Categories
мэдээ нийгэм

“Ноолуурын салбар дахь тогтвортой байдал” цахим хурал болно.

Их Британид төвтэй олон улсын ашгийн бус байгууллага болох Тогтвортой ноос ноолуурын эвсэл ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч 100 гаруй гишүүнээ нэгтгэсэн “Ноолуурын салбар дахь тогтвортой байдал” цахим хурал болно.

Энэ сарын 14-16-ны хооронд үргэлжлэх тус хурлаар ноолуурын түүхий эдийг байгальд хор нөлөө багатай, хариуцлагатай, ил тод зарчмаар бэлтгэн нийлүүлэх арга туршлага, чиг хандлага болон сорилтуудын талаар хэлэлцэх аж.

Хэдийгээр Монгол Улс дэлхийн нийт ноолуурын 40 хувийг дангаар нийлүүлж байгаа нь сайшаалтай үзүүлэлт боловч байгаль орчинд үзүүлж буй хор нөлөө, бэлчээрийн доройтол нь тулгамдсан асуудал хэвээр байна.

ТННЭ 2015 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн мал маллах, бэлчээр ашиглах, байгальд хор уршиг багатайгаар ноос ноолуур бэлтгэх дадал болон мал амьтны ая тухтай байдлыг хангах олон улсын таван стандартыг малчдад хэвшүүлж, хэрэгжилтийг хянаж эхэлсэн юм. Эдгээр дадал, стандартыг баримталсан малчид самнасан ноолууртаа “SFA Certificate” буюу “мөшгөгдсөн ноолуур” гэх шошго хадах эрхтэй болдог. Ийм шошготой ноолуур үнэ цэнтэй, өндөр чанартай байх бөгөөд дэлхийн топ брэндүүд тогтвортой буюу байгальд хор нөлөө багатай, хариуцлагатай, ил тод гэх статусаа хадгалахын тулд энгийн аргаар бэлтгэсэн ноолуураас илүүд үздэг.

Одоогийн байдлаар ТННЭ “Үлэмж Кашимер”, “Ханбогд” тэргүүтэй олон жилийн туршлагатай бэлтгэн нийлүүлэгчид болон 21 аймаг дахь малчдын хоршоодтой хамтран ажиллаж 2020 онд 90 гаруй тонн “мөшгөгдсөн” ноолуурыг дэлхийн зах зээлд нийлүүлсэн. Худалдан авагчдын дунд тогтвортой түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаа тул ТННЭ 2024 он гэхэд 2,000 тонн ноолуур экспортлох зорилт тавин ажиллаж байна. Өнгөрсөн оны нийт экспортын 44.4 хувийг хамгийн том нийлүүлэгч болох Үлэмж Кашимер болон Ханбогд нар нийлүүлсэн бөгөөд ТННЭ-ийн сүлжээ холбосон сүлжээ өргөжихийн хэрээр эрэлт нь нийлүүлэлтээ давах дүр зураг харагдаж байна.

Дэлхийн ноолуурын зах зээлийн цаашдын чиг хандлагаас хоцрохгүйн тулд ТННЭ нь “Ноолуурын салбар дахь тогтвортой байдал” цахим хурлыг хоёр жил тутам зохион байгуулж бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын уулзах цэг болж байна. Ингэснээр энэ салбарт тулгамдаж буй цаг үеийн асуудалд шийдэл эрэлхийлж, туршлага солилцохос гадна түншлэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зэрэг олон давуу талыг үндэсний үйлдвэр, бэлтгэн нийлүүлэгчдэд олгож байгаа юм.

Цахим хурлын хамтаар Олон улсын цахим үзэсгэлэн яармаг эхлэх бөгөөд үүнд дэлхийн топ брэнд болох “Dior”, “Gucci”, “Burberry” зэрэг хамт дотоодын тансаг зэрэглэлийн ANNA, Oyuna нарын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон дотоодын томоохон бэлтгэн нийлүүлэгчид олон улсын худалдан авагчдад түүхий эдээ сурталчлах юм. ТННЭ ийнхүү бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч бүх талын үйл ажиллагааг уялдуулах, дэмжих, тогтвортой үйлдвэрлэлд чиглүүлэх, олон улсад сурталчлан холбох цогц ажлыг хэрэгжүүлж байна.

Тогтвортой ноос ноолуурын эвсэл нь Лондон хотод төвтэй ашгийн бус байгууллага бөгөөд 2015 оноос ноолуурыг тогтвортойгоор үйлдвэрлэх нэгдмэл зорилготой эрдэм шинжилгээний судалгааны байгууллагууд, хөгжлийн санаачилгууд, төрийн бус байгууллагуудыг багтаасан бие даасан, өрсөлдөөнт биш байр суурийг баримталж, нийлүүлэгч болон брэндүүдийг эгнээндээ нэгтгэсээр байна. Бид тогтвортой ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх, Бэлчээр ашиглах, Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадалыг нэвтрүүлэн, хэрэгжилтийг хангадаг.

Түүнчлэн малыг өлдөж, цангаахгүй, тав тухтай, бэртэлт, зовиур, өвчин эмгэггүй, айдас түгшүүрээс ангид, жам ёсны авир аашаар нь байлгах буюу амьтны эрхийг хамгаалах олон улсын таван стандартыг хангуулж байгаа нь ТННЭ-ийн байгаль орчныг хамгаалах чиглэлд хийж байгаа олон санал санаачилгын нэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *