Categories
xурдан-морь мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Ариунболд: Монгол адууг генийн түвшинд ялгаж бүртгэлжүүлснээр хурдан морины уралдаан тойрсон хэрүүл цэгцэрнэ

Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболдтой Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд ярилцлаа. Намрын чуулганаар тус хуулийн төслийг хэлэлцэж батлах юм.


-Баяр наадмын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах сураг гарсаар нэлээд хугацаа өнгөрчээ. Яг ямар үйл явц өрнөж энэ ажил гацаад байна вэ?

-Дэлхийд Монгол гэх үндэстэн байдаг гэдгийн баталгаа болгож ЮНЕСКО 2010 онд биет бус соёлын өв Монгол наадмыг хүн төрөлхтний соёлын жагсаалтад бүртгэж авсан байдаг. Үндсэн зарчмын тухайд өв соёлыг хуульчилж болдоггүй. Өв соёл гэдэг

Энэ хуулийн төслийн хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн Засгийн газрын 57 дугаар тогтоолоор Засгийн газар өөрөө энэ хуулийг санаачилсан. Явцын дунд 2018 оны үеэс УИХ-ын гишүүн Х.Болорчулуун сэрвээний хуулийг боловсруулчихсан явж байгаад Засгийн газрын ажлын хэсгийг хоёр ч удаа тарааж байлаа. Хуулийн төслийг нь бэлдчихээд байхад л тухайн үеийн Шадар сайд Я.Содбаатарын зүгээс “Баяр наадмын тухай хуульд Морьтой холбоотой хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулахгүй” гэсэн төслийг Засгийн газрын хуралдаанаар оруулж байлаа. Засгийн газрын хурлаар орсон өдөр нь төв талбайд жагсаал болж, орой нь Шадар сайд огцрох өргөдлөө өгч байсан удаатай. Харин 2021 оны хавраас Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах арга, аргачлалын дагуу боловсруулсны үндсэн дээр Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Шадар сайд С.Амарсайхан нараар үзэл баримтлалыг нь батлуулсан хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байна.

-Баяр наадын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор үндэсний морин уралдаанд томоохон өөрчлөлтүүд орж байна. Нэгдүгээрт баяр наадмын хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн ангиллаар зохион байгуулах тухай заасан байдаг. Тэгвэл энэ зургаан насны ангиллаар ямар морь уралдахыг нарийвчилж заагаагүй байсан юм. Ямар морь уралдахыг зааж өгөөгүй учраас “Морьдыг ялгахгүй уралдуулах юм биш үү” гэх ойлголт яваад байдаг. Энэ төсөлд “Монгол наадмыг уламжлалт ёс заншилд тулгуурлан зохион байгуулна” гэж тодорхой хуульчилсан байгаа. Ёс заншил гэдэг зүйлд тулгуурлаад үзэхэд зөвхөн монгол морь уралдах ёстой болж байгаа юм. Хуулийг үгийн шууд утгаар нь тайлбарладаггүй. Хуулийг хэрэглэж буюу тодорхой бусад зүйл заалтуудтай уялдуулж тайлбарладаг. Яг монгол морь уралдана гэж заагаагүй ч концевцийн хувьд монгол морь уралдахаар заасан байгаа.

-Гол маргаан адуу ялгахад л гардаг шүү дээ. Эрлийз, монголын асуудал хурцаар яригддаг. Энэ асуудлыг шийдэх ямар гарц хайж олов?

-“Монгол үүлдрийн стандартад нийцсэн адуугаар уралдаж зохион байгуулна” гэж энэ төсөлд суусан байгаа. Дараагийн асуудал бол уралдах морьдоо заавал урьдчилж бүртгүүлнэ. Улсын хэмжээнд цахим бүртгэл хийх юм. Уралдах морийг амьдралынх нь турш нэг удаа л бүртгэлжүүлнэ. Тэр морь хаана ч очсон бүртгэлийн үнэмлэхээ үзүүлээд л уралдана. Морины бүртгэлийн дэд хороог байгуулах тухай заалтууд энд тусгагдсан байгаа.

Шинэчилсэн найруулгад орсон өөр нэг том өөрчлөлт нь уяачийн үүргийг нэмэгдүүлж өгсөн. Ёс жудаг хууль тогтоомж журамтай холбоотой үүргийг зөрчсөн тохиолдолд хариуцлагыг цахим систем рүү шилжүүлж Зөрчлийн бүртгэл, мэдээллийн сан үүсгэх заалтуудыг энэ хуульд тусгасан.

Манай үндэсний холбооноос өгсөн өөр нэг санал нь баяр наадам зохион байгуулж байгаа хүмүүст өөрсдөд нь хүлээлгэх хуулийн зохицуулалт байдаггүй. Журам зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх ямар ч боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, зохион байгуулж байгаа морины даамал нөхөр хууль тогтоомжоо зөрчиж эрлийз адуу уралдуулахад хүлээлгэх хариуцлага байхгүй. Хариуцлага хүлээх боломжтой субьект нь бөх, уяач, харваач гурав л байгаад байдаг. Өнөөдөр хурдан морины салбар дахь завхралыг наадам зохион байгуулж байгаа нөхдүүд л үүсгэдэг. Хууль тогтоомжийг зөрчсөн хэн ч хариуцлага хүлээх боломжтой байдлаар хуульчилж өгсөн. Хариуцлага, зөрчлийн асуудал ил тод цахимжаад ирэхээр энэ салбарт үүссэн гажуудал тодорхой хэмжээнд буурна.

-Монгол морины стандарт гэж та бүхэн юу яриад байна вэ. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн адуугаар уралдана гэж тодорхой зааж оруулсан. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад зөвхөн ямар адуу уралдахыг нь заагаад өгчихөж байгаа юм. Адууг ялгаж бүртгэх субьект нь Хөдөө аж ахуйн яам, түүний харьяа агентлагууд. Малыг бүртгэлжүүлэх журам бий. Малын генетик нөөцийн хуулийн дагуу гаргасан журам л даа. Энэ журмын дагуу малыг үүлдрээр ялган бүртгэлжүүлнэ. Монгол бол монголоор нь, эрлийз бол эрлийзээр нь, цэвэр цусных бол цэвэр цусныхаар нь бүртгэнэ гэж заасан. Малын генетик нөөцийн тухай хуульд хоёр буюу түүнээс дээш үе нутагшсан үүлдрийг нутагшсан үүлдрээр бүртгэж болно гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, эрлийз адууг тодорхой нэр оноогоод нутагшсан үүлдрийг үүлдэр болгож бүртгэлжүүлж болно гэх зүйлийг нээлттэй болгосон. Хамгийн түрүүнд удам зүйн түвшинд л бүртгэлжүүлэх шаардлагатай байгаа юм.

-Генийн түвшинд бүртгэлжүүлэх хэрэгтэй гэж та ярилаа. Харин З.Мэндсайхан сайд монгол адууг физик хэмжигдэхүүнээр тодорхойлдог шүү дээ. Үүний ялгаа зааг, ач холбогдол нь юу вэ?

-Малыг генетикийн түвшинд бүртгэлжүүлнэ гэх хуулийг 2018 онд батлаад 2019 оноос хойш хэрэгжүүлээд явж байна. Энэ хуулийн хүрээнд адууг геномын өвөрмөц дарааллаар бүртгэлжүүлнэ гэж хуульчилсан. Геномын өвөрмөц дараалал гэдэг бол монгол адуу генийн түвшинд бусад адуунаас өвөрмөц дараалалтай байдаг. Тэр дарааллыг олж тогтоогоод бүртгэлжүүлнэ гэх хуулийн төслийг баталсан. Үндэсний холбооны зүгээс энэ хуулиа хэрэгжүүлэх хүсэлтийг ХХААЯ-нд 2019 оноос хойш удаа дараа тавьсан. 2020 оны сайдын багц дээр тодорхой хэмжээний мөнгө төсөвлөгдөж монгол адууг генетикийн түвшинд тогтоох ажлын хэсгийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, монгол адууны геномын өвөрмөц дараалал гэдэг энэ юм гэдгийг тогтоох гээд байна шүү дээ. Нөгөө талд хүмүүс харьцуулах эх сурвалж байхгүй болохоор та нар ялгаж чадахгүй гээд байгаа юм. Харьцуулах эх сурвалжийг нь шинээр бүтээж байгаа л ажил. Ингээд улсын хэмжээнд 1500 адуунаас төлөөлөл болгож монгол адууны 60-70 жил бүрдүүлж бий болгосон эрдэмтдийн судалгаанд тулгуурлаж, 10 сумаас 1500 адууны цусны дээж авсан. Энэ ажил хэрэгжээд дуусах шатандаа орж байхад эрлийз морь уядаг, ашиг сонирхлын зөрчилтэй Загджавын Мэндсайхан гэж хүн “Төсөв санхүү байхгүй” гэх шалтгаанаар зогсоосон. Ингээд З.Мэндсайхан 2010 онд баталсан монгол үүлдрийн адууны стандарт гэдэг зүйлийг 2020 шууд шинэчлэн баталсан байдаг. 2010 онд баталсныг хүчингүй болгоод шинээр баталж байгаа юм. Шинээр батлахдаа геномын түвшинд батлах ёстой. Гэтэл генийн түвшинд тогтоох ажлыг гацааж байгаад зөвхөн физик хэмжигдэхүүнээр нь монгол адууны стандартыг баталсан. Адууг геномын түвшинд бүртгэлжүүлэх ажилд физик хэмжигдэхүүн нэг их чухал биш. Тэр олон шалгуурын нэг л үзүүлэлт нь. Тухайн асуудлыг шийдвэрлэхэд оновчтой гарц, шийдэл биш л дээ. Салбарын сайд нь монгол адууг геномын түвшинд бүртгэлжүүлэх ажлыг өөрөө гацаана. Тэгээд эрлийз морь уяна. 2021 онд Ховд аймагт зохион байгуулагдсан уралдаанд З.Мэндсайхан сайд монгол ангилалд эрлийз морь түрүүлгэсэн байдаг. Нутгийнх нь дов дээр нь нутгийн уяач нь сайдын морийг хассан тохиолдол ч гарсан. Үндсэндээ энэ завхралыг адууны фермер хийдэг, адуугаа уядаггүй уяачид хурдан морины салбарт орсноор бий болгож байгаа юм. Ингэснээр үндэсний гэх тодотголтой өв соёл малчдын наадмыг булааж байна л даа. Наадах эрхийг нь хязгаарлаж байна. Зөвхөн спортын чиглэлээр хөгжлүүлж бий болгосон адуутай эрлийзжүүлсэн адууг монгол морьтой хольж уралдуулснаар тухайн наадамд шударга бус байдлыг бий болгож байгаа юм. Шударга бус байгаа учраас малчид наадамдаа ирэхээ ч больж. Төрийн наадмын үнэ цэнэ ч унасан.

-Таны хэлж байгаагаар Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар малчид, уяачдад л таатай нөхцөл бүрдэх нь дээ.

-Үндэсний их баяр наадам бүх ард түмэнд тэгш хүртээмжтэй, бизнесийн ашиг хонжоо олох зорилгогүй байх ёстой. Ийм ч учраас ЮНЕСКО албан ёсоор бүртгэж авсан. Бизнесийн зорилготой үйл ажиллагаа болж эхлэх юм бол ЮНЕСКО бүртгэлээ хүчингүй болгодог журамтай. Сүүлийн үед НҮБ-аас “Танай өв соёл, баяр наадамд унаган төрхөө алдаж байна. Бизнесийн зорилготой болж хөгжих гэж байгаа бол үүндээ хүүхдүүдийг битгий оролцуул” гэсэн шаардлага л тавьж байгаа юм билээ.

-Сэрвээний өндөөр хэмжиж уралдуулна гэж шинэ цагийн монгол адууг хамгаалаад байгаа Х.Болорчулуун, З.Мэндсайхан нарын тэргүүтэй хүмүүст ямар ашиг сонирхол байна вэ. Эрлийз адууны бизнесээ хамгаалаад байна уу?

-Шууд хэлэхэд тийм. Адууны фермер хийдэг хүмүүст эрлийз адуугаа борлуулах үндэслэл хэрэгтэй шүү дээ. Эрлийз адуу уралдаад байхад малчны хотноос биш, фермерээс адуу авах сонирхол төрнө. Фермер эрхэлж байгаа хүмүүс малчидтай харьцуулахад хагас мэргэжлийн түвшинд хүрсэн. Харин дэлхийд бол адууг эрлийзжүүлэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Эрлийз адуутай өөр ангиллын адуу уралдуулахыг хориглодог.

-Шинэ цагийн монгол адуу унаач хүүхдэд халтай байх шиг. Өөрөөр хэлбэл, эрлийзжүүлээд фермерт тэжээсэн адуу мэдрэмжээ алдчихдаг талаар өвгөн уяачид хэлдэг.

-Монгол адууг туурайдаа мэлмийтэй гэж ярьдаг. Тухайлбал, газрын бартаа саадыг харж давхидаг адуу. Тарваганы нүх байвал тойрдог, хөндлөн зам байвал хурдаа сааруулна. Газарт амьд амьтан таарвал монгол адуу гишгэдэггүй. Мөн нуруун дээрээ яваа хүүхдийг мэдэрч давхидаг. Яг энэ шинж чанарууд нь эрлийзжээд ирэхээр алдагдаж байгаа юм. Тарлаж байгаад хөлийг нь хугалчихлаа гэх харуусал уяачдын дунд хаа сайгүй бий. Үндсэндээ монгол адууг эрлийзжүүлэхэд мэдрэмжээ алдчихдаг. Үр төлөө таньдаггүй, гүүний хээлтэй хээлгүйг мэдрэхгүй гишгэдэг гэх мэтчилэн мэдрэмж гэх зүйл нь бүрэн алдагддаг. Галзуу юм шиг давхидаг эрлийз адуу хүүхдийн эрхийн байгууллагуудад өгөөш болж байгаа нь үнэн. Үндсэн хуульд соёл бол ард түмний өмч, төр соёлыг хамгаалах үүрэгтэй гэж заасан байдаг. Төр гажуудсан соёлоо унаган төрхөөр нь авч явах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн байдаг. Төр өөрөө хууль гаргаж соёлын гажуудлыг арилгах үүрэгтэй.

-Соёлоо аварч үлдэхийн тулд адууг бүртгэлжүүлэх гэж асар их ажил байна даа, бидний өмнө…

-Тийм ээ. Тодорхой хэмжээний зардал ч гарна. Салбарт үүссэн маргааныг шийдвэрлэхийн тулд нэг удаа л хийх ажил. Ирээдүйд гарах нөр их ажлыг хэмнэж байгаа юм. Ер нь гол маргаан наадмын өглөө морьдыг ялгаж хасдагт байгаа юм. Тухайн уяачдын бүтэн жилийн хөдөлмөр, хөрөнгийг үнэгүйдүүлж болохгүй. Бүртгэлжүүлснээр наадамд таны морь уралдана гэдгийг баталгаажуулж байгаа юм.

-Шинэ цагийн монгол адуу манайд 2000-аад оны дунд үед нэвтэрсэн байдаг. Тод манлай уяач Д.Ононгоос авахуулаад хүч хөрөнгөө зарцуулсан олон зуун уяач бий. Энэ хүмүүсийн эрх ашиг л хурцаар хөндөгдөх нь дээ.

-Тэр хүмүүс маань эрлийз адуугаар дэлхийд гарч уралдана гэж ярьдаг юм. Цаана нь дэлхийн том уралдаанууд байна, тэрийг нь хар гээд л хэлдэг. Тэд нар өөрсдөө дэлхийд гарч уралдах боломжгүй гэдэг ээ маш сайн мэдэж байгаа. Англи азарга, монгол гүүнээс төрсөн төл дэлхийд гарч уралдах боломжгүй. Харин Англи азарга, англи гүүнээс Монголд төрсөн унага паспорт аваад л уралдах боломжтой. Тэд монгол маягийн морин тойруулгыг бий болгож, эрлийз адуунд таарсан уралдааны зай, тойруулгад уралдааны дүрмээ зохиогоод спортын чиглэлээр хөгжүүлж болно. Энэ бол нээлттэй. Морин уралдаан гэдэг спорт. Морин уралдааны спорт гэдэг том бизнес болж хөгжиж үзэгчдийг татах бүрэн боломжтой. Морин уралдааны спортоор дамжуулж эдийн засгаа тэлэх боломж манайд бий. Тэр хөгжлийг түргэтгэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь Монгол наадмаас тусдаа байх ёстой. Монгол наадамд зөвхөн монгол адуу л уралдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *