Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Алтанбулаг боомтын зорчигч тээврийн урсгалыг долдугаар сарын 7-31-нийг хүртэл зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Энэ тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Дэлхий дахинд цар тахлын вирусийн мутацилагдсан хувилбар хурдтай тархаж байгаатай холбоотойгоор тус боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 7-31-ний хооронд түр зогсоохоор болсон.
Ачаа тээврийн урсгал хэвийн үргэлжлэх юм” хэмээн хэллээ.
Мөн УОК-ын өчигдрийн шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Коронавирусийн дельта хувилбар нь дэлхийн 92 улсад тархаад байна. Ялангуяа ОХУ-д 90 хувь нь дельта хувилбар тодорхойлогдож байна. Тиймээс манай улс энэ тал дээр арга хэмжээ авч, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг ярьсан” хэмээн хэлж байсан юм.