Categories
мэдээ нийгэм

Караоке болон дэн буудлууд ажилласан зөрчил илэрчээ

Үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан байтал Баянгол дүүргийн “Өлзий” дэн буудал, Баянзүрх дүүргийн “Молор”, Чингэлтэй дүүргийн “Харцага”, Хан-Уул дүүргийн “Парадайс” караокенууд ажиллаж байсныг илрүүлжээ.

Өчигдөр буюу энэ сарын 16-нд нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 1971 байгууллагад хяналт, шалгалт хийсэн бөгөөд 245 зөрчил илрүүлжээ. Шалгалтаар үйлчлүүлэгчийн дархлаажуулалтын хоёр тунд хамрагдсан гэрчилгээг шалгахгүй, халуун хэмжихгүй оруулах, ажилчдын дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг хэвлэж тавиагүй, ширээ хоорондын зайг баримтлаагүй, нэг ширээнд олноор нь суулгах, механик агааржуулалтыг хэвийн ажиллуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн юм.

Нийслэлд коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна. Тодруулбал, Засгийн газрын “Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам” болоод УОК-ын даргын “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг мөрдүүлэхээр өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 30-ны хооронд шалгалт үргэлжилнэ.

Тус хяналт, шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хийж буй. Улаанбаатар хотын есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний газрууд болон бүх төрлийн баар, тоглоомын газар, алжаал тайлах төв, шашны байгууллага, дэн буудал, спорт заалыг шалгалтад хамруулж байгаа юм.

Мөн оройн цагаар, олон хүн бөөгнөрсөн газар иргэд амны хаалтаа зүүхгүй үйлчлүүлэх тохиолдол олон гарлаа. Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгах, шаардлага тавьж, зөвлөн туслах арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд авч ажиллав.

Иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хариуцлагатай, ухамсартай байж, олон хүн бөөгнөрсөн газраар үйлчлүүлэхгүй, хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай байгааг албаныхан сануулж байна. Түүнчлэн халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байгааг онцолж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *