Завхан аймаг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрсдэлийг даван туулахад зориулж эрүүл мэндийн болон, мэргэжлийн байгууллагууддаа тусламж дэмжлэгийг тухай бүр нь олгож байгаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Тухайлбал, энэ онд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгүүдэд 86 сая төгрөгийн гурван ширхэг автомашиныг олгожээ. Мөн 19 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжид 30 сая, 74.3 сая төгрөгийн хувийн хамгаалах хувцас хэрэглэлийн иж бүрдэл 900 ширхгийг өгсөн байна. Түүнчлэн 53 сая төгрөгийн нэг удаагийн оношлуур, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Их-уул сумын эрүүл мэндийн төвүүдийн голомтод ажилласан мэргэжлийн багт 18 сая төгрөгийн илүү цагийн хөлсийг олгоод буй.Эрүүл мэндийн тандалтын баг болон улаан бүсэд үр бүтээлтэй ажилласан 22 эрүүл мэндийн ажилтанд тус бүр нэг сая төгрөгийн урамшууллыг олгоод буй гэв.