Categories
мэдээ нийгэм

Хүн амын 61.4 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байна

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунгын вакцинд 2.2 сая хүн хамрагдаад байна.

Хоёрдугаар тунд 1.9 сая иргэн мөн хамрагджээ. Тодруулбал, эхний тунд нийт хүн амын 67.7 хувь, хоёрдугаар тунд 61.4 хувийг хамруулаад байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.091.254 иргэн эхний тунд, 991.910 иргэн хоёр дахь тунд хамрагдаад байна. Мөн нийт 2120 жирэмсэн эх, 12-15 насны 32.482, 16-17 насны 16.843 хүүхэд тус тус хоёр дахь тунд хамрагджээ.

2021-2022 оны хичээлийн шинэ жил танхимын болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр эхлэх гэж буйтай холбоотойгоор нийт баг, сурагч, оюутныг коронавируст халдварын эсрэг вакциндаа бүрэн хамрагдахыг ЭМЯ-наас уриалж байна.

БШУЯ, ЭМЯ-ны мэдээллээр цэцэрлэг, сургууль, МСҮТ, политехникийн коллежийн багш ,ажилчдын 90 гаруй хувь нь коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж вакцин хийлгэсэн дүнтэй байна. Мөн 12-17 насны нийт хүүхдийн 74.8 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна.

Өнөөдөр нийслэлд суурин 14 цэгт 23 багийн 116 эмч, ажилтан ажиллаж, 5765 иргэнийг дархлаажуулна. Багахангай, Багануур, Налайх дүүргийн дархлаажуулалтын цэгүүд амрах юм. Нийслэлд өчигдөр халдварын эсрэг вакцины эхний тунд 728, хоёр дахь тунд 780, нийт 1019 иргэнийг дархлаажуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *