Шатахууны зохиомол хомсдол үүсгэж худал мэдээлэл тараасан иргэдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хяналт шалгалтаар 27 цахим хаягаас “Шатахуун дууслаа, нөөцөлж аваарай” гэх утгатай худал мэдээлэл нийтэлсэн байжээ. Үүний 21 нь хуурамч хаяг болохыг тогтоож, зургаан хүнийг илрүүлэн шалгаж байгаа юм.
Тус албаны дарга, цагдаагийн дэд хурандаа н.Тайван “Аравдугаар сарын 16-нд цахим орчинд шатахууны үнэ өсч, хомсдол үүсэх тул иргэд бензинээ нөөцлөх шаардлагатай” гэсэн утгатай мэдээлэл цахим орчинд их цацагдсан. Хяналт шалгалтаар худал мэдээлэл тараасан иргэдийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн. Тиймээс иргэд албан ёсны эх сурвалжаас мэдээлэл хүлээж авах нь зүйтэй юм. Одоогоор худал мэдээлэл тараасан иргэдийг шалгаж байна” гэлээ.
Цагдаагийн байгууллагаас шатахууны хомсдол үүссэн гэх худал мэдээллийг зохион байгуулалттай тараасан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Сануулахад, Уул уурхайн сайд Г.Ёндон шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн асуудлыг Тагнуулын ерөнхий газраас шалгуулна гэдгийг энэ сарын 5-нд мэдэгдэж байв. Учир нь шатахууны дугаарлалт дахин үүссэнийг салбарын сайд импортлогчид болон иргэд зохиомол хомсдол үүсгэсэн гэж үзсэн юм. Тухайн үед Монгол Улс шатахууны тав хоногийн нөөцтэй болохыг Уул уурхайн сайд мэдээлж байв.