Categories
мэдээ нийгэм

​Нөхөн сонгуулийн ирцийг СЕХ-ноос 13:00, 17:00, 21:00 цагт олон нийтэд мэдээлнэ


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал хураах өдөр өнөөдөр болж байна.

Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооноос цахим уулзалт зохион байгуулж, бэлтгэл ажлын явцтай танилцан үүрэг чиглэл өгч, харилцан мэдээлэл солилцов.

Уулзалтад, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Мэдээллийн технологийн төвийн захирал Х.Баясгалан, хэлтсийн дарга Б.Батсайхан, Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Т.Оюунчимэг, Хэнтий аймгийн сонгуулийн хорооны дарга Ж.Ганбаатар, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Ирээдүй, Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэг, Хэнтий аймаг дахь Монгол Ардын нам, Ардчилсан намын удирдлагууд болон Иргэний Зориг Ногоон нам, Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам, Зөв хүн-Электорат эвсэл зэрэг нам, эвсэл, нэр дэвшигчдийн төлөөлөл оролцсон юм.

Сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох төрийн байгууллагуудаас мэдээлэл, танилцуулга хийлээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасанчлан сонгогчдын бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцдаг.

Санал авах өдөр сонгогчийн бүртгэл хийхэд ашиглах техник хэрэгслийг зохих нөөцтэйгөөр тооцож, нийт 246 компьютер, техник хэрэгслийг хэсгийн хороодод хүргүүлж, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудыг сургалтад бүрэн хамруулсан тухай мэдээллийг УБЕГ-аас өглөө.

Түүнчлэн цагдаагийн байгууллагад нөхөн сонгуультай холбоотой 27 гомдол ирснээс 22 нь Сонгинохайрхан дүүрэгт, тав нь Хэнтий аймагт хамаарах хэрэг зөрчил байна. Хуурамч цахим хаяг ашиглаж, сурталчилгаа явуулсан, хулгайлах болон бусдын өмчид халдах, зурагт самбаруудыг урж, сүйтгэх зэрэг хэрэг зөрчил бүртгэгджээ.

Хэсгийн хороодын гишүүд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны аравдугаар сарын 9-ний өдөр 09:00-20:00 цагийн хооронд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид, ажилтнуудтай хамтран зохион байгуулж, “улаан бүс” буюу эмнэлэг, гэрийн тусгаарлалтад байгаа сонгогчийн саналыг авна.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2,774 сонгогч хүсэлтээ ирүүлсэн байна. Сонгууль зохион байгуулах ажилд нийт 1,931 төрийн албан хаагч ажиллаж байна.

Ийнхүү өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан гэж дүгнээд Сонгуулийн ерөнхий хорооноос дараах үүрэг, чиглэл өгөв.

Үүнд,

  • Санал авах өдөр үүсэж болзошгүй гэнэтийн эрсдэлд бэлэн байж, бэлтгэл ажлыг сайтар хангах, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөх
  • Сонгогчдыг саналаа өгөхөд нөлөөлж болзошгүй байгаль, цаг уурын болон бусад эрсдэлийг тооцох
  • Гэрэл цахилгааны доголдол үүсэхгүй байхад анхаарч, санал авах байрны ариутгал, цэвэрлэгээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулан ажиллахыг нийслэл, аймаг, дүүргийн сонгуулийн хороодод,
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонгогчдыг чирэгдүүлэхгүй байх, ялангуяа сонгогчийн бүртгэлийн систем, техник төхөөрөмжийн ажиллагааг сааталгүй явуулах, гэмтэл саатал үүссэн тохиолдолд яаралтай мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авах зэрэгт онцгойлон анхаарч, хамтран ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн мэдээг санал авах өдөр 13:00, 17:00, 21:00 цагуудад олон нийтэд мэдээлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *