Азийн хөл бөмбөгийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “J” хэсэгт Монгол, Тайланд, Малайз, Лаосын шигшээ багууд багтсан.
Тэмцээн энэ сарын 25-31-ний хооронд Улаанбаатар хотод, Монголын хөл бөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно.
Тэмцээнд оролцох багуудаас Лаосын шигшээ баг хамгийн түрүүнд манай улсад ирж, Төв аймаг дахь МХБХ-ны шигшээ багуудын бэлтгэлийн төвд байрлаж байна.
Лаост одоогоор +30 хэмийн халуун байгаа учраас манай орны цаг уурт дасах хугацаа шаардлагатай байгаа нь гарцаагүй гэж МХБХ-ноос мэдээллээ.
Халдвар хамгааллын дэглэмийн дагуу тэмцээнд оролцох багууд хатуу тусгаарлалтын дор бэлтгэл хийж байгаа аж.