Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Дугар: Монголын эрх баригчид Ханбогд-Хангимандалын нүүрс тээврийн авто замыг гацааж, улсаа хохироосон

Таван толгой, төмөр зам, авто замын асуудлаар улс төр судлаач Н.Дугартай ярилцлаа.


-Таван толгойг төрд авах асуудал одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2005, 2006 оны үед хөндөгдөж, иргэний хөдөлгөөнүүд төв талбайд жагсаж байсан. Үүний ард таныг удирдаж байсан гэх юм билээ. Таван толгойг төрд авахад таны үүрэг ройль юу байв. Тухайн үеийн үйл явдал өрнөх болсон шалтгааны талаар ярилцлагаа эхэлье?

-Таван толгойн бүлэг орд газрыг 1960-аад оны эхэн үеэс монголчууд ашиглаж эхэлсэн. Зөвлөлт Монголын геологичдын хамтарсан экспедици нөөцийг нь тогтоосон байдаг. Балансын нөөц нь 8.6 тэрбум тонноор хэмжигддэг. 1960-аад оны дунд үеэс хойш коксжих нүүрсийг Улаанбаатар хот руу татан авчирч, төмрийн үйлдвэрүүдэд ашигладаг байсан юм. Ахуйн хэрэглээнд ашиглах боломжгүй, илчлэг өндөртэй нүүрс шүү дээ. Цэвэр коксжих нүүрс нь 3-4 тэрбум тонн орчим нүүрс бий гэж тооцдог. Балансын 8.6 тэрбум тн нөөцөөс 5.6 тэрбум тн-ыг ашиглана гэж үздэг байлаа.

Социализмын үед ашигт малтмалын ашиглалтын нөөцийг тогтоохдоо балансын нөөцийн 60-70 хувийг нь ашиглана гэж тооцдог байв. Ер нь 100 хувь ч ашиглаж болно л доо. Ингээд 1980-аад оны үед Таван толгойн бүлэг ордыг Хойд Солонгос, зүүн европын орнуудад хамтарч ашиглах талаар тухайн үеийн төр засгаас санал тавьж байсан боловч металлургийн үйлдвэрт аваачихад үр ашиггүй байсан. Ингээд 1990 он болж, социалист систем нуран унаснаар эдийн засаг ч задарсан. Энэ үед гадаад харилцаа Монголын хувьд хомсдож ирсэн. 1998 онд Ашигт малтмалын тухай хуулийг УИХ баталж байлаа. Энэ хууль нь өөрөө нэлээд либераль маягийн. Ялангуяа гадныхны зааварчилгаа, үзэмжээр боловсруулагдсан хууль. Лиценз эзэмшигч нь банкинд барьцаанд тавьж, баталгаа гаргаж, зарж болно. Хэнтэй ч хувааж ашиглаж болохоор хууль байсан л даа. Энэ үед дэлхийд нэлээд дээгүүрт ордог, Австралийн нүүрсний том компани Таван толгой, Оюу толгойн бүлэг ордыг хуулийн дагуу эзэмшсэн. Ингээд Австралид 1999, 2000 оны үед буусан үерт уг томоохон компанийн уурхай өртсөнөөр нүүрсний зах зээлд дампуурах маягтай болж ирсэн. Энэ байдалдаа тэр компани дүгнэлт хийгээд Таван толгой, Оюу толгойн лицензийн төлбөрийг нь төлөх боломжгүй болоод Монголын төрд буцааж өгсөн түүхтэй юм. Тэр цагт мэдээлэлд ойр байсан манайхан голдуу алтны уурхай руу хошуурч байсан үе л дээ. Дээрх бүлэг ордыг хэн ч авахгүй байсан. Ингээд 2000-аад оны үед цэргийн бага дарга хийж байгаад халагдсан н.Батсайхан гэдэг хүн авсан. Тэрээр гадаад харилцаа холбоо төдийлөн сайнгүй байсан болохоор түнш хайж явж л дээ. Ингээд Сү.Батболд дээр очсон байдаг юм. “Та бол намайг бодоход гадаад харилцаа сайтай, хөл дээрээ тогтсон бизнестэй хүн болохоор хамтарч ашиглая” гэсэн санал тавьсан юм билээ. Ингээд Сү.Батболд 80 хувь, Батсайхан 20 хувийг нь эзэмшихээр тохирсон байдаг юм. 2003, 2004 оноос эхлээд Сү.Батболд энэ ордыг ашиглахаас илүү зарах тал руугаа хөөцөлдөж явсан. Үүнийг миний бие судалж, эсэргүүцсэн нь тэр. 2004 оны намраас эхлээд ил, далд сонин хэвлэлээр бичиж явлаа. Үүний нэг нь “Таван толгойн Батболд” гэсэн том нийтлэл. Сү.Батболд Таван толгойн бүлэг ордыг Хятадын Шинхуад зарахаар тохиролцож санамж бичигт гарын үсэг зурсан үе байсан. Шинхуа яагаад Таван толгойг сонирхох болсон шалтгаан нь нэг талаас 2000-аад оны эхээр Хятадын төр засаг металлургийн үйлдвэрээр дэлхийд номер нэг болгох тэргүүн зорилт тавьж, Бугатын үйлдвэрийнхээ хүчин чадлыг хэд дахин нэмэгдүүлэх том төсөл хэрэгжүүлж байсантай холбоотой. Хоёрдугаарт, Шинхуа бол Шинжаанаас Тянжиний усан боомт хүртэл өөрийн төмөр замтай байсан. Тиймээс Шинхуагийн хувьд Бугат руу Таван толгойгоос нүүрс зөөх нь хамаагүй ойрхон байсан. Иймд манай Таван толгойн коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ ч нэмэгдсэн. Хоёр тал хэд хэдэн удаа уулзахдаа хамгийн сүүлд нь үнэ ханшаа тохироод Бээжинд мөнгө төгрөгөө өгч, авалцахаар тохиролцсон байсан.

-Тухайн үедээ хэдий хэмжээний үнэ өртгөөр зарахаар тохиролцож байсан гэдэг билээ?

-Балансын нөөц нь 8.6 тэрбум тн хэмжээтэй Таван толгойн бүлэг ордыг 350-хан сая ам.доллараар зарах гэж байгааг нь мэдээд миний бие нэлээд эгдүүцсэн. Энэ талаар тухайн үеийн нэртэй сэтгүүлчтэй хамтарч нэлээд шүүмжилж, баримт дэлгэн бичиж байсан түүхтэй. Ингээд иргэний хөдөлгөөнүүдэд Таван толгойтой холбоотой материалуудыг өгснөөр тэд асуудлыг сөхөж, төв талбай дээр эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байсан юм. Ийм эсэргүүцэлтэй тулгарангуут Сү.Батболд арван хэдэн гэр бүлтэй хамтарч “Энержи Ресурс” гэсэн компани байгуулж, улс төрийн хамгаалалт хийсэн байсан. Нэгэнт ийм байсан ч би бууж өгөөгүй.

-Таныг Таван толгойг Монголдоо үлдээхээр тэмцэж байхад Оюу толгойн талаар дуугардаггүй гэж шүүмжилдэг байсан шүү дээ. Яагаад зөвхөн Таван толгойг ярьдаг байсан юм бэ?

-Санамж бичигт гарын үсэг зурчихсан, гадагшаа алдахад бэлэн болчихсон байсан учраас Таван толгойг ярих нь нэгдүгээр асуудал байсан. Харин Оюу толгойн төсөл хэрэгжээд, хөрөнгө оруулалт хийгдээд кноп дарах үед нь асуудлыг ярина гэдэг байсан. Оюу толгой шиг орд газар Рио Тинтод 100 жилд ч нэг удаа олдохгүй. Тиймээс хөрөнгө оруулалт хийгээд дуусаад үйлдвэр ашиглалтад орсных нь дараа дуугарах нь зөв. Тэр үед тэд хөрөнгөө хаяад явж чадахгүй шүү дээ.

-Сү.Батболд таныг иргэний хөдөлгөөнүүдийн ард байсныг мэдэж байсан уу?

-Тухайн үедээ мань эр энэ асуудлыг хэн турхираад байгааг мэдээгүй. Сэтгүүлчид бичээд байна гээд тэдэнтэй хөөцөлдөөд яваад байсан хэрэг.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо Сү.Батболд Таван толгойн бүлэг ордыг хамтарч ашиглах санал тавихад нь би татгалзсан гэсэн агуулгатай зүйл ярьж байсан?

-Тэр үед миний бие Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь ойрхон ажиллаж байсан учраас Таван толгойн бүлэг ордыг төрд буцааж авах ёстой гэж ярьдаг байлаа. Н.Энхбаяр дарга татгалзсан хариу өгсөн болов уу гэж боддог.

-Та “Цензургүй яриа” нэвтрүүлгээр “Энэ хоёр хувь дээрээ тохироогүй юм” гэж байсан санагдаад байна?

-Хэдийгээр Н.Энхбаяр 100 эрхэм нэвтрүүлэгт орохдоо тийм асуудал үүсээгүй гэж ярьж байсан ч энэ хоёр хувь дээрээ тохироогүй нь үнэн. Сү.Батболд нь 51 хувийг авбал зөвшөөрөх гээд. Харин Н.Энхбаяр нь 51 хувийг авах сонирхолтой байсан. Н.Энхбаярын 100 эрхэмээр ярьсан зүйл нь зүгээр л үлгэр.

-Ингээд Таван толгойг зарах гэж байсан луйврыг хэн ил гаргаж тавьсан нууц задарчихангуут Сү.Батболд тантай уулзаж байв уу?

-Хэд хэдэн хүнээр дамжуулж надтай уулзах санал тавьсан боловч би зөвшөөрөөгүй. Сүүлдээ нөхцөл байдал хүндрээд янз бүрийн дарамт шахалт ирж байсан учраас 2007 оны хавар уулзаж байлаа. Зуучилсан сэтгүүлчтэй нь хамт уулзаж байсан. Сү.Батболд намайг “Бороо гоулд, Таван толгой, Чингис гэсэн гурван нийтлэлийг сэтгүүлчид бичээд байна гээд бодож явтал та ард нь байжээ. Бүх асуудал дууссан хойно би тантай тооцоо бодно” гээд цаг гаруй загнаж, заналхийлсэн. Би бүгдийг нь сонсож сууж байгаад “Батболд оо, чамд зүрхэнд чинь эх орон гэсэн сэтгэл байна уу. Таван толгойн бүлэг орд газар бол монголчуудад бурхнаас өгсөн бэлэг. Чи ганцаараа эзэмших ёсгүй. Шинхуад 350 сая ам.доллараар зарах гэсэн баримт чинь байгаа шүү. Тэр байтугай орчуулагчдаа ажлын хөлсөө ч өгөлгүй новширч явааг чинь хүтэл мэднэ. Чи намайг хөнөөж ч болно. Надаас өс хонзонгоо авахаас чинь өмнө маргаашийн сонинд чиний Шинхуатай байгуулсан санамж бичиг гээд бүх баримтыг тавина. Дараа нь чи надтай яриарай” гээд хэлчихэв. Тэгэнгүүт мань эр шууд хоёр гараа өргөөд бууж өгсөн. Ингээд намайг “Таван толгойн бүлэг орд дээр хамтарч ажиллая, би бүх үйл ажиллагааных нь зардлыг гаргая” гэдэг байгаа. Би “Тийм юм байхгүй. Төрд буцааж өг. Тэрнээс нааш чамтай яриа байхгүй” гээд хэлчихлээ. Сү.Батболд “Би намын дарга, Ерөнхий сайдад амбицтай явж байсан. Одоо УИХ-ын гишүүнээр сонгогдвол их юм болчихлоо. Та миний бүх ажлыг дуусгалаа” гэсэн. Хариуд нь “Чи энэ орд газраа төрд буцааж өгөх юм бол чамайг ардын баатар ч болгож болно” гэлээ. Тэгсэн мань эр 350 сая ам.долларыг ганцаараа идэхгүй, арван хэдүүлээ хуваана, тэгээд ажлын байр бий болгоно гэдэг байгаа. Би түүнд “Чи ямар жижигхэн тархитай хүн бэ. Чамайг сайн бизнесмэн, боловсролтой хүн гэж дүгнэдэг байтал ямар жижигхэн бодолтой юм бэ. Чи Таван толгойн бүлэг орд газар хуулийн дагуу эзэмших эрхтэй. Өөрөө ашиглах юм бол 200 жил ашиглана.

Хүн бизнесээ томруулъя гэж боддог байтал чи жижигрүүлье гэдэг нь ямар сонин хүн юм бэ. Шинхуад 350 сая ам.доллараар зарах гэж байна. Тэгвэл цаана чинь гадаадын компаниуд зөвхөн лицензийг 1-1.5 тэрбум ам.доллараар авах санал тавьж байгаа шүү дээ. Авахад бэлэн компаниуд ч байна. Чи яагаад ингэж үнэлж болдоггүй юм бэ” гээд босоод явах гэтэл утсаа өгөөч гэдэг байгаа. Тэгэхээр нь наад зуучилсан хүнээсээ аваарай гэчихээд гараад явсан. Гурав хоногийн дараа Сү.Батболд надтай уулзъя гээд утсаар ярилаа. Ингээд манай гэрийн гадаа ирэхэд түүний машинд нь уулзсан. “Би таны үгэнд ороод шийдвэр гаргалаа. Таван толгойн бүлэг ордыг төрд буцааж өгөхөөр шийдлээ. Харин та намайг ардын баатар болгоно шүү” гэхээр нь “Чи эхлээд таван толгойгоо өгчихөөд наадахаа яриарай” гэсэн. Ингээд таван толгойн ордыг төрд авах шаардлагаар шахалт өгсөн үндсэн шалтгаан нь энэ. Би дотроо “Энэ нөхөр Таван толгойг төрд өгнө гээд намайг тайвшруулаад хулхидаж магадгүй гэж хаширлаад Н.Энхбаярт орж хэлсэн. Сү.Батболд Таван толгойн бүлэг ордыг ганцаараа эзэмших ёсгүй шүү. Төрд авна гэж мэдэгд гэж хэлсэн. Төд удалгүй Н.Энхбаяр Ерөнхийлөгч Таван толгойн ордыг төрд авах ёстой гэж мэдэгдсэн түүхтэй.

-Таван толгойтой холбоотой тухайн үеийн баримт материалууд танд бий юү?

-Тэд баримт, санамж бичгүүдээ шатаасан. Харин надад баримтууд одоо ч хадгалаатай байгаа.

-Таван толгойг төрд авах процесст С.Баяр дунд нь ажилласан гэдэг байх аа?

-Таван толгойн лицензийн төлбөр төлсөн, хайгуул хийсэн гэдэг шалтгаанаар Ухаа худгийг авч хоцорсон. Ухаа худаг бол Таван толгойн бүлэг орд газрын өрөм нь байсан. Тухайн үеийн хайгуулын нөөцөөр 480 сая тн-ын нөөцтэй. Үүний 70-80 хувь нь коксжих нүүрс. Хөрс хуулалт нь 35 метр. Энэ газрыг MCS-д өгсөн. Уг нь өгөх ёсгүй л дээ. Эд нар хайгуулын нэг ч өрөм тавиагүй. Өрмийн хоёр шон аваачиж хатгасан. Хүн харахад хайгуул хийж байгаа мэт харагдуулах гэж тэр. Ингээд С.Баяр Таван толгойг төрд авах шийдвэр гаргахдаа Ухаа худгийг MCS-д өгөхдөө өөрийнхөө эрх ашгийг шингээсэн. Намдаа УИХ-ын сонгуулийн санхүүжилт авсан. MCS Ухаа худаг дээр нүүрс угаах үйлдвэр байгуулсан ч тэр нь хулхи технологи байсан. Геологийн нөхцөл нь доошоо ухах тусам хүндэрч, коксжих нүүрсний чанар илчлэг буурсан. Ингэнгүүт 2012 оноос хойш том Таван толгойг авах гэсэн ажиллагаа явагдсан түүхтэй юм. Яагаад гэвэл хажуунаас нь шууд олборлоход коксжих нүүрсний илчлэг нь Ухаа худгийн гаргаж байснаас сайн чанарын нүүрс гараад ирэнгүүт эргээд Таван толгой руугаа дайрсан хэрэг. Энд М.Энхсайханы ахалсан баг төсөл боловсруулж, Засгийн газраас зөвшөөрч, УИХ-д оруулсан боловч зогссон. Үүнийг Х.Баттулга “Би Таван толгойг Монголд авч хоцорсон” гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ тийм биш. Засгийн газрын боловсруулсан төслийг УИХ батлах эсэх асуудлыг шийддэг. Тэрнээс Х.Баттулгын ярьсанчилан Таван толгойг хятадад өгөх гэж байхад нь авч хоцорсон гэдэг яриа бол үлгэр. З.Энхболд, Х.Баттулга хоёр Таван толгойг Монголын төрд авчирсан гэж худлаа пиар хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан түүхтэй.

-Ингэхэд таны боловсруулсан төмөр замын төсөл гацаж байсан цаад шалтгаан юу байсан юм бэ?

-2006 онд М.Энхболд Ерөнхий сайд боллоо. Үүний дараахан надтай уулзъя гэхээр нь би орсон. Бид хоёр Таван толгойн асуудал ярьсан. Та олон юм хийх гэж юм, юм руу самгардах хэрэггүй. Энэ УИХ-ын бүрэн эрх дуусахад хоёр жил хүрэхгүй хугацаа байна. Оюу толгой, Таван толгой хоёр мега төсөл хөдлөх нь тодорхой болчихлоо. Бугатад маш том хүчин чадалтай гангийн үйлдвэр ашиглалтад орчихлоо. Коксжих нүүрсний хэрэгцээ асар их байна. Тиймээс та Таван толгойгоос Зүүнбаян хүртэл төмөр зам тавь. Үүгээрээ коксжих нүүрсээ зар гэсэн. Та энэ коксжих нүүрсийг зарахын тулд дээр байгаа эрчим хүчний нүүрсийг хуулах болно. Энэ нүүрсийг овоолж хаяхгүйн тулд Дөрөвдүгээр цахилгаан станцаас дутахгүй хүчин чадалтай цахилгаан станц барь. Тэгээд Оюу толгой, Таван толгойг эрчим хүчээр ханга. Хятадад эрчим хүчний хомсдол байна, тийш нь экспорт хий. Илүү гарвал төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлээд дотоодынхоо хэрэгцээнд ард түмэндээ үнэгүй ч хамаагүй түгээчих. Үнэгүй өгөхөөс харамсаад байгаа бол өртгөөр нь зар. Ингэж чадвал Улаанбаатар утаанаас сална. Ийм хоёр ажлыг бариад авчих юм бол та хоёрхон тоолуур хараад мөнгөө тоолоод сууж байна гэж хэлж байсан. Энэ ажлыг хийж чадвал та түүхэнд үлдэх Ерөнхий сайд байна гэхэд мань эр хөдөлж өгөөгүй. Тэгэхэд төмөр замын тухай юу ч яриагүй. Харин М.Энхболд надаас ганцхан зүйл асуусан. Тэр нь “Дулааны станц барихад дулааныг нь яах юм бэ” гэв. Хариуд нь би “Цахилгаан станц бол ДЦС, КЭС гэсэн хоёр төрөл байдаг юм. Дулаан бол асуудал биш, 100 хувь КЭС байж болно. Гэхдээ тодорхой хэмжээний дулаан үйлдвэрлээд орон нутгийн дулааны хэрэгцээг хангаж болно. Эсвэл говийн өргөн уудам газарт өвлийн хүлэмж бариад дулаанаа тэнд ашиглаж, нарийн ногоо тарь. Хятадаас авч байгаа бүх нарийн ногоог тэнд тарьж болно. Мэдээж тэр нарийн ногоог хятадаас авахгүй. Монгол нарийн ногооны дотоодын хэрэгцээгээ хангачихна. Монголтой хил залгаа Сибирь нарийн ногооны хомсдолтой байгаа. Тийшээ экспорт хийж болно. Яагаад гэвэл Монголын хөрсөнд ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн учраас оросууд дуртайяа авна. Гуравдугаарт, Оюу толгой, Таван толгойд ажиллаж байгаа хүмүүсийн ар гэрт ажлын байр бий болно шүү дээ” гэхэд М.Энхболд юу ч хэлээгүй. Тэгээд ч удаагүй Засгийн газар нь огцорч, С.Баяр Ерөнхий сайд болсон. М.Энхболд тодорхой юм хэлээгүй учраас энэ төслийг 2007 онд Х.Баттулгыг хэрэгжүүл гэж хэлж байсан юм. Мань эр тэр үед сайд ч байгаагүй байсан. Төмөр замын төслийг нь л хийсэн. Гэхдээ тэр нь ТЭЗҮ, геодизийн зураглал байхгүй зүгээр л төсөөлөл байсан. Тэрийгээ хэрэгжүүлэхийн төлөө явсан хүн. Ингээд 2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлого батлагдсан. Энэ үед миний бие тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Сү.Батболд нартай ярилцаж байж энэ бодлогыг дэмжүүлсэн. Үүнийг Х.Баттулга өөрөө ч мэднэ. Төрөөс баримтлах төмөр замын бодлогоор өргөн цариг батлагдсан. Таван толгойгоос Гашуунсухайтын 267 км төмөр зам байсан. Батлагдсаны дараа Д.Дэмбэрэл гуай надад хэлэхдээ хамгийн түрүүнд 267 км төмөр замаа эхлүүлээрэй гэсэн. Би Х.Баттулгад “Эхлээд энэ замаа өргөн царигаар тавьчих. Тэрнээс олсон ашгаараа дараа нь Таван толгой- Хангимандал, Таван толгой-Зүүн баянгийнхаа төмөр замаа барь. Юманд ээлж дараалал байх ёстой гэж хэлсэн”. Мань эр Гашуунсухайт-Таван толгойн төмөр замыг хэзээ ч бариулахгүй гэж хэлсэн.

-Яагаад?

-Нарийн царигаар нь барихгүй, өргөн цариг гээд байгаа юм бол эхлээд өргөн царигаа тавь гэж би хэлсэн. Нарийн цариг бол Хятадаас орж ирсэн 267 км мухар зам шүү дээ. Тухайн үед юу гэдэг байлаа даа. Нарийн царигаар танк зөөнө гэж сүржигнэдэг байсан үе. Аль 18, 19 дүгээр зууны үеийн дайны тактик яриад байгаа цагт юм. Орчин үед танкийг төмөр замаар биш онгоцоор зөөдөг болсон. Танкны гүйцэтгэх үүрэг ч буурсан. Онгоцоор, пуужингаар тив алгасан дайтдаг эрин зуунд амьдарч байна бид. Ингээд төмөр замын асуудал гацчихсан. Тэгэнгүүт би дахиж нэг төсөл боловсруулсан. Нэгэнт төмөр зам гацсан учраас авто зам барья гэсэн.

-Автозамынхаа төслийн талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Энэ зам маань таван толгойгоос-Ханбогд-Хатанбулаг-Хангимандал гэсэн маршрут байсан юм. Үүнийг Бээжингийн авто замын зураг төслийн институт боловсруулсан. 430 орчим км-ийн урттай, 120 тн-ын хүнд даацын бүхий 1.2 метр зузаантай дөрвөн эгнээ зам барих төсөл байв. Нийт өртөг нь 650 орчим сая ам.доллар байсан. Монголын талаас геодизи, газрын шинжилгээ, ан амьтад, малчдын нүүдэл, бэлчээр гээд бүгдийг

судалж, тооцоолол гаргаж хийж байсан. Энэ зам дагуу хайгуулын болон ашиглалтын нийт 60 гаруй лиценз байдаг. Үүнээс 40 гаруй нь нөөц нь тогтоогдсон томоохон ордууд. Ерөнхийдөө энэ 430 км авто замыг ордууд руу нэлээд дөхүүлсэн маягтайгаар дараа нь салаалах боломжтойгоор зураг төслийг хийсэн. Хятадад ч байхгүй тийм сайн замын төсөл. Мал амьтдын нүүдлийн замыг тооцоод дандаа нүхэн гарцуудтай барихаар зураг төслөө боловсруулсан л даа. Энэ зам дагуу жолооч нарын амрах зогсоол, ариун цэвэр, амралтын байр, хоолны газар зэргийг иж бүрнээр төлөвлөсөн байсан. Уг төслийг би Х.Баттулгыг Зам тээврийн сайд байхад нь оруулж танилцуулаад хэрэгжүүлье гэсэн. Ингэхдээ “Говь-Таван толгой” гэдэг компанийн нэрээр оруулсан юм. Бараг жил гаруйн хугацаанд шийдэгдээгүй байсаар концессын хууль батлагдангуут тийш нь шидчихсэн байсан. Тэр бол байж болно. Томоохон төсөл юм чинь. Энэ төсөлд Бугатын металлургийн үйлдвэр, Хөх хот, Бээжингийн гээд долоо, найман томоохон компани консерциум болж хэрэгжүүлэхээр байсан. Үүгээр жилд 40 орчим сая тн нүүрс зөөнө гэсэн тооцоололтой байсан. Тэр үед Монголын төмөр зам жилдээ 20 орчим сая тонн ачаа зөөсөн байдаг юм. Ингээд концессын шалгаруулалтад ороод манай төсөл эхнийхэд шалгарсан. Гэтэл арваад хоногийн дараа Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар намайг дуудаад “Чиний энэ тендерийн шалгаруулалтыг хүчингүй болголоо” гэсэн. Үүний дагуу гурван шатны шүүхээр явлаа. Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхээс хүртэл манай компанийн талд шийдвэр гаргасан. Гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад концесс ч зарлаагүй. Тэрийг тэр чигээр нь орхисон. Уг нь төслийн хүрээнд Монгол, Хятадын хамтарсан компаниуд энэ том бүтээн байгуулалтыг хоёр жил хагасын дотор бариад 15 жил ашигласны дараа Монголын төрд үнэгүй буцааж өгөх байсан юм.

-Концессоор шалгараад, гурван шатны шүүхээр яваад ялчихаад байхад яагаад төслийг гацаав. Үүний ард хэний эрх ашиг байв?

-Цаад зорилго нь Сү.Батболд өөрийнхөө намын Бага хурлын гишүүн болох “Мон- Лаа”-гийн Энхсайхантай хамтарсан компани байгуулаад ажиллаж байсан Дорноговийн Засаг дарга байж байгаад УИХ-д сонгогддог Ж.Батсуурь нарт авч өгөх гэсэн оролдлого явсан. Эд нар Хөх хотын өөр компаниудтай яриад олон сая юанийн авлига авсан баримт нь надад байгаа.

-Яагаад заавал энэ авто замыг Хангимандалаар тавих гээд байсан юм бэ?

-Энэ замаар тээвэрлэх нүүрс Бугатын үйлдвэрийн ар шилд очиж байгаа юм. Гашуунсухайт Ганцмодоор явахаар хэдэн зуун км төмөр замаар тээвэрлэж, Бугатад хүрнэ. Өндөр хүчин чадалтай зохион байгуулагдсан авто тээвэр бол төмөр замаас илүү ачаа тээвэр зөөнө. 120 тн-ын даацтай 500 машинаар нэг удаа явахдаа 60 мянган тн нүүрс зөөх нь байна. Төмөр зам хос биш учраас нүүрсээ буулгаад буцаад эргэх ямар ч боломжгүй.

Нэг шулуун замаар зорчдог. Харин манай төслийн хүрээнд төлөвлөгдөөд байсан хоёр, хоёр урсгалтай дөрвөн эгнээ замаар тооцоход жилд 40 сая тн нүүрс гаргах байлаа. Энэ төслийг Х.Баттулга, Сү.Батболд, Д.Сугар, Зам тээврийн яамны ТНБД байсан Ж.Бат-Эрдэнэ нар гацааж Монголыг хорлосон түүхтэй.

-Танд ямар баримтууд байгаа вэ?

-“Мон-Лаа”-тай холбогдох гараар болон хятадаар бичсэн баримтууд байгаа. Ерөөсөө энэ төслийг Дугар гэдэг хүнд өгч болохгүй гэдэг үүргийг Сү.Батболд Д.Сугарт өгсөн байдаг юм. Би М.Энхболдыг Шадар сайд байхад нь орж уулзахад “Эд нар наагуураа таныг дэмжинэ гэчихээд битгий өг гэдэг юм билээ” гэж байсан. Уг нь мань эр энэ төслийг их дэмжиж байсан хүний нэг л дээ.

-Сү.Батболд Таван толгойн ордыг төрд алдсандаа танд юм бодоод яваад байжээ?

-Тийм бололтой.

-“Ардын баатар болгож өгөөрэй” гэснийг нь тоогоогүй юм уу?

-Таван толгойгоо төрд өгчихөөд “Надад юу ч байхгүй” гэж энхийн цагаан тагтаа царайлж байсан хүн шүү дээ.

-Тэгсэн хэрнээ цаанаа Ухаа худгийг аваад үлдчихсэн байж уу?

-Харин тийм. 2008 оны сонгуулийн дараа “Та намайг ардын баатар болгоно гэсэн дээ” гэж сануулж байсан. Тэгээд долдугаар сарын 1-ний асуудал боссон л доо. Ухаа худаг, Оюу толгойтой холбоотой асуудлаар С.Баярыг шахаж байж Сү.Батболдыг Ерөнхий сайд болгож байсан. Энэ явдалд Женко надад их дургүйцдэг юм. Та “Сү.Батболдыг дэмжлээ” гэхээр нь би ганцхан зүйл хэлдэг. “Сү.Батболдыг Ерөнхий сайд болгох нь чухал уу, С.Баярыг огцруулах нь чухал уу” гэдэг асуудал миний өмнө тулгарсан юм. Би тэрүүгээрээ шийдсэн” гэж.

-С.Баяр таныг баривчлуулсан бил үү?

-Долдугаар сарын 1-ний орой 19.31 цагт цагдаа, тагнуул хоёрт Н.Дугарыг барь гэж үүрэг өгсөн байсан. Мэдээж намайг баривчлах шалтаг байгаагүй болохоор бариагүй. Харин сарын дараа бол тагнуулын байгууллага намайг баривчилсан шүү. С.Баяр Ухаа худгийг MCS-д шийдэж өгснийхөө төлөө маш их авлига авсан байдаг. Намын байраа шатаасан. Таван хүний амь үрэгдсэн долдугаар сарын 1-ний ажиллагааг зохион байгуулагч нь С.Баяр гэж түүнийг шахаж байгаад Ерөнхий сайдаас нь огцруулах ажиллагааг явуулсан.

-Та М.Энхболдыг Ерөнхий сайд байхад нь ойр байсан юм байна. Мөн тэрбээр таны боловсруулсан авто замын төслийг дэмжиж байсан хүмүүсийн нэг байсан бололтой. Харин та түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь дэмжсэн үү?

-2017 онд М.Энхболд УИХ-ын дарга байхдаа Ерөнхийлөгчид нэр дэвшчихээд намайг урьж уулзсан. “Та намайг та дэмжинэ биз дээ. Судалгааны үр дүн ямар байна” гэж асууж билээ. Тэгэхэд нь би шулуухан л хэлсэн. “Та сонгогдохгүйгээр судалгааны үр дүн гарч байгаа шүү. 2006 онд таныг Ерөнхий сайд болсны дараахан Таван толгой-Зүүнбаянгийн төмөр зам, Дөрөвдүгээр цахилгаан станцаас дутахгүй хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр бий болго гэж хэлсэн. Та үүнийг хэрэгжүүлээгүй. 2006 оноос хойш 11 жил өнгөрсөн байна. Энэ хугцааанд 400-гаадхан км төмөр зам, Дөрөвдүгээр цахилгаан станцаас дутахааргүй хүчин чадалтай цахилгаан станц барьж чадахгүй Монголын төр гэж хаашаа харсан байдаг юм. Та тэр төслийг миний үгэнд ороод хэрэгжүүлсэн бол одоо ашиглалтын тууз хайчлаад, ардын баатар болчихоод Ерөнхийлөгчийн сонгуульд гарах ялалтын оноогоо халаасалчихсан байх байсан.

Өнөөдөр хар даа та. Нүүрс нь байдаг, тээвэр нь гацчихсан. Цахилгаан станц барьчихсан бол өнөөдөр Оюу толгойд нийлүүлэх боломжтой байсан. Гэтэл Оюу толгой дэлхийн зах зээлийн үнээс өндөр үнэтэй эрчим хүчийг Хятадаас авч байна. Жилдээ 400-500 сая ам.доллар гадагшаа урсгаж байна. Хэрвээ станц барьж чадсан бол энэ мөнгө Монголдоо шингэх байсан юм. Өнөөдөр Улаанбаатар хот ч утаанаас салсан байх байсан. Ийм учраас би таныг дэмжиж чадахгүй” гэж хэлсэн. Ийм яриа болоод бид хоёр тийшээ салсан.

-Хэрэв таны төсөл биеллээ олж, зам ашиглалтад орсон бол өнөөдрийн боомт дээрх тээврийн асуудал үүсэхгүй байжээ?

-Жилд 40 сая тн нүүрс гаргаад байх боломжийг Монголын эрх баригчид, шийдвэр гаргах түвшний нөхдүүд гацааж, улсаа хохироосон. Өнөөдөр хил дээр тэр олон машиныг гацаагаад оочерлуулаад байгаагийн цаад эзэд нь дандаа улстөрчид. Нэгнийнх нь эрх ашиг хөндөгдөгдөхөд нөгөөхөө турхирч байдаг. Тэрнээс нэг эзэнтэй, нэгдсэн бодлоготой нүүрс тээврийн компани байх юм бол тэнд ийм маргаан өрнөхгүй. Нэгнийх нь эрх ашиг хөндөгдөхөөр нөгөөх нь шантааж хийж явдаг. Манай шийдвэр гаргагчид таван алхмын цаадахыг хардаггүй. Харин тавин алхмын цаадах мөнгийг яаж идэх вэ гэдэгтээ ухаанаа уралдуулдаг.

-Манай улс дотооддоо цар тахлаа барьж дийлээгүйгээс болж хоёр хөрш хилээ хаачихлаа. Энэ нөхцөл байдалд бид яах ёстой вэ?

-Энэ бол манай өөрсдийн олхиогүйн хэлбэр. Бид хоёр их гүрний дунд хавчуулагдсан байна. Тэдэнтэйгээ эв зүйгээ олж харьцахгүй бол хашаа давж хэнтэйгээ харьцах юм бэ. Ядаж энэ их гүрэнтэйгээ эв зүйгээ олоод өөрийн гэсэн байр суурьтай болчих хэрэгтэй шүү дээ. Тийм байж чадахгүй байж дэлхийд битгий хэл бүс нутагтаа байр сууриа олох юм уу.

Манайхны нэг том алдаа бол аливаа асуудалд улс төрийн өнцгөөс ханддаг. Уг нь эдийн засгийн үр ашгийг нь харж харьцах ёстой. Улс төрөө хоёрдугаарт тавих хэрэгтэй. Хоёр хөрштэйгээ хийж байгаа худалдаа маань ашигтай бол харьцах л ёстой. Дэлхий өөрөө худалдаан дээр тогтож байгаа. Хоёр хөрштэйгөө учир зүйтэй харилцсан бол аль хэдийнэ төмөр зам, авто замаа барьчихсан байх байсан. Бодлогогүй, туршлагагүй, боловсролгүй ганцхан мөнгө шүтдэг нөхдүүд төр засаг удирдаад байх юм. Ядаж жаахан ч гэсэн эх оронч сэтгэлгээтэй баймаар сан.

-Ер нь ингээд хил хаагдчихсан үеийг яаж боломж болгох вэ. Бид дотооддоо юу хийж чадах вэ. Эдийн засгаа яаж авч явах уу?

-Өнөөдөр Хятад Гашуунсухайтаар өдөрт 600 машин авъя гэж хүсэлт ирж байна. Тэнд авто зам, төмөр зам ашиглалтад орсон бол ковидын асуудал яригдахгүй. Яагаад гэвэл төмөр зам бол олон улсын конвенцоор зохицуулагддаг. Тиймээс ковидтой ч дайнтай байсан ч явж л байна. Автозам бол хил даваад PCR-ын шинжилгээ өгөөд нүүрсээ буулгаад явна шүү дээ. Монгол өөр өөрийнхөө хүчинд л хөгжих ёстой. Монголын асуудлыг Орос, Хятад, АНУ хариуцах юм уу. Монголд мөнгө, хөрөнгө бий. Гэвч зөв, арвич хямагач зарцуулахгүй, хамаа намаагүй цацаад байна шүү дээ.

Дээрээс нь сонгогчдын саналыг татахын тулд халамжийн хууль гаргасаар байгаад халамжид живсэн улс болгочихлоо. Хүүхэд болгонд 100 мянган төгрөг өг, хөгшчүүдэд 600 мянган төгрөгийн халамж өг, группт оруулаад өг гэж хэн ч шаардаагүй биз дээ. Тэгснээ өөрсдөө халамж амлаж, тэрэндээ боомилогдоод. Монголыг хохироож байна.

-Төмөр замын тухайд Х.Баттулга барьсан шүү дээ?

-Тийм ээ, барьсан. Гэхдээ энэ төмөр замыг ашиглатлаа дахиад нэг, хоёр жилийн зай байна байх. Яагаад гэвэл Таван толгой дээр байгаа эцсийн цэг нь уурхай руугаа холбогдоход 30 гаруй км дутуу байгаа. Хоёрдугаарт, ачих терминал баригдаагүй. Тэр төмөр замыг улсын комисс хүлээж аваагүй. Төмөр замыг зүгшрүүлэх технологи нь хийгдэж байгаа. Үүнд дор хаяж жилийн хугацаа шаардлагатай. Тэр талаар ирэх оны төсөвт хөрөнгө суулгахаар одоо яригдаад байх шиг байна.

-Гашуунсухайт-Таван толгойн төмөр зам барьж байгаа байх аа?

-Х.Баттулгын тавьсан төмөр замын суурь бүтэц нь Хятадаас орж ирэх замтай зөрчихсөн. Бас ойрын нэг хоёр жилдээ ашиглалтад орохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *