Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, цахим хэлбэрээр хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэн.
Энэ талаар Хүний эрхийн үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос холбогдох хуульд заасны дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг. “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл” нь дөрвөн бүлгээс бүрдэж, 14 дэд бүлэг, 23 санал, зөвлөмжийг агуулсан. Уг илтгэлийн нэгдүгээр бүлэгт “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал”, хоёрдугаар бүлэгт “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт”, гурав дахь бүлэгт “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал”, дөрөв дэх бүлэгт “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” гэсэн мэдээллийг оруулсан. 19 дэх илтгэлийг ХЭҮК-оос хийсэн хяналт, шалгалт, судалгаа, тус комисст иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл болон Комиссын гишүүдийн шаардлага, зөвлөмж, Засгийн газар, холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага болон бусад судлаачдын хийсэн судалгаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар боловсруулсан гэж байлаа.
Малчин эмэгтэйчүүдийн хүний эрх, хүчирхийллээс ангид байх эрхийн хүрээнд гурван асуудлыг хөндөж тавьсан. Тухайлбал, малчин эмэгтэйчүүдэд хамаарах статистик мэдээлэл, амьжиргаа, аж байдал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал болон малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрхийн асуудал, тэдний бэлгийн болон нөхөн үржихүй, эрүүл мэнд, эрхийн асуудлыг хөндөж гаргасан. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу ХЭҮК нь хоёр жилд нэг удаа УИХ-д жендерийн эрх тэгш байдлын талаарх тайланг өргөн барьдаг. Энэ хүрээнд хуулийн хэрэгжилттэй холбоотой мэдээллийг оруулсан. Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй асуудлаар тодорхой саналуудыг гаргасан. Ялануяа химийн хорт болон аюултай бодисын бүртгэл, хадгалалт, устгалтай холбоотой асуудлыг хөндөж, тодорхой саналуудыг гаргасан байгаа. “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” асуудалд тодорхой саналуудыг тусгаж, энэ хүрээнд тус комиссоос үндэсний индексийг боловсруулах ажлыг эхлүүлсэн гэдгийг ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан танилцуулгадаа дурдсан.
“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-ийг 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан байна. Энэ удаагийн илтгэл нь дэлхий нийтэд нүүрлэсэн КОВИД-19 цар тахлын аюулын нөхцөл байдалд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хүний эрхийг хангах, хамгаалах, хүний эрхэд суурилж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх “КОВИД-19 цар тахал ба хүний эрх” гэсэн сэдвийн хүрээнд боловсруулснаараа онцлогтой. Нийтдээ 6 бүлэг, 29 дэд бүлгээс бүрдэж, үүн дээр үндэслэн 40 саналыг хүргүүлжээ.
Уг тайлангийн танилцуулгад, Нэгдүгээр бүлэгт, Хүний амь нас, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс Ковид-19 цар тахлын үед хүний эрх, эрх чөлөөнд хязгаарлалт тогтоож болно. Гэвч ийм хязгаарлалт нь зорилгоо биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай, хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага түвшинд хязгаарласан, хүнийг ялгаварлан гадуурхаж, гутаан доромжилсон шинжгүй байх ёстой. Энэ бүлэгт хөл хорио, тусгаарлалт, нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагааны үед хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх хэрэгжсэн эсэхэд дүн шинжилгээ хийв. Хоёрдугаар бүлэгт, Зорилтот бүлгийн эрх Ковид-19 цар тахлын нөхцөлд төрөөс ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, эрсдэлтэй бүлгийн иргэдэд нийгмийн халамж хүргэх, хоол хүнс, орон байр, цэвэр ус, түлш, ариун цэврийн хэрэгсэл зэрэг наад захын хэрэгцээт зүйлсээр хангах ёстой. Энэ бүлэгт эдгээр иргэдийн нийгмийн халамж, хамгаалал болон хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийг үнэлж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлов. Гуравдугаар бүлэгт, Иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө Монгол Улс энэ цаг үед хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан бодлого, хууль батлан гаргаж, Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгуулийг товлосон хугацаанд нь зохион байгуулж, иргэний, улс төрийн эрхийг хангах талаар амжилт гаргасан. Гэвч иргэнийхээ эх орондоо эргэж ирэх, хувийн нууцаа хамгаалуулах, мэдээлэл авах эрхийг зөрчиж, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх, шударга шүүхээр шүүлгэх, төрийн үйл хэрэгт оролцох эрхийн талаар авсан зарим арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хуульд заасан шаардлагад нийцээгүй талаар тусгав. Дөрөвдүгээр бүлэгт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрх Ковид-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх, сурч боловсрох зэрэг эрхэд үзүүлж буй нөлөөлөл, төрөөс авч буй хариу арга хэмжээ, үр дагаврыг тодорхойлж, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах чиглэлээр санал дэвшүүлэв. Тавдугаар бүлэгт, Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед тусгай үүрэг гүйцэтгэсэн эмч, эрүүл мэндийн ажилтан, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, халдвар хамгааллын хувцас, хэрэгслийн хангалт, эрүүл мэнд болон нийгмийн баталгаа зэрэг хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд судалгаа, дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулав. Зургаадугаар бүлэгт, Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт Комисс “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” судалгааг 6 аймгийн 18 сумын малчид, орон нутгийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл нийт 1244 хүнийг хамруулан зохион байгуулж, судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулав гэж дурдсан байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, С.Бямбацогт нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-ийн хүрээнд Ковид-19 цар тахлын үеэр хүний эрх зөрчигдсөн асуудалд хэрхэн ажилласан талаар илүүтэй лавлаж байлаа. Мөн Хүний Эрхийн Үндэсний Комиссын өргөн мэдүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлүүдэд Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газраас хийсэн үнэлгээний талаар тодруулав.
Хуралдаанд Хүний эрхийн үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан, тус Комиссын гишүүн Х.Мөнхзул, Б.Энхболд, Г.Нарантуяа, Д.Сүнжид болон Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг нар оролцсон.
ХЭҮК-ийн шинээр томилогдсон гишүүд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 18-наас ажлаа хүлээн авч, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаад ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоох, хөдөлгөөн хязгаарлах, алба хаагчдын аюулгүй байдлын хүрээнд 10, 30 хувиар ажилласан. Түүнчлэн 1-6 дугаар сар хүртэл санхүүжилт хангалттай шийдэгдээгүйгээс хяналт шалгалт хийх, томилолтоор ажиллахад хүндрэлтэй байдал гарсан гэдгийг Хүний эрхийн үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан хариултдаа онцлоод өнгөрсөн хугацаанд гишүүд 40 обьектод хяналт, шалгалт, ажиглалт, мониторинг хийж, орон нутагт ажилласан гэв. Дараа нь Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлд хийсэн үнэлгээний тайлангийн талаар товч танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Хүний эрхийн комисс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд энэ хуульд заасан арга хэмжээнд хяналт тавина.” гэж заасан. Энэ хүрээнд үнэлгээний ажлыг гүйцэтгэхдээ уг илтгэлд дурдсан тохиолдолд, асуудлууд нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх явцад хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийхдээ тус хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмуудыг баримтлан ажилласан эсэх, энэ чиглэлээр ХЭҮК-оос ямар арга хэмжээг авсан талаар болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай холбоотой хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдлууд нь ямар шалтгаан нөхцөлийн улмаас бий болсныг тогтоох хүрээнд ажилласныг тодотголоо.
Түүнчлэн уг илтгэлд дурдсан Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар өгч буй санал нь тухайн илтгэлд тусгасан асуудлыг бүрэн хамарсан эсэхэд дүн шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх, бодит мэдээллээр хангах, цаашид анхаарах асуудлын талаар санал зөвлөмжийг гаргасан. 20 дахь илтгэл нь дэвшүүлсэн зорилго, зорилтоо оновчтой томьёолж, түүнийхээ дагуу бичигдсэн, судалгааны арга зүй нь зорилго, хамрах хүрээтэй уялдсан, шаардлагатай статистик, тоон үзүүлэлтүүдийг ашигласан гэж дүгнэсэн. Гэвч 20 дахь илтгэлийг боловсруулахдаа хүний эрхийн хяналт шинжилгээний үе шатуудыг дамжсан эсэх, хүний эрхийг зөрчсөн хэрэг явдлуудын талаарх асуудлуудыг эрэмбэлж, суурь түвшнийг тогтоосон эсэх, гарсан бүх хэрэг явдлуудыг багтаасан, баримт нотолгоог хангалттай цуглуулсан эсэх нь тодорхойгүй байна. Мөн илтгэлд дурдсан хүний эрхийн зөрчлүүдийг арилгах талаарх санал зөвлөмжийг зөв зүйтэй өгсөн, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санал болгосон эсэх болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар тодорхой бус байна. Хүний эрхийн комиссын гишүүн нь гомдол, мэдээлэл шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд хүний эрх, эрх чөлөөний зөрчлийн талаарх зөвлөмж, санал, шаардлагыг холбогдох байгууллагуудад тухай бүр хүргүүлэн ажиллаж байгаа хэдий ч тухайн зөвлөмж, санал, шаардлагын үр дүн, хэрэгжилтийн талаар илтгэлд тусгаагүй, илтгэлд зайлшгүй орох тухайн жилд өрнөсөн хүний эрх, эрх чөлөөний зөрчилтэй холбоотой бүх тохиолдлыг хамруулсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд тохиолдлын түүвэрлэлтийг хэрхэн сонгосон талаар тусгагдаагүй байна гэдгийг онцлов.
Улсын Их Хурлын Тамгын газраас анх удаа хүний эрхийн илтгэлд дүн шинжилгээ, үнэлгээ хийснийг Тэргүүн дэд дарга мэдээлэлдээ дурдаад, тайландаа цаашид авч хэрэгжүүлэх дөрвөн санал, зөвлөмж тусгасныг тодотгов.
Уг зөвлөмжид, илтгэлд 2020 онд ХЭҮК-т хүний эрхийн зөрчлийн талаар хичнээн гомдол, мэдээлэл ирсэн, үүнээс цар тахалтай холбогдуулан хичнээн хяналт шалгалтын ажлыг хийж, ямар санал, зөвлөмж, шаардлага хүргүүлсэн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн зэргийн талаар нэгдсэн танилцуулгад тодорхой мэдээлэл дурдагдаагүй байна. Цаашид тухайн жилийн илтгэлийн сэдвийн хүрээнд ХЭҮК-оос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар дурдаж байх нь зүйтэй. Засгийн газар болон холбогдох төрийн байгууллагаас баталсан тушаал, шийдвэр зэрэгт хүний эрхийг хамгаалах талаар хэрхэн туссан болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг хэрхэн баримтлан ажиллаж буйд хяналт тавих, гарсан зөрчлийг арилгуулах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж, илтгэлдээ тусгахыг зөвлөсөн байв. Мөн иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэхийн зэрэгцээ нутаг дэвсгэрийнхээ гадна байгаа Монгол Улсын иргэдийн ашиг сонирхлыг сахин хамгаалах, хүний эрхийг эдлүүлэхэд анхаарч ажиллах, Төрийн байгууллагын уялдаа холбоо, ажлын зохион байгуулалтаас шалтгаалж цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахад тавигдах шаардлагыг хангахгүй байх, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн талаарх гомдлын дагуу хяналт шалгалт хийж, тухай бүр зөрчлийг таслан зогсооход чиг үүргийн хүрээнд хамаарах асуудлаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг зөвлөсөн байлаа.
Ингээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга сонсож,
Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжив
Үргэлжлүүлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хийв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэлдээ, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулж, ахлагчаар нь миний бие, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр, нарийн бичгийн даргаар Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат нар ажиллаж байгааг дурдаад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын талаар олон нийтэд мэдээлэх, шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хэвлэлийн хурлыг Ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсныг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов.
Мөн Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 09 дүгээр тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүнийг оролцогчоор бүртгэн, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу илтгэгч гишүүнийг томилон ажиллуулж байсан хэдий ч Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээр сонгон шалгаруулалттай холбоотой бүх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл ажлын хэсгийн үйл ажиллагаа түдгэлзээд байгааг дурдав.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 41 дүгээр тогтоолыг баталсан бөгөөд Улсын Их Хурлын тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлээд байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонгоос 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2/231 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр холбогдох бэлтгэлийг хангаж байгаа талаар Хууль зүйн байнгын хороонд мэдэгдсэн гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн танилцуулгадаа онцолсон.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүний сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэлдээ Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэгт заасны дагуу Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулж, Ажлын хэсгийн анхны хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, ахлагчаар нь Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяаг сонгосон. Нийт шүүгчийн чуулганы талаарх мэдээллийг шүүгчдэд хүргэх, холбогдох дүрэм, журмын төслийг танилцуулж санал авах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигчдийн материалтай танилцах боломжийг бүрдүүлэх үүднээс чуулганы цахим хуудас www.judges.shuukh.mn-ийг хөгжүүлсэн бөгөөд нийт 466 шүүгч өөрийн нэвтрэх эрхийг идэвхжүүлэн ашиглаж байна. Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлыг хуульд заасан хугацаа, төлөвлөгөө, шаардагдах зардлын тооцоог гаргах, Ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулах, шүүгчдийн вакцинжуулалтын судалгаа авах, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах хувилбар, тооцоо гаргах зэрэг ажлыг тухай бүр хэрэгжүүлээд байна. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авах тухай зарыг байршуулах, хүсэлт хүлээн авах, хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг хуульд заасны дагуу олон нийтэд танилцуулах, сонирхогч этгээдээс санал, асуулт хүлээн авч, Ажлын хэсэгт зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байгааг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.
Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс дараах саналыг боловсруулсан байна.
1.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Нийт шүүгчийн чуулганыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 120 хоногийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно гэж заасан бөгөөд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан Нийт шүүгчийн чуулганыг 120 хоногийн хугацаанд зохион байгуулах боломжгүй болсон тул Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах.
2.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурал Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломжгүй болсонтой холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах.
3.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулахад тодорхой хэмжээний төсөв, хөрөнгийн асуудал шаардлагтай болсон бөгөөд тус хуулийг батлах үед 2021 оны төсөв батлагдсан байсан тул үүнийг зайлшгүй шийдвэрлэх шаардлага гарсан тул дээр дурдсан нөхцөл байдал арилан Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах үед шаардагдах төсөв, санхүүгийн асуудлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг судлан шийдвэрлэх.
4.Шүүн таслах ажиллагааг бие даан хараат бусаар явуулах, иргэдэд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, аюулгүй хүргэх нөхцөлийг хангах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор зориулалтын шаардлага хангасан барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэх, төрийн өмчийн зарим барилгыг шүүн таслах үйл ажиллагаа явуулах зорилгоор шүүхийн байгууллагад шилжүүлэх асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгах нөхцөл үүссэнийг саналд дурдаад үүнтэй холбогдуулан Ажлын хэсгээс Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулсан байна.
Ажлын хэсгийн танилцуулга болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувь нь дэмжсэнээр хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.