Categories
мэдээ нийгэм цаг-үе

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ: Энэ баасан, бямба гаригт Улаанбаатар хотноо “Булганы өдрүүд” болно

Булган аймгийн Засаг дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Батбаярын Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та аймгийн Засаг даргын ажлыг аваад бүтэн жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд Булган аймаг маань Сүхбаатарын одонгоор шагнуулнаас авахуулаад олон ажил өрнөлөө?

-Булган аймгийн хувьд анхдагч алдартнууд төрдөг хувь заяатай, гентэй ард түмэн гэж бэлгэшээж, талархаж, омогшиж явдаг. Өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуулиар надад итгэл хүлээлгэж сонгосон нутгийн ард түмэндээ их баярладаг. Хүүхэд ахуй насны дурсамж, жаргал зовлон цөм энэ л нутагтай минь салшгүй холбоотой. Тэр дундаа Булган аймгийн Булган, Хутаг-Өндөр сум миний төрж, өссөн нутаг. Би хүүхэд наснаасаа спортын замналыг сонгож “Дэлхийн аварга” болно гэсэн зорилго тавьсан. Түүнийхээ төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж, зорилгодоо хүрсэн. Миний спортын амжилт оргилдоо хүрсэн гэж боддог. Энэ утгаараа их спортын буянаар таван тив, олон сайхан хөгжингүй улс орныг, мөн хөгжил буурай орнуудыг ч үзлээ. Тэр бүхэнд давуу, сул тал байгаа ч гэлээ Монгол Улс гэдэг бол аугаа түүхтэй улс юм гэдгийг анзаарсан. Их спортын миний зүрх сэтгэлд суулгаж өгсөн хүмүүжил, ухаарал бол эх оронч үзэл юм. Харийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх ямар үнэ цэнэтэй болоод түүнд тэмцэн хүрэхэд ямар их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж үр дүн ирдгийг ойлгосон. Тийм ч учраас өөрийгөө үнэт зүйлтэй хүн гэж бодож, чин сэтгэлээсээ хичээж явдаг. Ямар ч зүйлд чин сэтгэлээсээ хандвал, аливааг болгоё, бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл байвал боломж олддог юм байна гэдгийг харсан. Зүүн өмнөд Ази, тэр дундаа Япон, Солонгос, Хятад, Тайвань, Сингапур гэх мэт олон хөгжилтэй орнууд байна. Дэлхий дээр долоон тэрбум хүн амьдарч байхад түүний дөрвөн тэрбум нь Азиуд байна. Түүнээс монголчууд гурван сая, таван зуун мянгуулаа.

Энэ ард түмнийг төлөөлж байгаа спортын агуу тамирчдыг дэмжвэл ямар гентэй гэдгийг найз маань ч олимп, тив дэлхийд харуулсан. Тийм ч учраас тайван бөгөөд амгалан энэ ард түмний хөгжлийг би эх нутагтаа чин сэтгэлээсээ өөрийн чадах хүртлээ зорьё, бүтээе гэж улс төрийг сонгосон юм. Тиймээс бид энэ ард түмэн, нутаг орныхоо сайн сайхны төлөө, илүү их боломжийг бүрдүүлэхийн тулд хичээж яваа жирийн л нэг монгол залуусын төлөөлөл. Энэ хүндтэй бөгөөд хариуцлагатай албан тушаалыг хашаад жилийнхээ ойтой золгож байна. Булган аймаг маань 83 жилийн түүхтэй. 1938 онд байгуулагдаж, 1945 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Түүнээс 75 жилийн дараа төрийн дээд Сүхбаатарын одонгоор Булган аймгийн 63 мянган иргэнийг шагналаа. Энэхүү хүндтэй, дахин давтагдашгүй цаг үед Засаг даргын албыг хашиж байсандаа бахархалтай байна. Үүнээс гадна бид бодит байдалдаа үнэлэлт дүгнэлт хийж, ирээдүйд нутаг орныхоо хүүхэд залуусыг яаж хүмүүжүүлж, ямар боломж бүрдүүлэх тухайд анхаарах хэрэгтэй.

-Хамгийн бага улсын төсөв хуваарилагдсан аймгуудын нэг. Боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Тийм ээ, зөвхөн төсвийн мөнгөнд хязгаарлагдаж болохгүй гэдгийг анзаарсан. Гадаад харилцаа, хамтын ажиллагаанд анхаарах шаардлагатай. Зүүн Өмнөд Азийн Япон, Солонгос мөн хоёр хөрштэйгөө эв нэгдэлтэй харилцаатай байх ёстой. Манай аймаг хөдөө аж ахуйн салбар дахь эдийн засгийн 50 гаруй хувийг эзэлдэг. Мөн аймгийн бүх өрхийн 50 гаруй хувийг малчид бүрдүүлдэг. Үүнтэй уялдуулж хөдөө аж ахуйн салбарт технологийн дэвшлийг нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалт төлөвлөсөн. Улс орны хөгжилд боловсролтой хүний нөөц маш чухал. Тиймээс бид боловсрол, эрүүл мэндийг үргэлж дэмжих ёстой. Мөн хөдөө аж ахуйн салбараас гадна Булган аймгийн эдийн засгийг яаж тэлж болохыг харсан. Тэр бол аялал жуулчлал. Аялал жуулчлалыг дэлхий нийтэд гадаад ба дотоод гэж ангилж байна. Сүүлийн хоёр жилд гадаадын аялалаас илүү дотоодын аялал өндөр байна. Тиймээс бид аймгийн эдийн засгийн нэг гол тулгуураа аялал жуулчлал болгоно. Учир нь байгалийн үзэсгэлэн, гол мөрөн нь бүгд урсаж байна шүү дээ. Орхон, Туул, Сэлэнгэ, Эг, Хануй гээд Монголын таван том мөрөн урсаж байгаа. Энэ бүхнээ түшиглээд 21 аймгийнхаа аялал жуулчлалын жишиг аймаг болохыг зорин ажиллаж байна. Мөн манай нутаг адуу, айргаараа алдартай.

-Саяхан С.Удвал гуайн 100 жил ой болсон…

-Булган бол анхдагчдын өлгий нутаг гэдгийг бүгд мэднэ. Анхны сансрын нисгэгч, олимпийн аварга, хөдөлмөрийн баатрууд, Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдсон анхны хүн А.Амар, Монголын парламентыг нэр төртэй удирдсан Л.Энэбиш гэх төрийн түшээд алдартнууд нутгаас минь төрсөн. Энэ жилийн хувьд их онцлогтой. Ардын хувьсгалын 100 жилийн ой боллоо. 100 жилийн хугацаанд олон ой давхцаж байгаа. Дурдвал Цогт хунтайжийн 440 жил, С.Удвал ахайтны маань 100 жилийн ой болсон. Энэ хүрээнд аймагтаа эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон энэ эрхэм хатагтайн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зоригтой шийдвэр гаргасан. Энэ хүнд цаг үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан эрхэм хүмүүний үйлсийг дэлгэрүүлэх үүднээс энэ ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Одоо бид аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлогын хүрээнд ажиллаж байна. С.Удвал ахайтны “Улаан цэцэг” уран сайхны киног дэмжиж хамтран ажиллана. Энэ нь шууд утгаараа ашиг өгөхгүй ч ирээдүйд аялал жуулчлалын салбарт их үр өгөөжтэй гэж харж байна. Аялал жуулчлалтай холбоотой “Булганд үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүний өдөрлөгийг Улаанбаатар хотод энэ сарын 8-10 ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Гадаад харилцааны тал дээр ОХУ, Япон, Солонгос, Беларусь, Хятад, Унгар, Чех гэх мэт улсуудын элчин сайдуудад урилга илгээсэн. Өнгөрсөнд бид ийм түүхтэй, одоо ингэж амьдарч байна, ирээдүйд ийм болмоор байна. Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбарт дэмжлэг авах хүсэлтэй буйгаа илэрхийлнэ. Энэ сарын 8-нд Элчин сайдуудтай “Чанартай багш бэлтгэе”, “Хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшье” зэргээс гадна хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийн тухай уулзалтыг зохион байгуулна. Харин маргааш нь буюу аравдугаар сарын 9-нд Улаанбаатар хотод байгаа Булган аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзана. Товчхондоо, энэ баасан, бямба гаригт “Булганы өдрүүд” болно. Бид мэдээлэл солилцох, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Мөн нутгийнхаа онцлогийг шингээсэн “Airag day” арга хэмжээг зохион байгуулна. Дэмбээ, хуруу, амьд хөгжим гэх мэт. Энэ үйл ажиллагаанд Булганчууд минь ирж өргөн дэлгэр оролцоорой хэмээн уриалж байна. Бид нийтэч, хамтач, бие биенээ хүлээн зөвшөөрч, дэмтэй байгаасай гэсэн зорилгоор энэ үйл ажиллагааг зохиох гэж байна. Уг арга хэмжээг намар бүр уламжлал болгон зохион байгуулна. Зөвхөн Булганчууд биш, Монголын ард түмний дархлаа болсон айрагны соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ёстой.

-Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлуудыг хийв?

-Би 2017 онд АНУ-ын Сан-Франциско хотод сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцаж байгаад сургуулиа орхиод ирсэн. Ийм боломж залуу хүнд дахин олдохгүй байх гээд эрсдэл гаргаад ирсэн. Ингэснээр Булган аймгийн ардчилсан намын дарга болсон юм. Тэр үеэс эхлэн Солонгосын Конге аймагтай хамтран “Скаут” хүүхэд залуучууд эрүүл мэнд, боловсролдоо анхаарах, биеэ даах чадварт суралцах хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна. Энэ сарын 15-нд Конге аймгийнхан манай улсад ирнэ. Солонгос талаас ковидын нөхцөл байдалтай холбогдуулан маск, гал командын машин илгээсэн. Харин Япон улсад Булган аймгийн хөнгөн атлетикийн эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин хүүхэд 100 хувь тэтгэлгээр суралцаж байгаа. Японы Фүжи уулын дэргэдэх Шизүоки муж бол хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр голлох үүрэг гүйцэтгэдэг. Бид энэ чиглэлээр хамтран ажиллаж “васаби” гэдэг хүнсний амтлагчийг Булганд тарьж, хүүхэд залуусаа сургая, хоорондын харилцаагаа хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. 2019 оноос хойш 300 гаруй залуусыг Япон улсад ажиллуулсан. Ингэснээр залуусын амьдралын түвшин дээшилж, эдийн засгийн хувьд хуримтлалтай болсон. Мөн Беларусь улстай хамтран ажиллаж байгаа. Дэлхий дээр хамгийн органик хүнс хэрэглэж буй улс. Үүнтэй холбоотой Беларусь улсыг түшиглэж хөдөө аж ахуйн чиглэлээр, Белазын үйлдвэрт ажиллах 10 хүүхдийг бэлтгэхээр явуулах гэж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас болж хойшилсон. Удахгүй Чех улстай хамтарч ажиллана. Цаашдаа энэ хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх байх. Учир нь төсвийн хөрөнгө хязгаарлагдмал байна. Иймээс өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судалъя, суралцъя.

-Та ЭЕШ-д өндөр оноо авсан оюутнуудад зөв санаачилга гаргасан байсан…

-Булган аймагт газар тариалангийн компани олон байдаг. Харин уул уурхайн компани цөөн бий. Тэдэнд нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэж байх ёстой. Тиймээс тариаланчид, уул уурхайн компаниудын чуулга уулзалт хийсэн. Нутгийн баялгийг хүртэж байгаа бол унаган нутгийн залуусыг дэмжье гэсэн уриалгатай уулзалт юм. Үүний үр дүнд ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан 20 оюутан, урлаг спортын шилдэг 10 оюутны бүтэн жилийн төлбөрийг даахаар болсон. Энэ ажлыг уламжлал болгож үе үеийн Засаг дарга нар үргэлжлүүлээд явах байх. Хүнээ дэмжиж байж Монгол Улс хөгжинө. Нутгийн хүүхдүүдээ дэмжиж байж залуус эргээд нутаг орноо гэх сэтгэл, зүтгэл гаргана. Нөхцөл байдал хичнээн хэцүү байсан ч бид урагшлах ёстой. Жил бүр нэгдэж, хоорондоо танилцъя. Аливааг томоор харж хамтран ажиллацгаая. Хүнтэй зөв мэндэлж, талархлаа илэрхийлж, бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг байгаасай л гэж уриалж байна.

-Аймгийн Засаг дарга болоогүй байхдаа нутгийнхаа хөгжлийг хэрхэн харж байсан бэ?

-Аливааг ямар өнцгөөс харах нь хувь хүний асуудал. Ямар байлаа ч гэсэн баг хамт олонтойгоо ярилцах, өөрийгөө ойлгуулах, ойлгуулж ярихаас илүү хийж хэрэгжүүлэх нь чухал болоод байна. Булган аймгийг Булган аймгийн төвөөр харж байгаа. Булган сум хот болох ёстой. 18 мянган иргэн төсвийн цалингаар амьдарч байна. Багш, эмч, төрийн албан хаагч, тусгай чиг үүргийн байгууллагууд мөн наймаачдаас л бүрдэж байна. Тиймээс бид үйлдвэрлэгч болох хэрэгтэй. 1974 онд Булган аймгийн Эрдэнэт хороо гэдэг нэрээр Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан түүхтэй. Өнөөдрийн Орхон аймаг буюу Эрдэнэт үйлдвэрийг босгох шавыг нь тавих илгээлтийн эзэд олон аймгаас ирж бүтээн байгуулсан. Орхон аймгийн иргэдийн 40 гаруй хувь нь Булганы иргэд. Уул усны баялгийн эзэд ийм хөгжлийн зөрүүтэй амьдарч болохгүй байх. Яагаад гэвэл Эрдэнэт үйлдвэр Монгол Улсыг тэжээж буй цөөн үйлдвэрийн нэг. Уг үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрийг Булган аймагт байгуулах хэрэгтэй. Хуучинд ахуйн үйлчилгээ, оёдлын үйлдвэр гэж байсан. Тэрийг бид сэргээх шаардлагатай. Оёдлын үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэрийн хувцасыг оёдог байя. Тэр нь буцаад Булган аймгийн иргэдийн цалин болог. Энэ бол бодит эдийн засгийн бодлого. Эрдэнэт үйлдвэртэйгээ уялдаатай, ойрхон ажиллах ёстой.

-Уул уурхайн чиглэлд ямар бодлого баримталж байна?

-Хариуцлагатай уул уурхайтай л хамтарч ажиллая гэж байгаа. Бид аялал жуулчлалын ногоон бүс болох зорилготой. Тиймээс аль болох уул уурхайгаас хол байх хэрэгтэй. Алтны уурхайн цөөн компани бий. Тэд ихэнх нь жижиг, цаана нь таваас арван гэр бүлийн хоол явж байгаа учир хэт их ач холбогдол өгөхгүй байгаа. Томоохон уурхайнуудаас нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан залуусыг дэмж гэсэн шаардлага тавьдаг. Нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагаа хүлээж буй байгууллагуудыг дэмжиж ажиллана. Хариуцлагаа хүлээдэггүй компаниудтай хамтарч ажиллахгүй гэдгээ илэрхийлж байгаа.

-Аялал жуулчлалын тухайд дахин асуухад Цогт тайжийн цагаан ордон, Уран тогоо уул, Эгийн гол гэх мэт олон үзэсгэлэнт газрууд бий дээ…

-Аялал жуулчлалыг хэд хэд ангилж болно. Рашаан ус, түүх дурсгал, байгалийн үзэсгэлэн, айраг ахуй гээд л нутгийнхаа давуу талыг харж байгаа. Монголын ард түмэн Булган нутагт ирвэл “Хоггүй Булган” уриатайгаар хогны уут өгсөн. Тухайлбал, наадмын үед нэг өдөрт Тэшиг сум руу орж байгаа хүмүүст хогны уут өгөхөд 500-600 хүн орсон. Ялангуяа Эг тарвагатайн бэлчирийг их зорьж байна. Тэшиг бол Монгол Улсын зүрх болсон сум. Аялал жуулчлалыг хөгжүүлсэн ч бид хайрлаж, хамгаалж үлдэх ёстой.

Н.ГАНТУЛГА

А.ГАНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *