Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.
-“Ковид-19” халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өдөрт нэмэгдэх тоог бууруулах, халдварын тохиолдлыг тодорхой хэмжээнд хумихад ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?
-Халдварын тохиолдол харьцангуй тогтвортой буурах хандлагатай байна. Өнгөрсөн зургадугаар сард бид хоёр дахь том давлагаанд өртсөн, одоо энэ давлагаа буурч байна. Гэхдээ бид тайвшрах болоогүй.Наадмаас хойших өдрүүдэд хөдөө орон нутгийн тохиолдол нэмэгдэж, Улаанбаатар хотын тохиолдын тоо тогтвортой буурах хандлагатай байна. Иймд орон нутагт тохиолдлын тоог хязгаарлах тал дээр Эрүүл мэндийн яам аймаг орон нутгийн эмнэлгүүдийг оношлуур, шаардлагатай эм тариагаар хангах, эмнэл зүйн баг ажиллуулах, шаардлагатай орон нутгуудад тандалтын баг илгээх зэрэг мэргэжил арга зүйгээр хангах тодорхой ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байна.
Түүнчлэн аймаг орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагатай хамтран олон хүн цугларсан үйл явдлыг хориглох, аль болох гэр бүлийн хүрээнд байлгах талын арга хэмжээг орон нутагт авч хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яамны зүгээс ямар нэг төрлийн наадам тэмдэглэхгүй байх саналыг Монгол Улсын Засгийн газар, УОК-т удаа дараалан оруулсан. Энэ байр сууриа одоо ч хадгалж байгаа. Орон нутагт овооны наадам, ургийн баяр гэх мэт наадам болох эрсдэлтэй байна. Үүнийг хийлгэхгүй байх дээр сум орон нутгийн удирдлагатай хамтран ажиллаж байна. Хоёрдугаарт, дельта вирусийн тархалт нэмэгдчих вий гэж түгшээж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээллийг түгээх, хил дээрх хяналтыг сайжруулж хил дээр ирж буй бүх иргэдээс шинжилгээ авч байна. Гадаадаас ирж буй хоёр тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдийг гэрт нь тусгаарлаж байгаа. Уг тусгаарлалтын хугацаанд хяналтын ПГУ (PCR) шинжилгээг авч хянах, тусгаарлалтын хяналтыг сайжруулах чиглэлд холбогдох байгууллагуудын анхаарлыг хандуулах тал дээр зохих шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Ер нь Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн яам зэрэг төрийн байгууллагуудын зүгээс бүх боломжтой шийдвэрээ гаргаад, шаардлагатай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлээд явж байна. Гэвч үүн дээр иргэдийн маань дэмжлэг, хамтын ажиллагаагүйгээр бид энэ цар тахлыг давж гарахгүй. Иргэд маань цар тахлыг хязгаарлахад гол хөшүүрэг болох вакциндаа хамрагдах, маск зүүх, хүн хоорондын хоёр метрийн зай барих, гараа халдваргүйжүүлэх, олон хүн цугларсан газар очихгүй байх нь чухал байна даа.
-Коронавирусийн бусад хувилбараар өвчлөөд эдгэсэн хүн дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байгаа гэж байсан. Манай улсад одоогийн байдлаар дельта хувилбарын хэдэн тохиолдол батлагдаад байна вэ?
-“КОВИД-19” халдвар нь шинэ төрлийн вирус учир дэлхий нийтэд судлагдаад явж буй. Гэхдээ зарим улс оронд өвдсөн хүн дахин дельта вирусээр өвдөх тохиолдол гарч байна. Судалгаа нотолгоо эхнээсээ гарч эхэлсэн байна.Иймээс би өвдчихсөн юм чинь гээд айдсаа хойш тавих нь эргээд эрсдэлд оруулна. Таны асуултад товчоор хариулбал, дельта вирусээр өвдөх эрсдэл бүх хүнд байгаа. Иргэдэд өвдөхгүй байх боломж бий. Энэ нь дээр хэлсэнчлэн вакциндаа хамрагдах, маск зүүх, хүн хоорондын зай барих, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй битүү орчинд халдвар хамгааллаа сахих нь туйлын чухал юм.
Долдугаар сард явуулсан сорьцын 93.3 хувь нь альфа, 5.6 хувь нь дельта хувилбарууд эзэлж байна.
-Манайд амьсгалын аппарат хангалттай бий юү?
-Монгол Улсын хэмжээнд төр, хувийн хэвшил, сувилал, эмнэлэг гээд бүх байгууллагын орыг нийлүүлээд 27 мянган ор байдаг. Үүнийхээ 14.500 орыг сая “Ковид-19” өвчний оргил үед дэлгэн өвчтөн хүлээн авлаа. Улсын хэмжээнд 227 эрчимт эмчилгээний ортой. Зургадугаар сарын “Ковид-19” өвчний давлагааны оргил үед энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэн ажиллалаа. Амьсгалын аппарат өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 1100 орчим байна. Энэ нь тухайн эмнэлгүүдэд хангалттай хэмжээнд хангагдсан гэсэн үг. Нөөцөнд 100 гаруй амьсгалын аппарат байна. Ер нь амьсгалын аппарат гэдгийг иргэд буруу ойлгоод байх шиг байна. Энд гурван өөр төрлийн аппаратны тухай яригдаад байгаа юм. Нэгдүгээрт, экмо буюу уушги орлуулагч аппарат. Монголд гурван ширхэг байгаа. Энэ аппарат нь нэг өвчтөнд хэрэглэх зардал маш өндөр буюу 40-50 сая төгрөг. Өвчтөнг уг аппаратанд оруулах заалт нь хязгаарлагдмал буюу бүх хүндэрсэн өвчтөнг оруулах шаардлагагүй. Хоёрдугаарт, амьсгалын аппарат. Дээр би хэлсэн. Манай нөөцөнд хангалттай бий.
Нөгөө талдаа аппаратыг ажиллуулах хүний нөөц хязгаарлагдмал. Гуравдугаарт, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат. Энэ аппарат харин нөөц багатай байсан үе бий. Дэлхийд өөрөө энэ аппаратын хэрэгцээ нэмэгдсэний улмаас ховордсон. Одоо манай улсын хувьд хангалт харьцангуй жигдэрч байна. Амьсгалын аппарат дутагдсанаас болоод хүн нас барсан тохиолдол байхгүй. Харин өөр хүчин зүйлийн улмаас “Ковид-19” өвчний нас баралт бүртгэгдэж буй. Нөгөө талдаа бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Вакцины нөлөөгөөр сүүлийн үед хүндрэл харьцангуй буурч байгаа талаар эмчлэгч эмч нар ярьж байна. Вакцин нь хүндрэл, нас баралтаас 92-94 хувь хамгаалж байгааг Монголын эрдэмтэд судалж тогтоогоод байна. Харамсалтай нь нийт нас баралтын 80 орчим хувь нь архаг суурь өвчтэй, 86.5 хувь нь вакцинд хамрагдаагүй, эсвэл нэг тун вакцинд хамрагдсан хүмүүс байна. Энэ нь ч дэлхийд нийт тохиолдолд нас баралт хоёр хувийг эзэлж байгаа бол Монгол Улсад нас баралт 0.5 хувь байгаагаар батлагдаж байгаа.
-Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөсөн гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Дээр хэлсэнчлэн вакцины үр дүн өндөр байгаа гэдгийг дахин тодотгоё. Монгол Улсад хийж буй дөрвөн төрлийн вакцин нь “Ковид-19” өвчнөөс 75-95 хувийн хамгаалах чадвартай. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 66.4 хувь нь нэгдүгээр тун, 60.4 хувь нь хоёрдугаар тун вакцинд хамрагдаад байна. Нэг тоо тайлбарлахыг оролдъё. Вакцины үр нөлөөг 75 хувь гэж тооцвол ойролцоогоор хоёр сая иргэнээс 500 мянган хүн вакцинд хамрагдсан ч өвдөх эрсдэлтэй гэсэн үг. Гэхдээ хөнгөн өвдөнө. Маш бага. Бүр дахин тодотгон хэлье. Маш бага хувь нь хүндэрч болно. Монголын эрдэмтэн судлаачдын зүгээс бүүстер тунгийн талаарх судалгаа, шинжилгээний ажлаа эхлүүлээд явж байна.
Олон улсад ч судалгааны ажлууд хийгдэж, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрайн, Турк зэрэг улсуудад гуравдугаар тунг хийж эхлээд байна. Хэрэв бидний судалгаагаар шаардлагатай гэж үзвэл нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа албан хаагчиддаа болон 60-аас дээш насны зорилтот бүлэгт бүүстер тунг сайн дурын үндсэн дээр хийгдэж болзошгүй. Судалгаанд үндэслэж шийдвэр гарах учраас эхлээд эрдэмтэн судлаачдынхаа үгийг сайн сонсох болно. Тэд ямар зөвлөгөө зөвлөмжийг гаргана, тэр дагуу шийдвэрээ гаргана.
-Ковидын нөхцөл байдлаас харахад ирэх есдүгээр сарын 1 гэхэд хичээл сургууль танхимаар хичээллэх боломжтой байна уу. Та хэрхэн харж байна?
-БШУЯ-наас хуулийн дагуу есүгээр сарын 1-ний өдрөөс хичээлээ эхлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа гэдгээ бидэнд илэрхийлсэн. Эрүүл мэндийн яамны зүгээс ч дэмжиж байгаа. Гэвч халдварын нөхцөл байдал, тэр дундаа мутацилагдсан вирусийн тархалтын байдлаас хамаарч эцсийн саналаа хүргүүлнэ. Аль ч тохиолдолд бэлэн байдлаа хангаж, хүүхдүүдийн сурах орчныг аюулгүй, эрүүл байлгахын төлөө шаардлагатай журам, зөвлөмжийг боловсруулан ажиллаж байна. Шаардлагатай сургалтуудыг ч боловсролын байгууллагын ажилтнуудад хийхээр бэлтгэл хангаж байна. Түүнээс гадна 12-17 насны хүүхдүүдийг “Ковид-19” өвчний эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр насны 198,150 хүүхэд нэгдүгээр тундаа хамрагдсан бол 123,033 нь бүрэн тундаа хамрагджээ. Наймдугаар сарын 4-ний өдрөөс өмнө үлдсэн хүүхдүүдийг вакциндаа хамрагдаарай гэж хүсэх байна. Энэ нөхцөлд есдүгээр сарын 1-нээс өмнө амжиж дархлаа үүсч, хичээл сургууль хугацаандаа эхлэхэд томоохон дэмжлэг болно гэж харж байна.