Зургадугаар сарын 23-нд Москва хотын агаарын температур Цельсийн 34.3 хэм хүрч халж, 73 жилийн өмнөх халууны дээд амжилтыг эвджээ.
ОХУ-ын Ус цаг уурын эрдэм шинжилгээний төвийн захирал Роман Вилфандын мэдээлснээр, өчигдөр Москвагийн агаарын температур 14 цагт 34.3 хэм хүрсэн байна. Өмнө нь 1948 оны зургадугаар сарын 23-нд Москвад 33.6 хэм хүрч халж байжээ.
Оросын ихэнх нутгаар аагим халуун өдрүүд энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурчид сэрэмжлүүлсэн байна. Пүрэв, баасан гарагт өдөртөө 34-36 хэм, бямба гарагт 33-35 хэм хүрэх төлөвтэй байна гэж тус улсын Ус цаг уурын эрдэм шинжилгээний төв мэдээлжээ. Москва хотод пүрэв гарагт 33.5 хэм, баасан гарагт 33.1, бямба гарагт 33.6 хэм халуун байх аж.