“Баруун бүсийн хурд-2021” хурдан морины уралдааныг гурван өдрийн хугацаанд Ховд аймагт зохион байгууллаа. Үүнд 574 унаач хүүхэд оролцож, нийт есөн насны 1484 морь уралдсан байна.
Тодруулбал, их нас 352, азарга 211, соёолон 196, хязаалан 220, шүдлэн 199, даага 175 тус тус уралдав. Мөн эрлийз дээд насанд 65 морь, дундад 63 морь, эрлийз даага 42 тус тус уралдсан аж.
Энэхүү хурдан морины уралдааныг “Монголын Морин спорт уяачдын холбоо”-ны 25 жил, “Гиннесийн уралдаан”-ы найман жилийн ойн хүрээнд зохион байгуулснаараа онцлогтой.
Орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын зүгээс наймдугаар сарын 6-8-ны өдөр уяачид болон хурдан морь унаач хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хяналт тавьж ажиллалаа. Тус ажлын явц, үр дүнгийн талаар өнөөдөр нэгдсэн мэдээлэл хийв.
Өөрөөр хэлбэл, хурдан морины уралдааны үеэр стандартын шаардлага хангасан хувцас өмсөөгүй 13 хүүхдийг илрүүлж, зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулжээ.
Мөн богино долгионы станц чихэвч хэрэгсэл 12, стандартын бус ташуур хэрэглэсэн 18 тохиолдол, зориулалтын бус малгай өмсгөсөн 26, өвдгөвч тохойвчгүй 19 хүүхдийг саатуулж, морины эзэн болон эцэг эх, асран хамгаалагчид нь мэдэгдэх замаар стандартын хувцас хэрэгслээр хангасан байна.
Үүнээс гадна хүүхдүүд стандартын бус урт ташуур, урт суран оосор, гар утас, богино долгионы станц, чихэвч, чулуугаар хийсэн дүүгүүр, гялгар уут, хадаг, шүгэл биедээ авч гарахыг оролдсон зэрэг 34 тохиолдлыг илрүүлж, таслан зогсоолоо.
Энэ үеэр уралдааны зам хуурайшилт ихтэй, тоосжилттой байсны улмаас хүүхдүүдийн ам ангах, морьд багтрах тохиолдол гарсан. Улмаар үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас морьд замаас гарч, засч бэлтгээгүй зам руу орох тохиолдол гарсаны улмаас дөрвөн хүүхэд мориноос унаж, гэмтэл бэртэл авчээ.
Тэднийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулсан бөгөөд уяач болон эцэг эхэд нь хүлээлгэн өгч, даатгалын компанид холбон зуучилсан гэж Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Хурдан морины уралдаан зохион байгуулах комиссоос цаашид хүүхэд хамгааллыг сайжруулах талаар санал солилцож байгаа аж.
Учир нь зөвхөн их насны морьдын уралдааны явцад л гэхэд 30 гаруй унаач хүүхэд мориноос унаж, их бага хэмжээгээр тархины доргилт, зөөлөн эдийн гэмтэл авсан гэх (албан бус) мэдээлэл бий.
Тус хурдан морины уралдааны үйл ажиллагаа, холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг орон нутгийн “Ховд телевиз”-ийн цахим хуудсаар дамжуулан үзэх боломжтой.