Categories
гадаад мэдээ

39 жил комд байсан Франц хөл бөмбөгчин нас баржээ

Францын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Жан Пьер Адамс 73 насандаа хорвоог орхижээ. Тэрээр мэс заслын үед болсон эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж комд орж, ухаан орж чадалгүй 39 жил өнгөрсөн байна.

Тодруулбал, 1982 оны гуравдугаар сард Адамс өвдгөндөө төлөвлөгөөт мэс засал хийлгэхээр Лион хотын эмнэлэгт хэвтсэн боловч эмчийн алдаанаас болж унтуулгаасаа гарч чадаагүй аж. Тухайн өдөр Францад эмч нарын бүх нийтийн ажил хаялт болж байжээ. Зарим нэг эх сурвалжид дурдсанаар унтуулгын ганц эмч тухайн өдрийн бүх хагалгаанд ажиллаж, өвчтөний унтуулгын тунг андуурч хийсэн байна.

Алдаа гаргасан эмч нарт 1990-ээд онд хариуцлага хүлээлгэсэн байна. Тэднийг ажлаас нь халж, 750 евротой тэнцэх хэмжээний мөнгөөр торгожээ.

Жил гурван сар эмнэлэгт хэвтүүлсний дараа Адамсыг Ним дэх гэр лүү нь шилжүүлсэн байна. Түүнийг амьдралынх нь эцсийн мөч хүртэл нь эхнэр Бернадетт нь асарчээ.

“Бернадетт Адамс, сайхан сэтгэлтэй, ган төмөр шиг хатуужилтай, гайхалтай эмэгтэй. Нөхрийнхөө нөхцөл байдлыг үл харгалзан амьсгалын аппаратыг нь салгах тухай огт бодож байгаагүй. 40 жилийн турш өдөр бүр Жан Пьертэй хамт байж, хувцсыг нь сольж, хоол бэлтгэж, бэлэг өгөхөө марталгүй, үргэлж түүнтэй ярилцдаг байсан. Харамсалтай нь нөхөр нь хариу өгдөггүй байлаа. Бернадетт ганц, хоёр хоног хажуунаас нь холдохоор өвчтөний бие мууддаг байсан гэж сувилагч нар ярьж байсан” хэмээн ВВС агентлагийн спортын сэтгүүлч бичжээ.

Жан-Пьер Адамс 1948 онд Сенегалд мэндэлсэн байна. Тэрээр 1960-аад онд залуучуудын хөл бөмбөгийн багт элсэж, “Ницца”, “Пари Сен-Жермен” клубт төвийн хамгаалагчаар тоглож иржээ. Франц улс хөл бөмбөгчнөө марталгүй түүний нэрээр цэнгэлдэх хүрээлэнгүүдээ нэрлэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *