Өнөөдөр Гавьяат тамирчин М.Уранцэцэг олимпоос хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдоч, олимп, ДАШТ-ий таван медалийн эзэн боллоо.
Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч, ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн анхны монгол жүдоч тэрбээр “Олимпийн медальтан болсондоо маш их баяртай байна. Намайг медаль авахад баг хамт олон маань маш их тусласан. Би олимпод гурав дахь удаагаа оролцоод анхны медалиа авлаа.
Аав, ээждээ, хамаатан садан, найз нөхөд, “Хүч” спорт хороо, туслаж дэмждэг бүх хүнд баярлалаа. Энэ медалийг авахын төлөө 16 жил хөдөлмөрлөлөө. Авсандаа маш их баяртай байна. Баярлалаа” гэсэн юм. М.Уранцэцэг Токиогийн олимпын хүрэл медалиа зүүлээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын медальтнуудын шагналыг гардуулсан эрхмүүдийн дунд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од байлаа.