Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Монгол Улсын төрийн соёрхолт, хүний гавьяат эмч П.Батчулуунтай эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаатай холбоотой сүүлийн үеийн мэдээллийн талаар ярилцлаа.
-Сүүлийн үед дэлхийн анагаах ухаанд нэг том нээлт гарсан гэх мэдээ тархлаа. Юу гэхээр, хүний ген ашиглан гахайн биед ургуулсан бөөрийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийсэн тухай мэдээлэл байна. Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэх Лангон эрүүл мэндийн төвд ийм төрлийн мэс засал амжилттай болжээ. Та энэ талаар юу хэлэхсэн бол?
-Миний одоо хийж буй ажил үүнтэй их холбоотой учраас энэ төрлийн мэдээллийг байнга сонирхож уншдаг. Уншигчдад илүү ойлгомжтой болгох үүднээс бага зэрэг түүх сөхөж ярья. Анх 1954 онд АНУ-ын Бостон хотод Харвардын их сургуулийн эмнэлэгт мэс засалч Жозеф Мюррей ихэр ах дүү хоёрын ахынх нь бөөрийг дүүд нь шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн. Үүний дараа ийм төрлийн эмчилгээнд хамрагдах гэсэн хүний тоо эрс нэмэгдсэн юм. Тэр үеэс амьд донороос гадна амьгүй хүний эрхтнийг шилжүүлэн суулгах талаар маш их туршилт, судалгаанууд хийгдэж эхэлсэн билээ. Ингээд 1962 онд Бостоны эмнэлэгт амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг мөн л Жозеф Мюррей амжилттай хийсэн юм. Дэлхийн анагаах ухаанд цоо шинэ эрин үеийг нээсэн хэмээн түүнд 1990 онд Нобелийн шагнал олгосон байдаг. Гэсэн хэдий ч маш олон хүн бөөр болон бусад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох гэж хүлээсээр нас барсаар байна. Харвардын Их сургуулийн эрдэмтэд 1967 онд тархины үхэл бол жинхэнэ үхэл мөн гэдгийг тодорхойлж тархины үхлийг хэрхэн оношлох шалгуур үзүүлэлтийг гаргасан юм. Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрч улс орнууд мөрдөж эхэлсэн билээ.
Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг буюу The Transplantation Society (TTS) байгууллагын гишүүн болох International Xeno transplantation Association нийгэмлэгийг 1998 онд байгуулсан. Энэ нийгэмлэг нь амьтны эс,эд, эрхтэнийг хүний эрүүл мэнд, амь насыг нь аврах зорилготой ашиглах талаар олон орны эрдэмтэн мэргэд хамтран ажиллаж судалгаа, шинжилгээ, туршилтуудыг хийдэг юм. Мэдээж, энэ нь хүний эрх, ёс зүй, шашин шүтлэг зэрэг маш нарийн асуудлуудын хэм хэмжээнд тохируулан зохицуулж ажилладаг. Харин одоо таны асуултад хариулъя. Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэх Лангоны эрүүл мэндийн төвд хийсэн мэс засал нь бас л туршилтын ажил юм байна лээ. Гахайны бөөрийг хүнд шилжүүлэн суулгах эмчилгээг хийх туршилтын ажлын хүрээнд энэ мэс заслыг хийсэн. Хүний биед гадны ямар нэгэн бие эс, эд, эрхтэн оруулахад тэрхүү гадны бие дасан зохицож чадалгүй ховхрох буюу ондоошилт (Rejection) болдог. Энэ байдлаас сэргийлэхийн тулд гахайны ген (удамшлын мэдээлэл)-д генийн инженерийн аргаар өөрчлөлт, засвар хийж хүний удамшлын мэдээлэлтэй төстэй болгож ховхролт буюу ондооших үйл явцыг багасгах, ховхролтыг өдөөгч эсийг сулруулж бэлэн болгосон гахайны бөөрийг суулгасан юм байна лээ. Ингэж суулгахдаа тархины үхэлд хүрсэн хүний ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авч шилжүүлэн суулгалт хийжээ. Нийт 54 цаг бөөрийг ажиллуулахад шээсний гаралт хэвийн байсан байна. Мөн ховхролтын шинж тэмдэг илрээгүй ажээ. Энэ нь уг туршилтын бас нэг сайн үр дүн. Ийм туршилтууд цаашид ч үргэлжлэх нь дамжиггүй. Ойрын хэдэн жилийн дотор ийм төрлийн эмчилгээ сайн үр дүнд хүрч, маш олон хүний амь нас, эрүүл мэндийг аварна гэдэгт эргэлзэх зүйлгүй.
-Хүний бөөрийг ургуулж биед суулгахад ямар нэгэн гаж нөлөө илрээгүй гэнэ. Тэгэхээр ямар ч эд эрхтнийг шилжүүлэн суулгахад хүний биед аюулгүй болж байна гэсэн үг үү. Эрхтэн ургуулж суулгахад үүдэл эсийг ашигладаг уу?
-Үүдэл эсийг эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд ашиглах зорилгоор маш их судалгаа туршилтууд хийгдсээр байгаа. 2018 онд Испани улсад болсон Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн хуралд оролцох завшаан надад олдсон билээ. Тэр үед үүдэл эснээс ургуулж хийсэн зүрхний талаар танилцуулж байлаа. Дараагийн 10 жилд ингэж ургуулсан зүрхийг шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах сайхан ирээдүй байна гэж онцолсон юм. Бөөр, элгийг ч ийм аргаар хийх туршилтууд эхэлсэн талаар хөндөж байв.
Гэхдээ бөөр, элэг нь маш түвэгтэй нарийн бүтэц зохион байгуулалттай тул зүрх шиг тийм амар биш ээ. Цаг хугацаа илүү орно гэдэг талаар ч бас ярьж байлаа. Харин 2021 онд АНУ, Израиль, Япон улсад үүдэл эсийг (Stem cell) ашиглан 3D программтай хослуулан зүрх ургуулах туршилтуудыг амжилттай хийсэн тухай мэдээ өргөн тархсан. Зүрх нь цохилж байгааг ч үзүүлсэн. Тэгэхээр эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний ирээдүй гэрэл гэгээтэй гэж ойлгож болно. Энэ бол ердөө л цаг хугацааны асуудал. Үүдэл эсийг анх нээж тогтоож хүний эрүүл мэнд, амь насыг аврах үйл ажиллагаанд ашиглаж болно гэдэг ухагдахууныг баталж гаргаж ирсэн хүмүүс ч зохих үнэлэмжээ авсан. Жишээлбэл, Харвардын их сургуулийн профессор Доннал Томас 1990 онд Нобелийн шагнал хүртэж байв. Тэрээр ясны чөмөгнөөс үүдэл эс ялган авч цусны хавдар эмчлэх аргыг нэвтрүүлсэн юм. Гэхдээ эмчилгээгээ бүр 1956 онд эхэлсэн байдаг. Харин Японы Киодогийн их сургуулийн Шинья Яманака болон Английн Кэмбрижийн их сургуулийн Жон Гурдон нар 2012 онд үүдэл эсийг дифференцацид оруулан шинэ үүрэг даалгавар өгч өвчтэй эс, эдийг эмчилж болох юм гэдгийг баталсан тул мөн Нобелийн шагналыг хүртэж байлаа.
-Манай улсад ийм төрлийн шилжүүлэн суулгалт хийдэг газар бий юү. Энэ тал дээр Монголд бэлтгэгдсэн мэргэжлийн эмч нар хэр олон байдаг бол?
-Сүүлийн жилүүдэд Япон болон бусад өндөр хөгжилтэй улс орнуудад манай залуу үеийн төлөөлөл хэдэн арваараа эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, тэрхүү ажлынхаа үр дүнгээр докторын зэрэг цол хамгаалж байна. Тэдний дунд эс, эд, эрхтний чиглэлээр доктор хамгаалсан залуучууд үүдэл эсийг эмнэл зүйн практик үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Түүгээр ч зогсохгүй АШУҮИС-д Үүдэл эс, удам судлалын чиглэлээр шинээр судалгааны төв байгуулж, залуу эмч, эрдэмтэд энэ чиглэлээр илүү их судалгаа шинжилгээ хийх болж байгааг сонсоод их баярлаж байгаа. Бүх нөхцөл бололцоог сургуулийн захиргаа бүрдүүлж өгөх нь ойлгомжтой.
Түүнээс гадна манай Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас үүдэл эсийг эс, эд нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах удирдамж, журмыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон мэргэжлийн хүмүүстэй хамтран бэлдэж, Эрүүл мэндийн яаманд өргөн барьсан юм. Энэ ажлыг бид эмчилгээ, судалгааны чиглэлээр хийхээр Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүдтэй тохироод эхлүүлж, урагшлуулж байгаа. Тухайлбал, үүдэл эсийг эдгэрэхгүй байгаа болон эмчлэхэд төвөгтэй шарх, шархлаа, үений архаг эмгэг, шөрмөс холбоос эдийн гэмтэл, чихрийн шижин зэрэг эмгэг өвчнийг эмчлэхэд бидний судалгаа чиглэгдэж байгаа юм.
-АНУ-д өнөөдөр 90 мянга гаруй хүн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр ээлжээ хүлээж байгаа гэнэ. Тэгвэл манай улсад ийм өвчлөлтэй хүн цөөнгүй шүү дээ. Энэ талаар тодорхой судалгаа манайд бий юү?
-Манай улсад ч тийм иргэд цөөнгүй. Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Бөөр, элэг, зүрхний эмгэгтэй хүн бүр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд заавал хамрагдах ёстой гэж ойлгож болохгүй. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийх нарийн заалт, шалгуурууд бий. Тэдгээрийг тухайн мэргэжлийн эмч нар үзэж шалгаад тогтоодог. Одоогоор манайд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг багууд энэ төрлийн эмчилгээнд орох хүмүүсийг үзэж Хүлээх жагсаалт (Waiting List)-д бүртгэж, тийм хүмүүсийн мэдээллийг манай албанд өгч улс даяар нэгдсэн хүлээх жагсаалт үүсгээд байна. Бөөр, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 550 гаруй хүн энэ жагсаалтад байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай. Гол нь амьгүй донорын хүртээмж, олдоц тааруу байна. Манай алба байгуулагдсанаасаа хойш донорын үйл хэргийг таниулах олон ажил зохион байгуулж ирсэн. Телевиз, сонин хэвлэлд ч ярилцлага өгсөн. Оюутан залуучуудад лекц уншсаар байгаа. Донорын талаар шторк хийж телевизүүдээр гаргасаар байна. Манай алба байгуулагдсанаасаа хойш 2900 гаруй удаа донор илрүүлэх үйл ажиллагаа хийж, 170 боломжит донорыг илрүүлсэн. Мөн 50 гаруй гэр бүлтэй уулзаж, донор болгох санал тавьсан бөгөөд тэдгээрээс 24 гэр бүл зөвшөөрсний дагуу 27 хүнд бөөр, 19 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийжээ. Энэ тал дээр манай улсын донорын эмнэлгүүд болох УГТЭ, ГССҮТ маш сайн ажиллаж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдсээр байгаа. Тухайлбал, УНТЭ-д бөөр, элэг, харин ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна.
-Коронавирусийн халдвар авсан өвчтөнд үүдэл эсийн эмчилгээ хийж байгаа сураг байсан?
-Коронавирусийн халдвар дэлхий даяр асуудал үүсгэж байна. Энэ нь ч цаашид тодорхой бус хугацаагаар үргэлжлэх төлөвтэй. Сүүлийн жил хагасын хугацаанд л гэхэд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ болон донорын үйл ажиллагаа манай улсын хувьд маш цөөрсөн. Учир нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орсон хүмүүс маань дархлаа дарангуйлах эм уудаг тул халдварт маш их өртдөг. 2021 онд гэхэд л эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орсон эмчлүүлэгчдээс маань халдвар авч бие нь хүндэрсэн тохиолдол цөөнгүй. Нас барсан тохиолдол ч гарсан. Мөн эмч нар маань ч бас халдвар авсаар байна.
Бид 6-10 сарын хооронд үйл ажиллагаагаа зогсооход хүрч байв. Гэхдээ эмчилгээ хийж эхлэхгүй удвал олон хүн амь насаа алдах эрсдэл нэмэгдсээр байна. Энэ жил гэхэд бид найман амьгүй донороос есөн хүнд бөөр, долоон хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, 16 хүний амийг аварлаа. Түүнчлэн золгүй байдлаар тархиндаа гэмтэл авсан, эсвэл цус харваж амь нас эрсэдсэн доноруудын гэр бүлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэд донорын тухай ойлголт авч, цаашид улс орныхоо иргэдийн амь насыг аврах үйлсэд сайхан сэтгэл, сайн санааны үүднээс донор болохоор зөвшөөрч, олон хүний амь насыг аварч байгаа юм. Бүх донорууддаа, тэдний гэр бүл, ойр дотны хүмүүст эмчлүүлэгч болон эмч нарынхаа нэрийн өмнөөс мэхийн ёсолъё. Үүдэл эсийг ашиглан олон төрлийн өвчин эмгэгийг эмчлэх сайхан цаг айсуй гэдэгт ер эргэлзэхгүй байна. Баярлалаа.
Д.ЦЭРЭНДОЛГОР