Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Гантулга: Арматурын үнийн өсөлт өнөөдрийн орон сууцны үнэд нөлөөлөх ёсгүй

Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Дэлхийн зах зээл дээр арматурын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор барилгын бараа материалын үнэ нэлээд өсч байна. Арматурын үнийг гаалийн татвараас чөлөөлөх байдлаар үнийг барих, буулгах санал гаргасан ч Сангийн яамнаас энэ боломжгүйг мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор БХБЯ-наас ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Барилгын материалын үнийн өсөлт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар энэ оны хоёрдугаар сараас эхлэн тус яамнаас Засгийн газрын хуралдаанд удаа дараа асуудлуудаа танилцуулж, холбогдох саналуудаа хүргүүлж ажилласан. Нэг талаасаа ковидын дараах эдийн засгийн томоохон сорилт гэж харж байгаа. Цаашид гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээ эх орны түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх, импортыг орлох дотоодын үйлдвэрүүдийг дэмжин ажиллах, ханган нийлүүлэлтэд анхаарч ажиллаж байна. Мөн мэдээлэл солилцооны тогтолцоог цахимжуулж, тээвэр ложистикийг сайжруулах зайлшгүй хэрэгтэй байна. Тиймээс барилгын гол нэр төрлийн материалын үнийн мэдээллийг цахимжуулж, ил тод нээлттэй болгох чиглэлд анхаарч ажиллаж байна. Мөн манай яамнаас барилгын материалын үнийн өсөлтийн талаарх дэлгэрэнгүй судалгааг гаргаж холбогдох яаманд хүргүүлсэн. Цаашлаад үнийн өсөлтийн асуудал нь ганц манай яамны асуудал биш Засгийн газрын түвшинд шийдвэрлэх хэд хэдэн асуудлууд байгаа юм. Энд зөвхөн үнийн хөөрөгдлийг анхаараад чанарын асуудлыг орхиж болохгүй. Энэ талаар барилгын материалын үйлдвэрлэгч, импортооор оруулж ирж байгаа аж ахуй нэгж, барилгын материалын гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, чанарын талаарх мэдээллийг цахимжуулж иргэд, олон нийтэд ил тод болгох, хилийн боомт дээр түргэвчилсэн шинжилгээний лаборатори бий болгох талаар ажиллаж байна.

-Засгийн газрын шийдвэрээр гаргасан ажлын хэсгийн гол анхаарч байгаа асуудлууд юу вэ?

-Манай яамнаас Засгийн газрын хуралд барилгын материалын болон арматурын асуудлаар танилцуулга хийсэн. Энэ дагуу Ерөнхий сайдын өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдрийн 105 дугаар захирамжаар Барилгын гол нэр төрлийн материалын үнийн өсөлтийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсгийн хүрээнд барилгын материалын өсөлт нь барилгын төсөвт өртөгт хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааг манай яамнаас гаргаж танилцуулсан. Мөн тус ажлын хэсгийн гол асуудал бол арматурын үнийн өсөлтийг бууруулах, хомсдолоос сэргийлэх чиглэлүүдийг баримтлан ажиллахаар байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаас зургаадугаар сарын 17-нд мэдээлэл өгсөн байгаа. Мэдээлэлд уян хатан зах зээлийн горимоор явуулах нь зүйтэй гэж үзсэн. Харин зах зээлийн бус монопол тогтоох эсвэл богино хугацаанд их ашиг олохоор хэсэг бүлэг хүн яваад байгаа эсэх тал дээр судлахаар холбогдох газруудаас ажиллахаар болсон байгаа.

-Орон сууцны үнийн хөөрөгдлийг хянаж шалгах боломжтой юу?

-Барилга байгууламжийг бий болгох барьж байгуулах ажил нь хоёроос дээш жилийн үйл явц, олон оролцогч талуудын хамтын ажиллагаа, олон төрлийн хүчин зүйлсээс хамаарч байдаг. Барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн материал болох арматур, эрдэс хөвөн, хөөсөн шахмал хавтан, модон материал, металл хийц эдлэлүүд, хуванцар цонх хаалга, бусад туслах материалуудын үнэ дэлхийн зах зээл дээр болон дотоодод худалдан борлуулах үнэ огцом өссөн, зарим бүтээгдэхүүний хомсдол бий болсон, татан авалт, тээврийн үнэ өссөн зэрэг олон шалтгаануудаас үүдэлтэй байна.Дээр дурьдсан үнийн өсөлтүүдийг 2022, 2023 онуудад илүү мэдрэгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар арматурын үнийн өсөлтөөс хамаарч үнэ өсөх нь үндэслэлгүй юм. Харин бусад материалын үнийн өсөлт, төгрөгийн ханшнаас хамаарсан өссөн үзүүлэлт бага хэмээгээр нөлөөлөхөөр байгаа.

-Гэхдээ ирэх жил биш өнөөдрийн байдлаар бүхий л орон сууц барилгын материалын үнэ өссөн нэрээр үнээ огцом нэмчихээд байгаа шүү дээ?

-Гэвч зарим аж ахуй нэгж байгуулагууд борлуулалтын үнээ үндэслэлгүйгээр хэт хөөрөгдсөн зүйлүүд байна. Аливаа бараа материал, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл дээр хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Тус байгууллага нь үнийн өсөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран хяналт, шалгалтуудаа тогтмол зохион байгуулах ёстой.

-Төмөр хийцлэлийн үнэ өссөнөөр төсвийн хөрөнгөөр баригдаж буй бүтээн байгуулалтын ажлууд хүнд байдалд ороод байгаа. Энэ тал дээр ямар зохицуулалт хийгдэж байгаа вэ?

-Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй барилга байгууламжийн төсөвт өртгийн үнийн өсөлтийн асуудлаар манай яаманд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Барилгын материалын үнэ болон ханшны өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран барилга байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд санхүү, эдийн засгийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу холбогдох арга хэмжээ авах хуулийн зохицуулалт тусгагдсан байдаг. Манай яамны зүгээс жил бүр хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд ашиглагддаг барилга байгууламжийн үнийн индексийг тооцон гаргадаг. 2020 оны үнийн ерөнхий индекс 1.08 гарсан. Харин 2021 оны үнийн индексийг яаралтай байдлаар урьдчилан тооцсон ба 1.35 пунктын өсөлттэй гарсан. Энэ асуудлаар Сангийн яамтай зөвшилцөх, цаашид энэ хүндрэлтэй байдлаас хэрхэн даван туулах, шаардлагагүй хөрөнгө оруулалтыг зогсоох, нэн тэргүүн ээлжийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, үндсэн шийдлийг хувилбартай байдлаар гарах талаар ажиллаж байна.

-Манайх өөрсдөө арматураа үйлдвэрлэнэ гэж яриад нэлээд удлаа.Төмөр хийцлэлээ дотооддоо үйлдвэрлэх асуудал нь ямар шатандаа явж байгаа вэ?

-Монгол Улс 2019 онд 244.5 мянган тонн арматурыг БНХАУ болон ОХУ-аас импортоор оруулж 55.7 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн, 2020 онд 240.1 мянган тонныг импортоор оруулж 12.3 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн, өнгөрсөн тавдугаар сарын 25-ны байдлаар 73.6 мянган тонныг импортоор оруулж зургаан мян.тонныг дотооддоо үйлдвэрлээд байна. Дотоодын 15 үйлдвэр өнөөдрийн хүчин чадлаараа, төмрийн хаягдлын олдоц, нөөцөөр ажиллалаа гэж үзэхэд дотоодын хэрэгцээний 25 орчим хувийг л үйлдвэрлэх л боломжтой байна. Цаашид дотоодын хэрэглээг бүрэн хангах асуудлын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” , “Бэрэн групп”-ын гангийн үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлтийг хийх, төмрийн хүдрээс ган туйван үйлдвэрлэх чиглэлд анхааран холбогдох яамдтай хамтран ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *