Categories
мэдээ нийгэм

Дархан цаазат газрын байгаль хамгаалагчдад 15 мотоцикл хандивлалаа

Монгол улсад 121 тусгай хамгаалалттай газар нутаг бий. ТХГН-ийн тухай хуулинд зааснаар тавин мянган га талбайд нэг байгаль хамгаалагч оногддог бөгөөд тэд хээрийн түймэр, хулгайн ан, хүйтэн зэвсэг, хүний хүслээс байгаль орчин, ан амьтан, ургамал бүхнийг цогцоор нь хамгаалан сахиж байдаг.

Дээрх хүмүүсийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай зүйл бол чанартай сайн унаа юм. Байгаль хамгаалагчдын нэн тэргүүний хэрэгцээг сайн дурын үндсэн дээр хангадаг Rally for Rangers хөтөлбөр долоо дахь жилдээ хэрэгжиж, өнгөрөгч долоо хоногт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус аян нь эх орныхоо уул ус, амьд бодгаль бүхний төлөө амь биеэ үл хайхран зүтгэдэг байгаль хамгаалагчдыг найдвартай, чанартай тээврийн хэрэгслээр хангаж, ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд туслах зорилготой.

Монгол экологийн төвийн санаачилгаар хэрэгжүүлдэг энэхүү хөтөлбөрийн хүрээнд есдүгээр сарын 11-23-нд Монгол Улсын зүүн бүсийн Тусгай хамгаалалттай газрууд болох Нөмрөг, Дарьганга мөн Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн байгаль хамгаалагчдад 15 мотоцикл хандивлажээ.

Тус төв тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах, өсвөр үе залуучуудад байгаль орчин тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд оны арваннэгдүгээр сард Бутан улсын байгаль хамгаалагчдад 15 мотоцикл хүргэж өгөхөөр төлөвлөсөн байна.

Монгол Экологий төв ТББ-ын гүйцэтгэх захирал Ё.Бадрал “Бид өнөөдрийн нөөц бололцоогоороо нэг дор олон эсвэл бүх тусгай хамгаалалттай газруудад хүрч ажиллах боломжгүй. Гэхдээ бидний жишээг хараад бусад байгууллагууд өөрийн хийж чадах хэрээр хамтарч мөн тусалдаг бол ямар ч асуудлыг шийдэж болно гэж хардаг. Бид заавал том, далайцтай байхаас илүү чанартай бөгөөд эзэндээ хүрсэн, тодорхой үр дүнд хүрэх ажлуудыг зохион байгуулахыг эрхэмлэдэг” хэмээжээ.

Өнөөг хүртэл тус аяны хүрээнд Хөвсгөл, Ховд, Өмнөговь, Баян-Өлгий, Завхан аймагт байрлах Монгол Улсын зургаан тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад 80 гаруй мотоцикл хандивлажээ. Улмаар олон улсын сонорт хүрснээр Аргентин, Непал улсын тусгай хамгаалалттай газруудад 30 мотоцикл бэлэглэсэн байна. Орос, Япон, Австрали, Шинэ Зеланд, АНУ, Канад, Сингапур, Герман, Дани, Ливан гэх мэт олон улсын сайхан сэтгэлт мотоциклын хорхойтнуудын ачаар дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй байгаль хамгаалагч гэх чимээгүй баатрууд маань унах унаатай залгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *