Categories
мэдээ нийгэм

“Зэвсэгт хүчний аварга тогооч-2021” тэмцээн эхэллээ

Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газраас алба хаагч бүр өөрийн хүлээсэн үүрэгт ажилдаа мэргэших, ур чадвараа нэмэгдүүлэн ажиллах зорилтыг хэрэгжүүлэх үүднээс мэргэжил бүрд чиглэгдсэн тодорхой, бүтээлч ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний аварга тогооч шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай юм.

“Зэвсэгт хүчний тогооч-хоол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ, “Монголын тогооч нарын холбоо”-той хамтран зохион байгуулсан эл тэмцээн 10 дугаар сарын 27-ны өдөр Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн байрлалд нээлтээ хийлээ.

Тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Материал, техникийн газрын Материал хангалтын хэлтсийн дарга, хурандаа С.Баяр-Очир, шүүгчээр тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батням, “Монголын тогооч нарын холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Батзул, сургалт хариуцсан, захирал Л.Долгор нар ажиллах аж.

Зэвсэгт хүчний аварга тогооч шалгаруулах тэмцээний зорилго нь Хүнс, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан эрүүл ахуйн зохистой дадлыг Зэвсэгт хүчний анги, салбарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, Зэвсэгт хүчний тогооч нар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний сүүлийн үеийн арга, технологид харилцан суралцах, цэргийн алба хаагчдад эрүүл хоол хүнсээр үйлчлэх үйлчилгээг сайжруулах, анги, салбаруудын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байгааг нээлтийн үеэр зохион байгуулагчид онцоллоо гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *