Categories
мэдээ нийгэм цаг-үе

З.Алтай: Телевизүүд жижиг ч гэсэн хүнд өгөөжтэй монгол контент хий. Боломж нь байна

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, MN25 дугаар суваг телевизийн захирал Зоригийн Алтайтай ярилцлаа.


-Одоогоос 25 жилийн өмнө 25дугаар суваг телевиз үүсгэн байгуулагдаж байсан нь Монголд чөлөөт хэвлэл үүсэх үндэс суурийг тавьсан. Тэгэхээр зөвхөн танай телевизийн гэлтгүй монголын сэтгүүл зүйд түүхэн ой тохиож байна гэж хэлж болно биз дээ?

-Цаг хугацаа гэдэг чинь асар хурдан явдаг юм байна. 25 жил болжээ, нэг мэдэхэд. Бид жил жилийг тоолсонгүй. Тэгэхээр бид өнгөрсөн хугацаанд их л ажилтай, их л эрч хүчтэй, хоног цаг хугацааг үл тоон ажилласаар нэг л мэдэхэд 25 нас хүрсэн байна л даа. Энэ удаагийн ойг гадуур өвчин зовлон их байгаа учраас 25 жил гээд нэг их сүртэй юм болгомооргүй л байгаа юм. Байгууллага болгонд байдаг л ой. Тийм биз. Гэхдээ ач холбогдол өгч буй зүйл бол бид яах аргагүй Монголын анхны чөлөөт телевиз юм. Нөгөө талаар 25 суваг 25 жил гээд харахаар тооны хувьд бас нэг бэлгэдэл юм л даа. 25 жилийг хүний насаар аваад үзэх юм бол үнэхээр сайхан, залуу зандан, эрч хүчтэй, галзуу барын аманд гараа хийхээс буцахааргүй тийм л он цагийг өнгөрөөсөн байна. Өнгөрсөн зүйлээ эс тоогоод, байдаг л ой гээд байх бас хаашаа ч юм. Тэр утгаараа байгууллага дотроо бие биендээ баяр хүргэх хэмжээнд тэмдэглэж өнгөрүүлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Тэр үед үздэг хардаг ганцхан МҮОНРТ л байлаа. Тэгвэл суваг солиод үзчих телевиз нэмэгдэнэ гэдэг тухайн цаг үедээ цоо шинэ зүйл байхгүй юу. 25 дугаар суваг телевиз сайн байсан уу, муу байсан уу гэдгийг Монголын үзэгчид л дүгнэх байх. Бид өнгөрсөн хугацаанд магтуулах үедээ магтуулж, муулуулах үедээ муулуулсаар ирсэн. Гэсэн ч бид өөрсдийн үзэл бодлоор урагшилсаар л байна. Хамгийн гол нь ганц бидний баяр бус түүхэндээ Монголын ард түмний чөлөөт телевиз үзэж харж эхэлснээс хойш 25 жил болжээ. Үзэгчдийн хувьд ч олзуурхууштай.

Үзэж харах нүд нээх, сонсож чих онгойх, өөр өнцгөөс юмыг бодож сэтгэх гээд энэ бүхэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг нээх салхийг хагалсан явдал яалт ч үгүй мөн. Аливаа юмны анхдагч гэдэг маш чухал. 25 дугаар телевизээс хойш маш олон хувийн хэвшлийн телевиз гарч ирсэн байна.Чөлөөт телевиз, сэтгүүл зүйн суурийг маш сайн тавьжээ.Үүний үр дүнг захын аймгууд хүртэл телевизтэй болсноос харж болно.

-Тэгэхээр танайхаас хойш маш олон телевиз гарч ирж өнөөг хүртэл ямар нэг зохицуулалтгүй явж ирсэн. Саяхнаас Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ олон телевиз хуультай болсноор ямар ач холбогдолтой вэ?

-Олон жил дуншиж явсаар сая л биеллээ олж буй хууль.Бид хууль гаргаад хамгийн гол нь оюуны өмчөө тодорхой хэмжээгээр үнэлүүлье л гэсэн шалтгаан. Өнөөдөр нэгэнт л зах зээлд орсон л бол бүх юм үнэтэй. Мэдээ, нэвтрүүлэг бүгд л хүний оюун ухаанаас урган гардаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бидний хувьд оюуны өмчөө нэг ч төгрөгөөр үнэлүүлсэнгүй. Үзэгчдээсээ нэг төгрөг ч авдаггүй. Энэ гажуудлыг сая гарсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулалт хийлээ л дээ. Аль хэдийнэ ийм хуультай болсон бол бид оюуны өмчөө үнэлүүлээд тодорхой хэмжээний хэдэн бор төгрөг аваад техник технологио сайжруулаад ажилчдынхаа цалинг боломжоороо нэмээд явах тийм л цаг хугацааг алдсан. Алдсан нь бидний буруугаас биш ерөөсөө л хийх хүсэлгүй байсан. Тэрнээс алгын чинээ ном бичсэн хүн хүртэл хэдэн төгрөгөөр зардаг биз дээ. Ялгаагүй телевизийн бүтээл бүхэн уран бүтээлчид, сэтгүүлчийн л оюуны хөдөлмөр. Телевиз техник технологийн хувьд асар өндөр зардалтай. Ажилчдын хувьд ч хуучин 100 гаруй хүн ажиллаж байлаа. Ажилчдынхаа цалин мөнгийг тавина гэдэг маш хэцүү. Харин Өргөн нэвтрүүлгийн тухай хууль гарснаар тодорхой хэмжээний хэдэн төгрөг орж ирнэ. Айхтар их биш ч гэсэн чамлахаар чанга атга гэдэг. Бага ч гэсэн нэг алхам юм.

-25 дугаар суваг телевизийн өнөөдрийг хүртэл баримталж ирсэн гол зарчим, бодлогыг сонирхож болох уу?

-Анх уг телевизийг нээхэд А.Авирмэд, Л.Жаргалсайхан, Ц.Балдорж, Д.Галсанжаргал, инженер Ганбаатар гээд хуучин МҮОНРТ-д чанагдаж байсан хэдэн нөхдүүд байлаа. Нэгэнт чөлөөт нийгэм рүү орчихлоо. Бидэнд юу дутагдаж байна. Бидний мэддэг чаддаг зүйл юу байна гээд ярилцахад хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевиз л байсан. Чөлөөт телевиз нийгэмд нэн хэрэгтэй, захиалга үүсчихсэн байсан үе. Бид халаасандаа сохор зоос ч үгүй, телевиз байгуулъя гэсэн сэтгэл л байсан. Ямар ч байсан ийм телевиз байгуулна даа гэсэн сэтгэлийн тэнхээгээрээ амиа зогоож л 25 жил явлаа. Энэ хугацаа бол телевизийн эфир эхэлснээс хойш хугацаа. Үүнээс өмнө телевиз байгуулахын тулд дөрөв, таван жил хэдэн бор цаас олох гэж ганзгын наймаа, гахай чирэх гээд хүний хийдэг бүх л ажлыг хийж байж хэдэн төгрөг цуглуулсан. Үндсэндээ бидний 30-аад жилийн хөдөлмөр. Бид юм хийсэн, бүтээсэн. Тэгэхээр өөрийгөө болон бусдыгаа сайн байна л гэж хэлнэ. Болж байна ш дээ. Нэг ч гэсэн хүн нийгэмд санасан зорьсон хэрэгцээтэй зүйл хийчихвэл болж байна. Хүн болгон санасан зорьсон зүйлээ хийх юм бол улс орон хөгжинө, хүмүүсийн ахуй амьдрал ч дээшилнэ. Өөрөө ч гэсэн өөдрөг сайхан байж таарна шүү дээ. Миний бахархдаг гол зүйл бол өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид өөрсдийнхөө үзэл бодлоосоо ухарсангүй, урвасангүй. Аль нэг нам, аль нэг мөнгөтэй олигархийн халаасанд орж харцаар нь хөдөлж байсан удаагүй.бидэнд өөрийн гэсэн үзэл бодол байна. Шударга байх ёстой. Чөлөөтэй байх ёстой. Хүнд худалдагдахгүй байх ёстой. Үнэн зөвийг мэдээлэх ёстой гэсэн зарчмыг л баримталж ирсэн. Банкнаас нэг төгрөгийн ч зээл аваагүй. Хэн нэгнийг ямар нэгэн байдлаар хулхидаагүй. Хүн өөрийнхөө цэвэр хөдөлмөрөөр телевизийг босгоно гэдэг хамгийн том бахархал болов уу. Тэрнээс өнөөдөр ямар нэг муу арга залиар юу ч хийж болдог нийгэм байна ш дээ.

-Энэ олон хувийн телевизүүд та бүхний анх хувийн телевизийг бий болгохдоо баримталсан зарчим, мөн чанарыг хадгалж чадаж байгаа болов уу?

-Чадахгүй байна гэж би шууд хэлье. Монголд чөлөөт хэвлэл мэдээлэл байна уу, найзаа гэж надаас асуувал би “Байхгүй” л гэж хэлнэ. Битгий худлаа яриад бай. Энэ олон хэвлэл мэдээлэл, телевиз сайт чинь юу юм гэх байх л даа. Миний ойлголтоор чөлөөт хэвлэл мэдээлэл гэдэг түрүүн хэлсэн шиг хэн нэгэн нам, улс төрийн хүчин, мөнгөтэй нөхрийн халаасанд орж явах юм бол юуных нь чөлөөт хэвлэл байхав дээ. Өөр өөрийгөө санхүүжүүлээд, өрөөл нэгнээс үүрэг авдаггүй өөрийнхөө үзэл бодлоор явдаг газрыг л чөлөөт хэвлэл гэж хэлнэ. Өнөөдрийн энэ олон хэвлэл мэдээллийн газрууд чинь дандаа цаанаа улс төрчид эсвэл бизнесийн олигархиуд л байгуулсан байдаг. Бидэн шиг зовлон үзэж туулж ирсэн нь бараг байхгүй. Алт ухсан, тариа ногоо тарьсан, улсын мөнгийг хулгайлсан, зээл аваад унжсан, эрх мэдлийг ашигласан нөхдүүд ард нь бий. Би бусад телевизийг муулж байгаа юм биш. Гэхдээ та нар зүгээр нэг бодоод үзээрэй. Цаад атмануудыг нь хар, хэний мөнгөөр крандаж яваад байгааг нь бодвол Монголд өнөөдөр чөлөөт хэвлэл мэдээлэл үгүй болж. Чөлөөт хэвлэл мэдээлэл өөрийнхөө үзэл бодлоор явна. Гэтэл энэ хэвлэл мэдээллийнхэн цаад даргынхаа бодлогоор л хөдөлж байна.

-Цаашдаа энэ олон телевиз олон нийтийн дуу хоолой болохын тулд юуг анхаарах чухал байна. Энэ нь технологийн хурдацтай хөгжлийн явцад оршин тогтнох бас нэг үндэс болов уу?

-Орой эфир үзээд суухаар гунигтай санагддаг. Дандаа л үхлээ, хатлаа, энэ ч болохоо байлаа, тэр ч идэж уулаа, тэр ч шатаалаа, энэ ч бослоо ч гэсэн мэдээ мэдээлэл. Нэг бол би гуйлгачин, өлбөрч үхлээ гэнэ. Төрийн бодлогын буруу байх. Гэхдээ нөгөө талаараа хүний төлөө хүн болоод төрчихсөн юм шиг. Үнэнийг хэлэхэд өөрийнхөө амьдралыг авч явж чадахгүй байж хэнд гоморхоод, ялархаад байдаг юм. Үхмээр байвал үхчихээж дээ гэж хэлмээр санагдах юм зөндөө гарах юм. Монголд өнөөдөр өөрийнхөө толгойгоо ажлуулаад, хөлсөө гаргаад хөдөлмөрлөөд явбал бололцоотой сайхан амьдрал байна. Дэлхийн бусад оронд юу болж байна. Хар л даа, харьцуулалдаа. Монгол шиг сайхан амьдрах боломжтой газар хаа байна. Өөрсдийнхөө ажилгүй, арчаагүй, залхуугаагүй мэдэхгүй хүнд гомдоллоод байдаг. Тэрийг нь манай телевизийнхэн, хэвлэл мэдээллийнхэн хөөрөгдөөд мэдээллээд байдаг. Би эсрэгээр нь явмаар санагддаг. Сайн бодлоготой байх ёстой. Тийм юм байдаггүй юм аа, чи хөдөлмөрлө, чи бос, энэ нөхөр чамаас яагаад илүү амьдраад байна, чи үүнээс юугаараа дутсан юм гэдэг хүмүүсийг хөдөлгөх, хөдөлмөрт, амьдралд зоригтой, зорилготой, уриалан дуудах юмнуудыг л хийх хэрэгтэй. Зүгээр л гуниг зовлон яриад, мэдээллээд байх юм бол энэ улс чинь мөхнө ш дээ. Энэ харанхуй нийгэм, энэ олон харанхуй хүмүүсийн тархи толгойнд бараан юм өгөөд байх юм бол энэ улс орон мөхөхийн л цондон ш дээ. Ийм юман дээр л энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл уриалан дуудах, ажиллах ёстой.

-Ингэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн бодлого чухал үүрэгтэй байх. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Редакцууд нь маш хүчтэй бодлоготой, төр засаг нь үүнийг нь дэмждэг байх ёстой. Цаг сайхан болно. Хамгийн гол биднээс, танаас, надаас хамаарна гэдэг юмыг л уриалан дуудах чухал. Тэгэхгүй нэг бол хошин шог гаргадаг, нэг бол хэнд ч хэрэггүй гадны баахан савангийн хөөс драм гаргадаг, нэг бол баахан зохиолын дуу гаргадаг. Ингэхээр яаж ард түмэнд, үзэгчдэд боловсрол олгох юм, зөв гэгээлэг ойлголт өгөх юм. Адаглаад л шинжлэх ухаан, танин мэдэхүйн ойлголтыг түлхүү үзэгчдэд хүргэмээр байна. Юу ч мэддэггүй, юу ч ойлгодоггүй маргаашийнхаа амьдралыг аргацаасан байдалтай хүмүүс амьдарч байна. Хайран амьдрал, цаг хугацаа. Масс медиа бол хүмүүсээ боловсролуулах, соёлжуулах, танин мэдэхүйн мэдээллийг түлхүү өгч байх, хийх бүтээх, сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг л өгч байх ёстой.

-Танай 25 дугаар суваг телевизийн хувьд үндэсний контентыг түлхүү хийж гаргадаг. Энэ бас л та бид хоёрын яриад байгаа нийгмийг соён гэгээрүүлэх, уриалах бодлогын нэг хэлбэр мөн үү?

-Үндэсний контент хийх, бүтээх бодлого баримталдаг. Заавал гадаадаас хулгай хийх албагүй. Бусад телевизүүдийг харж байхадхэдэн зуун мянган ам.доллар төлж гадны бэлэн контент авчираад яг тэрийг дуурай хийх гэж хичээдэг. Монгол хүн чинь өөрөө толгойтой, ухаантай юм байгаа биз дээ. Яагаад өөрсдөө толгойгоо ажлуулаад монгол контентуудыг хийж болдоггүй юм. Өөрсдөө толгойгоо ажиллуул л даа, найзууд аа. Жаахан ч гэсэн, жижиг ч гэсэн хүнд өгөөжтэй монгол контент хийгээд гарга л даа. Бүх боломж л байна. Тэгээгүй байж л манайх бут авчихлаа энэ тэр гэдэг. Монгол сэтгэхүй байхгүй. Тэдэн шиг алттай, банкаар тэжээлгэдэг бол амар л байна ш дээ. Хэдэн зуун ам.доллар хусч халаасалчихаад бэлэн юм авчраад гаргачихна. Надад даанч тийм сонирхол алга. Мөнгө алга. Тэгээд ч хэнд хэрэгтэй юм.

-Телевизүүдийн судалгааг харж байхад үзэгчдийн эрэлттэй мэдээний хөтөлбөрт 25 дугаар суваг телевиз эхний гуравт олон жил бичигдэж байна. Энэ бас л нэг бодлого биз?

-Бодлого.Бодлогогүй юм гэж байхгүй. Бид хэнээс ч хараат бус, хэнээс ч юм асуудаггүй гэж би хэлсэн. Заавал энэ сайд тэглээ, тэр гишүүн тэгж тууз хайчиллаа гэсэн хэдэн балай протоколийн мэдээ хэнд хэрэгтэй юм. Ард түмний амьдралд ямар ч нэмэргүй. Илүү цонхны цаадах бодит амьдрал хэрэгтэй. Удирдлагуудын хэлээд байгаа тоон статистик мэдээлэл үнэн байна уу, худлаа байна уу, амьдрал дээр нийцэж байна уу гэдгийг л бид тодорхой болгож яг бодит байдал дээр ийм байна шүү гэдгийг л мэдээлэх үүрэгтэй. Гудамж руу гарч мэдээллийг бэлтгэх ёстой. Тэрнээс төрийн ордонд хэдэн яам тамгын газрын үүд сахиж болсон болоогүй газрын дарга нарын худлаа мэдээллийг гаргах юм бол цагийн гарз, мөнгөний гарз биз дээ. Тэгэхээр тэр мэдээг яагаад хүмүүс их үзээд байна гэхээр арай л бодитой амьдралд ойр байна л гэсэн үг. Энэ асуудлаас яаж гарах юм гэдэг гарцыг бас хэлж өгөх ёстой. Тэрнээс нээрээ тийм байна даа, хөргөгчинд нь юм алга гээд хэвлэл мэдээлэл нь адилхан гаслаад байж болохгүй ш дээ. Тодорхой хэмжээний гарцыг үзэгчдэд зааж өгөх ёстой.

-Ойгоо тохиолдуулан үе үеийн уран бүтээлчдэдээ хандан юу хэлэх вэ?

-25 дугаар суваг телевизийн 25 жил гэж байна. Яахав хувьцаа эзэмшдэг хэдэн хүний идеа санаа явж л байгаа байх. Эцсийн эцэст энэ чинь уран бүтээлчдийн ур ухаан, сэтгэлгээ минийх, манайх гэсэн сайхан сэтгэл дээр 25 дугаар суваг телевиз оршин тогтнож өнөөдрийг хүртэл явж байгаа юм. Санаа нийлсэн сайхан уран бүтээлчдийн баг байгаагүй бол энэ телевиз өнөөдөр байгаа ч уу, үгүй ч үү. Хэн нэгний хараат хэтэвчинд орчихсон гөлөлзөөд л явж байх байсан. Үе үеийн залуучуудын нуур дээр гол ачаалал ирсэн. Тиймээс нэр хүнд ч бас үе үеийн уран бүтээлчдэд очно. Тэгэхээр сайн ч уран бүтээлчид, сайн ч команд байсан. Байх ч болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *