Цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгслийг энэ жил гурван сараар бэлдүүлнэ гэдгийг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар хэллээ
Тэрбээр “Цэцэрлэгийн сургалт өмнөх шигээ буюу 8-10 цагийн хугацаагаар ажиллах юм. Харин хүүхдийн хичээлийн хэрэгслийг өнгөрсөн жил шиг гурван сараар бэлдүүлэхээр болсон.
Мөн коронавирусийн ямар нэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг эцэг, эхчүүдэд хүлээлгэж байгаа бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг хүүхдүүдэд зайлшгүй баримтлуулах хэрэгтэй.
Түүнчлэн журамд зааснаар хүүхэд цэцэрлэг дээрээ амны хаалт зүүхгүй. Харин гэр цэцэрлэг хоёрын хооронд амны хаалтыг маш сайн зүүлгэх ёстой.
Өөр ямар нэг маршрутаар буюу дэлгүүр зэрэг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөж байна. Учир нь нэг ангиас ямар ч хүүхэд халдвар авахгүй байвал тасралтгүй танхимаар хичээллэх боломжтой.
Түүнчлэн,
- Цэцэрлэг дээр гаднаас ямар нэг хоол хүнс, тоглоом зэргийг огт оруулахгүй тул хүүхдэдээ өгч явуулахгүй байхыг зөвлөж байна.
- Ангид байгаа тоглоом болон сургалтын зүйлүүдийг хүүхдүүдэд дамжуулж хэрэглүүлэхгүй бөгөөд аль болох халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлуулна.
- Цэцэрлэгт хүүхдүүд харьцангуй гараа савандаж угаах боломжтой учраас гар ариутгагч хэрэглүүлэхгүйгээр аль болох савандаж угаалгах замаар дэглэм мөрдүүлэх юм.
- Цэцэрлэг дээр хүүхдүүдийг шүдийг нь угаалгахгүй байхаар зохицуулсан бөгөөд хүүхдийн шүдийг хэрхэн зөв угаах тал дээр видео хичээлийг бэлдэж цацах тул хүүхдийг гэрт нь сайтар шүдийг нь угаалгаж байхыг зөвлөж байна.
- Ямар нэг байдлаар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цэцэрлэгт явуулахгүй байж гэрт нь тусгаарлахыг зөвлөж байна” гэсэн юм.