Улсын Ерөнхий Прокурорын газрын мэдээллээр өнгөрөгч долдугаар сард танхайрах, хүний биед халдах, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, мөрийтэй тоглоом тоглох зэрэг зарим төрлийн зөрчлийн гаралт буурсан ч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил өсжээ.
Амралт зугаалга ихэссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 147884 бүртгэгдэж хоёр хувиар өссөн байна. Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил дийлэнх хувийг эзэлж байна.
Харин мөрийтэй тоглоом тоглох зөрчил 73 хувиар, хулгайлах зөрчил 66 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил тус бүр 52 хувиар, танхайрах зөрчил 50 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 45 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 43 хувиар, Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах зөрчил 24 хувиар, хүний биед халдах зөрчил 8 хувиар буурчээ.