж, гинжилсэн байгаа юм. Ямар ч гэмгүй хүнийг баривчлангуут эхнэр нь сандарч гарч ирээд, хүүхдүүд нь уйлалдаад тэр айлд ямар их түгшүүр бий болох нь ойлгомжтой. Гэтэл цагдаа нь “Амьдрал баян шүү дээ, уучлаарай хө. Би андуурчихлаа” гээд сууж байж болох уу. 1937 оны үед зүгээр хонь хариулаад явж байсан малчныг хороох хүнийхээ тоонд оруулах гэж баривчилж байсан хэлмэгдүүлэлттэй яг ижил үйл явдал болж байна.
-Сайн төр ямар байх ёстой вэ?
-Хамгийн түрүүнд энэ үндэстний дотор амьдарч байгаа иргэн болгоноо айдасгүй, тайван амгалан байлгах ёстой. Улмаар тэднийхээ эрхийг хамагаалах ёстой. Төрийн үүрэг бол хувь хүний эрхийг харгислал, хүчирхийллээс хамгаалах, хувийн өмчийг дээрэм тонуулаас хамгаалах, хүн хоорондын зөрүү, маргааныг ёс зүйтэй шүүдэг шударга шүүхтэй байх ёстой. Сайн төр бол энэ гурвыг хийдэг. Харин манайх эсрэг төр.
-Хоёр хөрш маань хилээ хаачихлаа. Одоо Солонгос хүртэл улаан бүсэд оруулж, нислэгээ зогсооё гэж байна. Хил гааль хаасан нөхцөл байдлыг боломж болгохын тулд бид юу хийж чадах вэ?
-Хил, гааль хааж байгааг том боломж гэж харж байгаа. Хэн нэгний хараат бусаар амьдарч чаддаг юм гэдгийг харуулах цаг болсон. Харамсалтай нь дотор талдаа коммунист дэглэм бэхжээд ирэхээр нэг аюул нь энэ. Хэрвээ чөлөөт зах зээлтэй бол хил гааль хаасан ч гэсэн Монголд боломж байна шүү дээ. Тэр боломжоо нээгээд гурав дахь улс руу арилжаа наймаа хийдэг, гэрээ контрактаа байгуулаад явах боломжтой.
Хоёр хөрш хилээ хаасан явдлыг би хоёр өнцгөөр харж байгаа. Өвчин эмгэгээс болж түр хааж байгаа байх. Нөгөө талдаа геополитикоор боолчлох гэсэн хоёр хөршийн айлган сүрдүүлэлт. Хойд, урдууд хүн юм болсон хойно өвчин эмгэгээсээ болсон байгаасай даа. Гэхдээ хил гаалиа хаасан ч монголчууд өөрсдийнхөө нөөц боломжийг ашиглах хэрэгтэй л дээ. Ямарваа хатуу үйл явдал, эрсэдлийг давах чадвараар тэр шалгуурт унахгүй байх цаг тулж ирж байна шүү дээ. Тэгэхээр манайханд амьдрах боломж байгаа.
-Ковидоор манай улс нэг сумын дайтай иргэдээ алдчихлаа шүү. Танд юу бодогдож байх юм?
-12 гаруй сая хүн амтай Токио хотод халдварын тоо бараг арав дотор эргэлдэж байна. Гэтэл гуравхан сая хүн амтай үндэстэнд халдварлаж байгаа тоо, нас барагсдын тоо огт буурахгүй байна. Өдөрт 18-аас доошгүй хүн ковидоор нас барж байна. Энэ гай юунаас болсон нь манай залуучуудын тавиад байгаа шаардлагын бодитой үйл явдал нь харагдаж байна. Тэгэхээр дабель стандартыг зөвшөөрөх ёсгүй. Үүний эсрэг тэмцэж байгаа нь зөв. Энэ үндэстэн цаашид олон жил наадаж, үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн цэнгэн хөгжилдье гэвэл ганц жил наадмыг өнжиж болно. Гэтэл зунжин хөдөө орон нутагт үргэлжилсэн найр наадам, уул овоодын тахилгын дараа нян нь тархаад, хот руу орж ирээд өвчлөл улам нэмэгдсэн. Энэ коммунистуудын харалган бодол. Шангирилад хэдэн мянган хүн цуглуулаад маргааш нь залуус эмнэлгүүд дүүргээд яав. “Зайсан хилл”-д пижигнээд Халдвартаар дүүрэн залуус очиж байна. Засгийн газар ард иргэдийнхээ эсрэг юм шиг үйлдэл хийгээд байгаагаа зогсоогооч ээ.
-Нэр хүнд, пиартаа амиа тавих шахам ач холблогдол өгөөд байх шиг ээ?
-Үнэн, үнэн. Ард түмнээ хамгаалах биш, дарангуйлал шинжтэй. “Ард түмэн эрхээ дэндүү их эдэлж байна” гээд байгаа хүн шүү дээ. Энэ чинь ард түмнийг чангална гэсэнтэй агаар нэг ойлгогдож байгаа биз. Ер нь коммунистууд ийм харалган бодлоготой байдаг. МАН-ынханд нэг л зүйл хэлье. Та нар дотор амьдрал, улс төрд туршигдсан, тулх суусан зөндөө улстөрчид бий. Оюун санааны хувд төлөвшиж, тэгширсэн хүмүүс ч олон. Тэгээд яагаад ямар ч төлөвшил байхгүй, хаана ямар сургууль төгссөн нь тодорхой бус Дэлхийн Зөн гэдэг байгууллагаар дамжсан хүүхдээр засгаа бариулна вэ. Энэ бол 100 жилийн түүхтэй МАН-ынхны гашуудал. Би үүнийгээ энэ намын 50-иас дээш насны хэд хэдэн хүн рүү утсаар “Та нарын толгой хуучраагүй байгаа шүү дээ. Туршлагажсан төрийн жинхэнэ хар хүмүүс бий дээ. Энэ хүнд цаг үед тэднийхээ толгойг ашиглах ёстой” гэж хэлсэн.
-МАН-ынхан лидерүүдээ үечлэлтэй гаргаж ирдэг гэдэг шүү дээ?
-Үе өөрчлөгдөж болно. Тэр үе төлөвшиж үү, үгүй юү гэдэг асуудал чухал. Хатуухан хэлэхэд бид хүний амьдралын таван үеийг давж байж төлөвшдөг юм байна. Тухайлбал, 49-ний жил, 61-ний жил хүрч байж жинхэнэ байр сууриа авдаг. Ухаандаа захирагддаг, ухаанаа олон салбар руу, олон сэтгэлгээний үнэ цэнэ рүү хуваарилж чаддаг байх ёстой. Ухаандаа биш унжлагандаа захирагдсан хэдэн нөхөд төр засагт орчихоор ямар нэмэр байдаг юм.
-Л.Оюун-Эрдэнийн хувьд нэн шинэ залуу Ерөнхий сайд гэдэг утгаараа аргагүй л туршлага дутаад байх шиг. Түүнийг хүний өөрийн намынхан нь ч ингэж дүгнэдэг. Ард түмэн нь хэдэн зуугаараа цар тахлаар нас барж байхад хөшөөтэй зууралдаад сууж байж таарах уу даа?
-Энэ бол нэн хорлонтой Ерөнхий сайд. Монгол Улс оршуулгын газар биш. Хэрэв хөшөө дурсгалтай байя гэвэл бизнес болгох хэрэгтэй. Хүмүүс тэнд нь мөнгө төлөөд ордог, дотор нь музей байдаг, орой дээр нь гараад алсыг хардаг, хөдөлгөөнтэй, үйлдэлтэй байж хөшөө үнэ цэнэтэй болно. Тэрнээс энд, тэнд буулгаад, бариад байх юм уу. Хөшөө баригсад өөрсдийнхөө далд урхагийг нууж байна. Аргал түүж байгаа эмээгийн хөшөө барьчихсан ч байх шиг. Ямар ач холбогдол, ямар үр дүнтэй юм бэ. Тэрүүгээрээ юу хэлэх гээд байгаа юм. Ямар ч филисофигүй байна, бид. Сонгогчид, уран бүтээлчид, улстөрчид ч ялгаагүй. Дээр хэлсэнчилэн золиос төлөөс буюу альтриустууд, нөгөө талаар үзэл санаа буюу прагматикууд байхгүй. Энэ чин дампуурал руугаа яваад байгаагийн дохио юм.
-Та яриандаа эрх баригчдыг дампуурал руугаа явж байна гэж хэд хэдэн удаа дурдлаа. Гэтэл хуулиар дарангуйллын сууриа бэхэлж байна шүү дээ. 2016 онд засгаа авангуутаа Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон. Одоо түүнийг цагаатгачихлаа. Хуучин нийгмийн дарангуйлагчаа алдаршуулж байна гэж эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй харагдсан. Харин ардчиллын үнэт зүйлийг нутагшуулахад анхнаас нь гар бие оролцож ирсэн таны хувьд ямар байр суурьтай байдаг юм бол?
-Ю.Цэдэнбалыг цагаатгасан юм бол өнөөдөр Лоохууз, Сурмаажав, Нямбуу, Аварзэд, Лхамсүрэн гээд гадаад яамны сайд байсан улсууд бүгд хэлмэгдээд хядлаганд өртлөө гээд коммунизмын үед молхиогдсон. Эднийг уг нь цагаатгасан юм. Тэгвэл тэднийг гэмтэн болгох хэрэгтэй болж хувирч байгаа байхгүй юу. Энэ их хэцүү. “Манайх мөртлөө хүнийх болсон хүмүүс” гэж манай түүхийг бодитой судалсан судлаачдын хэлсэн үг бий. Хойд коммунист хөршийн КГБ-гийн айхавтар нөлөө өнөөдөр мөнх байна. Цаашид ч мөнх байж магадгүй болчихлоо. Урд нэг том коммунист орон байгаа. Тэрний гар хөл болсон улсууд улс төрд байна. Сэтгэлгээний өндөр цар хүрээтэй, оюуны бядтай, нэмээд эр зоригтой манлайлах чадвартай, дарангуйлал, айлган сүрдүүлж байгаагаас буцахгүй, няцахгүй хүмүүсийн тоо нэмэгдээсэй. Улс үндэстнүүдийг харж байхад нэгэн суутан хүний хэлсэн үг санаанд орлоо. Толгойлж авч яваа тавхан хувь байдаг. 95 хувь нь шимэгч байдаг юм байна. Цөөхөн ч гэсэн манлайлж яваа, түрүүлж сэтгэж байгаа болгоныхоо үгийг сайн сонсож байх хэрэгтэй. Ардчилал гэдэг бол олонхоороо цөөнхөө дарангуйлдаг дарангуйллын тогтолцоо болчихожээ. Энэ ардчиллыг социализмаар сольчихлоо гэж хэлэх байна. Нөгөө талаар эрх баригчдад анзааруулж хэлэхэд би эд нарт өсөрхөж, дургүйлхсэндээ биш, бүх явдал суудал, үзэгдэлд баримт пакттай хандаж байгаа юм.
-Та “No Naadam”, “No double standart” хөдөлгөөний залуусыг нэлээд дэмжиж, дуугарч байгаа харагддаг. Тэдэнтэй ямар холбоотой юм бэ?
-Цөөхөн ч гэсэн ийм залуус, хэн нэгнээс хараат бусаар, аль нэгэн намын даалгавраар биш, дангаараа өөрсдөө бие даан сайн дураараа эвлэлдэн нэгдсэн. Бие биеэ танихгүй хэрнээ үзэл бодлын уулзвар дээр нэгдэж байгаа нь маш зөв хандлага. Ирээдүйд зөв үр соёолж байгаа юм байна гэж харж байгаа. Миний сэтгэлээ тэнийлгэх зүйл энэ байна даа.
Үргэлжлэл бий