Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ц.Батболд: Эрх баригчид улс орноо хөгжүүлэх том бодлогогүй бол аажмаар дарангуйлал руу шилждэг

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Батболдтой ярилцлаа.


-Сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн орчинд олон үйл явдал болж өнгөрлөө. МАН, МАХН нэгдчихлээ. Улс төрийн хоёр баганын нэг гэгддэг АН дотроо хагаралдчихлаа. Та ер нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Ардчиллын нэг мөн чанар нь, сөрөг хүчин хүчтэй байвал эрх баригчид алдаа бага гаргадаг. Энэ зарчим нэг талаараа буурлаа. Сөрөг хүчин өөрийн байр сууриа алдах байдал бий болсон. Нөгөө талд, сөрөг хүчин болох МАХН эрх баригч намтай нэгдсэн. Ингээд өөр нөхцөл байдал үүссэн. Хэрвээ эрх баригчдад улс орноо хөгжүүлэх томоохон бодлого хөтөлбөр байгаа бол асар их боломж олдож байна гэсэн үг. Хэрвээ байхгүй бол маш том сөрөг үр дагаварт хүргэдэг. Тодруулбал, аажмаар дарангуйлал руу шилждэг л дээ. Иймэрхүү нөхцөл байдал харагдаж байна. Гэхдээ дөрөвхөн жилийн хугацаанд учиргүй дарангуйлал руу орчихгүй л болов уу.

-Манай сонинд нийтлэгдсэн нэг ярилцлагад “Гадаад, дотоодын дүгнэлтээр манай улс хагас ардчилалтай орны тоонд орсон байна” хэмээн дурдагдсан байсан. Та үүнд ямар байр суурьтай байна?

-Төгс ардчилал гэж ер нь юу байх вэ дээ. Гэхдээ нэг зүйл хэлэхэд, манай улсад ардчиллын наад захын нэлээд хэдэн элемент хэрэгжиж чадахгүй байна. Хэрэгжиж байгаа нэр төдий зүйлүүд их бий. Тиймээс ийм маягаар үнэлж, дүгнэхэд нэг их буруудахгүй.

-Тухайлбал?

-Маш олон. Жишээлбэл, нам, сонгууль, засаглал. Засаглал гэдэг нь төрийн гурван өндөрлөг буюу засаглалыг бэхжүүлдэг тэнцвэрийн асуудал шүү дээ. Энэ мэтээр маш олон зүйл бий. Яривал их хугацаа орно. Тиймээс ганцхан л жишээ дурдъя. Нам гэдэг заавал олон гишүүнтэй байж улс орныг удирдах ёстой гэсэн ойлголт байхгүй. МАН 1921 онд 100-ч хүрэхгүй гишүүдтэй байж, улс орныг аварч тусгаар тогтнолоо сэргээсэн. Монголд байгаа намын систем массын буюу олон түмний намын системтэй. Энэ систем нь авторитар, тоталитар дэглэмд тохиромжтой байж болох ч ардчилсан нөхцөлд оршин тогтнох боломжгүй гэдэг нь дэлхийн практикаас харагддаг.

Массын намууд аяндаа гишүүнчлэлгүй болж хувирсан. Социал демократ нам гэхэд Шведэд гишүүнчлэлгүй болсон шүү дээ. Энэ юуг хэлж байна гэхээр хүний оюун ухааныг нэг нам өмчилж, үзэл суртлаар барьж, өөрөөр сэтгэхийг хориглож, үзэл суртлын хатуу цензур хийж болдоггүй. Тухайн хүнд тэр намын хөтөлбөр, бодлого таалагдаж байвал сонгодог. Ингэсэн нөхцөлд тэр намын дэмжигчид гэж нэрлэгддэг. Үүнийг нийтийг хамарсан гишүүнчлэлээр дамжуулан нийгмийг хуваагаад хаячихаар улс орны нөөц баялгийг хувааж иддэг хоёр бүлэглэл үүсдэг. Энд Африкийн орнуудаар жишээ татъя л даа. Африкийн орнуудад эртний төр улс гэж байсангүй, (Төр улстай байсан нь маш сулхан байсан), омгийн байгуулал хүчтэй байдаг. Нэг омог олонхоороо төрөө барьж, ардчиллын зарчмаар засгийн эрхэд гараад өөрийнхөө омгийн хүн амд баялгаа түлхүү хуваарилахаар нөгөө хэсэг нь эсэргүүцэж иргэний дайн дэгддэг. Яг үүнтэй бараг ойролцоо шахуу хэлбэрт орчихсон гажуудал байна. Зөвхөн нэг л гажуудал нь энэ шүү дээ. Энэ мэтчилэн олон гажуудал бий.

-Сүүлийн жилүүдэд нэг нам олонх болж, засгийн эрхийг барилаа. Нэг нам олон жил төр барих нь ардчилалд ямар урхагтай байдаг вэ?

-Нэг нам тодорхой бодлого, чиглэл хэрэгжүүлж төр барьж болно. Дөрөв, найм, 12 жил ч байж болно. Харамсалтай нь, манайд ийм юм алга. Нарийн яривал, улс төрийн бодлого, хөгжлийн бодлого байхгүй нөхцөлд сөрөг хүчнийхээ мэдрэмжид хариу өгч явдаг прагматик хандлагууд улс орнуудад байдаг. Гэтэл одоогийнх шиг сөрөг хүчин сул дорой байвал энэ нь аажимдаа мөхөх тийшээ хандаж магадгүй. Өөрөөр хэлбэл, эрх барьж байгаа нам аажимдаа өөрөө унаж магадгүй гэсэн үг. Тиймээс эрх барьж байгаа нам сөрөг хүчнийхээ уналтад баярлаад байх явдалгүй. Харин ч өөрсдийнхөө алдаа оноог зассангүй, бодлогын хувьд хэд хэдэн удаа бүтэлгүйтэж мэдэхээр зүйл түрүүчээсээ гарч эхлээд байна.

-Манай улсад хариуцлагын ямар ч механизм алга. Засгийн газар нь эргэж буцсан, ойлгомжгүй чадваргүй шийдвэр гаргана, улс төрийн лидерүүд нь хууль зөрчсөн үйлдэл ч гаргах юм. Үүндээ ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Яаж хариуцлагын механизмыг сайжруулах вэ?

-Хариуцлагын механизм улс төрийн засаглалын түвшинд өөр. Төрийн захиргааны байгууллагын түвшинд бас өөр байдаг. Улс төрийн түвшинд бол хариуцлага хүлээлгэх, дүгнэж шүүмжлэх сөрөг хүчин байх шаардлагатай байдаг. Харин төрийн захиргааны түвшинд бол төрийн албаны хийж байгаа ажил мэргэжлийн байх ёстой. Тиймээс энд шүүмжлэхээсээ илүү ил, тод нээлттэй болгох шаардлагатай байдаг. Ингэж байж алдаанд нь хариуцлага хүлээлгэдэг. Өөрөөр хэлбэл, сайн засаглалын концепц орж ирнэ гэсэн үг. Энэ нь яадаг бэ гэхээр төрийн гаргаж байгаа шийдвэр, түүний хэрэгжилт ил тод нээлттэй болж, ингэснээр ард иргэд хариуцлага хүлээлгэх боломж үүсдэг. Үүн дээр төр нь хуулиа дээдэлж байна уу, эсвэл хууль бус үйлдэл хийгээд байна уу гэдгийг хянаж байна гэсэн үг. Дараагийн гол зүйл нь, иргэдийн оролцоо. Тодорхой бодлого шийдвэр гаргах бүртээ иргэдийн санаа бодлыг заавал авч, сонсож, түүнд нь нийцүүлэх ёстой. Нийцэх боломжгүй бол иргэдийг хохиролгүйгээр асуудлыг шийдэх гэх мэтээр шийдвэр гаргадаг. Энэ мэт механизмыг одоохондоо бүрэн бүрдүүлж чадахгүй байна.

-Ардчилал бүдгэрлээ гэж сүүлийн үед их ярих боллоо. Бид ардчиллаа авч үлдэхийн тулд яах ёстой вэ?

-Ардчилал эргэж буцдаггүй. Эрх чөлөөний амтыг тодорхой хэмжээнд мэдэрсэн хүмүүс ямар нэгэн байдлаар дарангуйллын шинж тэмдэг гарч ирэхээр хүлээж авах ч үгүй. Өөрөөр хэлбэл, Хонконг ч гэдэг юмуу ардчиллын зарчим нэлээн явагдчихсан оронд диктатур маягийн шийдвэр гарахаар шууд эсэргүүцэж, тэмцдэг. Тиймээс үүнд одоохондоо санаа зовох нь бага. Хэрвээ иргэдийн эрх ашиг хязгаарлагдаад ирвэл иргэд аяндаа эрх ашгийнхаа төлөө тэмцээд эхэлнэ. Гэхдээ нэг зүйл байна. Одоохондоо дэндүү ядуу, орлогогүй байгаа нөхцөлд сонголтоо мөнгөөр худалдчихаад байна л даа. Тэр нь маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэдэг түвшинд байна. Иймэрхүү байдлаар байгаад байвал хэцүү. Тэгэхээр улс орноо хөгжүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, дундаж давхаргаа нэмэгдүүлбэл тав, аравхан төгрөгийн төлөө сонгуульд худалдагдахаа байчихна. Харин ядуу байх тусмаа л худалдагдах боломж улам бүр нэмэгдэнэ.

-Олон улсын жишигт том намууд сонгуульд оролцохдоо жижиг намуудыг санхүүжүүлж сөрөг хүчнийхээ саналыг хуваах тактик барьдаг юм билээ. Энэ арга манай улсад ч түгээмэл ашиглагдаж байна уу?

-Энэ бол улс төрд байдаг л үзэгдэл. Гэхдээ үүнийг хуульчилж хязгаарлах боломжгүй. Иргэдийн эрх ашгийг хохироосон, хууль зөрчсөн намуудыг иргэд өөрсдөө хязгаарлах боломжтой. Өөрөөр хэлбэл, зарим нь зохиомлоор түр зуурын нам байгуулж байна. Ардчиллын нэг онцлог нь иргэд нь мэдээлэл сайтай байж л юмыг ялгаж салгаж, дэмжих эсэхээ мэддэг байх хэрэгтэй. Энд хүчтэй сөрөг хүчин парламентад хүчтэй дуу хоолой хүргэж байж мэдээллийг олон нийтэд хүргэдэг. Ийм зүйл байхгүй байгаа учраас юу болоод байгаа нь мэдэгдэхгүй, сүүлдээ баримжаа ч үгүй болчихсон цаагуураа юу хийгээд байна гэсэн хардлагаар харах хандлага руу орж байна. Энэ чигээрээ удвал хүчтэй эсэргүүцэл, тэмцэл, янз бүрийн нөхцөл байдал үүсч магадгүй гэсэн үг.

-Та АН-ын хуваагдлыг хэрхэн харж байна. Хөшигний цаана ямар эрх ашиг өрнөчихөв?

-2000 оны нэгдэл механик байсан. Социал демократ, либерал гээд өөр өөр үзэл бодолтой хэд хэдэн намууд нэгдэж дотроо фракц үүсчихсэн. Тодорхой ашиг сонирхлын үүднээс нэгдсэн ийм нэгдэл нам болж тэсэж чаддаггүй. Засгийн эрх авахаараа нөгөө бүлгүүд нь өөрсдийнхөө намыг түлхэж унагаагаад эхэлдэг. Харин иймэрхүү намууд эвслийн зарчмаар ажиллаж эрх баригч намыг ялж болдог. Эвслийн зарчмаар ажиллахаар эвслийн хооронд дотроо дүрэмтэй болчихдог. Өөрөөр хэлбэл, дүрэмдээ захирагдаж Засгийн газраа өөрсдөө унагааж чаддаггүй. 1996-2000 онд дөрөв унаж байсан бол, 2012-2016 онд гурав унасан. Энэ үзэгдлүүд нь АН буруу замаар орчихсоныг илтгэж байгаа юм. Нэгэнт МАН-ыг ялахгүйгээс хойш түүнтэй адилхан массын нам болох хэрэгтэй гэсэн нэгдэл нь ийм болгосон. Өөрөөр хэлбэл, ардчиллын нөхцөлд авторитар, тоталитар намын тохирохгүй механизмаар оролдсон учраас өөрсдөө одоо ийм байдалд хүрч байгаа юм.

-МАН, МАХН үзэл санаагаа бус ашиг сонирхлын үүднээс нэгдлээ гэж харж байна. МАН-д ч гэсэн одоогийн АН шиг үйл явдал тохиож магадгүй юм байна, тийм үү. Эсвэл харьцангуй төлөвшчихсөн нам болохоор үгүй юү?

-Төлөвшчихсөн гэж харахгүй байгаа. Нэг зүйлийг товч хэлэхэд, МАХН, МАН-тай нэгдсэн шалтгаанаа тайлбарлахдаа Үндсэн хуульд тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулна. Хоёр танхимтай парламенттай болох зэрэг янз бүрийн тайлбар хэлсэн. Үүний тулд нэгдэж байгаа гэсэн. Хэрвээ үүнийгээ хийж чадвал бага ч болов амжилт. Хийж чадахгүй бол нүд хуурсан тайлбар. Таны хэлсэн хардлага бодит болно гэсэн үг.

-Хэдийгээр бид мажоритор системээр явахаар Үндсэн хуульдаа тусгачихсан. Гэхдээ энэ систем нь манай улсад төдийлөн зохимжгүй гэдэг нь эхнээсээ харагдаж байна. Манай улсад сонгуулийн ямар систем тохирох юм бэ?

-Сонгуулийн можаритор, пропорцианаль гэсэн хоёр тогтолцоо байдаг. Ганцхан танхимтай парламент байгуулчихаад ганцхан тогтолцоог нь бариад байна. Зүй нь, парламент хоёр танхимтай байдаг. Учир нь, эрт үед язгууртны танхим нь байнгын ажиллагаатай байж, нөгөөх нь төлөөлөгчдийн танхим буюу ард түмнийх байж. Язгууртны танхим хууль гаргахаар төлөөлөгчийн танхим хориг тавьдаг, баталдаг, өөрсдөө хууль санаачилдаг байж. Үүнийг ухаантай хүмүүс бодож олоогүй, түүхэн шалгуураар шалгарч гарч ирсэн зүйл шүү. Манайд болохоор хориг тавих эрхийг ганцхан Ерөнхийлөгчид өгчихөөр ямар ч хуульд хориг тавихаар хүч нь сул болчихоод байгаа юм, нэгдүгээрт. Хоёрдугаарт, төлөөлөгчийн танхим парламентыг хянадаг. Орчин үед байнгын ажиллагаатай танхимаа мэргэжлийн танхим гэж нэрлэдэг. Төлөөлөгчийн танхимаа ард түмний танхим гэдэг. Тэр нь нөгөө танхимаа хянадаг. Үүгээр ч зогсохгүй Засгийн газрын үйл ажиллагааг төлөөлөгчид нь өөрийн тойрог тойрогтоо сонгогчдын гомдлыг авч Засгийн газрын сайд нараас асуулга явуулж, хянадаг. Манайд парламентын хяналтын систем байхгүй, мартчихаж байгаа юм. Мартчихаад нэг танхимдаа нийлж орж суучихаад хууль батлах ажилдаа төвлөрч, хяналтын үүргээ гүйцэтгэж дийлдэггүй. Ингээд тойрог услах гэдэг зүйл рүү ордог. Сонгуулийн мажоритор тогтолцоогоор ард түмний төлөөлөгчдийг сонгодог. Өөрөөр хэлбэл, төлөөлөгчийн танхимыг бий болгодог. Пропорцианаль тогтолцоо болохоор намын нэрийн жагсаалтаар байнгын ажиллагаатай танхимыг бүрдүүлдэг. Тэгэхээр А, Б нам байлаа гэхэд А нам нь нийт сонгогчдын суудлын 30 хувийг, Б нам нь 40 хувийг, үлдсэнийг нь бусад намууд авч гэж бодъё. Тэгвэл суудлын 40 хувийг авсан Б нам сонгуульд ялах нь. Ингэж ард түмний сонголтыг тэнцүүлсэн суудлаар байнгын ажиллагаатай танхимд суудаг. Ингэж байгуулсан нөхцөлд Засгийн газраа огцруулах, парламентаа огцруулах харилцан тэнцвэрийг бий болгох боломжтой болчихож байгаа юм. Жишээлбэл, Ерөнхий сайд төсвөө батлаад парламентаар хэлэлцүүлэхээр манайхан дураараа өөрчилж, 60, 70 хувийг нь өөрсдийнхөөрөө хуваагаад “жонхуу” болгочихдог. Иймээс сүүлийн 30 жилд Монголд ямар ч хөгжил явагдаагүй. Гэтэл Японы ерөнхий сайд төсвөө батлаад парламентаараа хэлэлцүүлээд парламент унагаачихвал өөрсдийн намын олонхоо дэмжсэнгүй гэж үзээд парламент дахь намынхаа гишүүдийг огцруулдаг. Огцруулахаар манайхан дахин сонгууль явуулж бөөн юм болно гэж бодоод байх шиг байгаа юм. Тийм юм болохгүй. Нэрсийн жагсаалтаар орж ирсэн юм чинь намын хоёрт бичигдсэн хүмүүсээ оронд нь тавьчихдаг. Тэгэхээр Засгийн эрх авсан олонх төсөв, бодлогоо хамгаалж байдаг гэсэн үг. Энэ мэт тэнцвэрийн зүйл явагддаг. Манайд энэ чиглэлийн ямар ч ойлголт байхгүй. Цөөхөн монголчуудад олон танхим хэрэггүй гээд байдаг. Гэтэл аливаа машин механизм бүх юм нь бүрэн байж ажилладаг. Жишээлбэл, автомашин байлаа гэхэд автомашины хөргөлтийн систем, тослолтын системийг нийлүүлчихвэл тос масло нь холилдоод мотор нь цохиод эвдрээд явахгүй шүү дээ. Яг үүнтэй ижил. Тэгэхээр их ч бай бага ч бай улсын бүх юм нь бүрэн байж улсын ажил зөв явна.

-Намрын чуулган өнөөдөр эхэлж байна. Та энэ удаагийн парламентад ямар дүгнэлттэй байна?

-Энэ чуулганаар тохиолдож байгаа бэрхшээлийг даван туулах гаргалгааг гаргаж, түүндээ тохирсон хууль, шийдвэрээ гаргаж Засгийн газраа дэмжээд ажиллавал болохгүй юм байхгүй. Гэхдээ тэр нь олигтой ажил болж чадаж байна уу, үгүй юү гэдэг асуудал байгаа юм. Тиймээс шууд шүүмжлэхгүй, хэрэгжүүлж буй ажлыг нь харж, хүлээж, дэмжих ёстой. Түүнээс биш бүгдийг нь юу юуны туханд хүрэлгүй шүүмжлээд байвал сайн сайханд хүрэхгүй. Жаахан ч гэсэн зөв зүйтэй зүйлийг нь дэмжиж байх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *