Categories
мэдээ нийгэм

Сайн сортын үр нь ургацыг 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ

Жил бүр хаврын тариалалт эхлэх үед таримал ургамлын үр үйлдвэрлэл тогтвортой бус, нөөц хангалтгүйн улмаас үрийн чанар, хүрэлцээ, хангамж, үйлдвэрлэл тойрсон хүндрэл үүсдэг. Дотоодынхоо хэрэгцээт хүнсийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд үр үйлдвэрлэл, үрийн аж ахуйг дэмжих чиглэлд ХХААХҮЯ түлхүү ажиллаж байна.

Энэ чиглэлийн бодлого, эрх зүйн орчныг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан сайжруулж, хэрэгжүүлэхээр Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэгвэл өнөөдөр тус хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд Сайд З.Мэндсайхан танилцуулан хэлэлцүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Хуулийг шинэчлэх үндэслэлээс дурдвал

  1. Эх газрын эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд таримал ургамлын хугацаа богино, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, хэт халалт, эрт цочир хүйтрэлт зэргийн давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаагаас тариаланг үр ашигтай, байгаль орчинд ээлтэй эрхлэхэд хүндрэл учирч байна.
  2. Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, үр тариа, төмс, хүнсний ногооны арвин ургац хураахад хамгийн чухал нь тухайн бүс нутагт тохирсон, нутагшсан сайн сортын үрээр тариалалт хийх явдал юм. Нутагшсан сайн сортын үрээр тариалалт хийснээр ургацыг 25-50 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтойг судалгаагаар тогтоожээ.
  3. БНХАУ, ОХУ, БНСУ болон бусад улсаас Монгол оронд соригдоогүй, бүрэн боловсрох эсэх нь тодорхойгүй, өвчин, хортонд тэсвэртэй эсэх нь нотлогдоогүй, сортын нэр нь мэдэгдэхгүй үрийг хяналтгүй оруулж ирэн тариалсанаас болж болц гүйцэхгүй байгаагаас гадна өвчин, хортонд өртөмтгий байдлаас шалтгаалан ургац алдан тариаланчид эдийн засгийн хувьд хохироод зогсохгүй хүн амын хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байна.
  4. Ургамлын шинэ сорт бүтээх ажил хамгийн багадаа 15 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог бөгөөд цаг хугацаа, хүн хүч, мэдлэг, хөрөнгө ихээр зарцуулдаг тул шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжих гол хэрэгсэл нь шинэ сортыг бүртгэж, түүнийг зөвшөөрөлгүйгээр ашиглахаас хамгаалах юм.

Шинээр боловсруулсан, 31 зүйлтэй тус хуулийн зорилго

  • Таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих,
  • Үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх,
  • Үрийн шударга худалдааг төлөвшүүлэх,
  • Таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих,
  • Таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Хуулийн төсөл батлагдсанаар гарах үр дүн

  • Таримал ургамлын шинэ сортыг бүртгэж, хамгаалах замаар шинэ сортыг бүтээх ажлыг дэмжих, түүнийг сорих, нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, баталгаажуулах үйл ажиллагааг цогцоор хэрэгжүүлэх боломж нээгдэнэ.
  • Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр таримал ургамлын өвчин, хортон, ган, хэт халалт, хэт хүйтрэлтэд тэсвэрт чанарыг сайжруулсан үр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үрийн сортын хэв шинжийг хадгалах, түүний чанар, аюулгүй байдлыг хянах, баталгаажуулах тогтолцоо бүрдэх бөгөөд улмаар га-аас авах ургацын хэмжээ, тариаланчдын орлого нэмэгдэнэ.
  • Таримал ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хангамж, эрүүл, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулна.
  • Эдийн засгийн үр ашигтай, хөрсний үржил шимд ээлтэй таримал, сортыг нутагшуулан бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон баталгаажсан сортын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн үрээр хангах боломж бүрдэнэ.
  • Гадаад улстай мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх, чадавхиа бэхжүүлэх чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажиллах, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *