Categories
мэдээ эдийн-засаг

“Ажлыг байрыг дэмжих зээлийг 1 их наядаар нэмэгдүүлж 3 их наядад хүргэх боломжтой” гэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов.

Ажлыг байрыг дэмжих, эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлыг танилцуулсныг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 3 хувийн хүүтэй зээлийг 16193 зээлдэгч аваад байна. Ингэснээр 60 гаруй мянган ажлын байр хадгалж үлджээ.

Цаашид зээлийн эх үүсвэрийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3 хувийн зээлийг 3 их наяд төгрөгт багтаан олгох боломжтойг Ерөнхий сайд онцлов.

Мөн Засгийн газраас иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулдаг хөтөлбөртэй болох Үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэл өгчээ. Эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийг цахим хэлбэрт оруулж, иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн дата бааз суурь үүсгэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна. Ийм шийдвэр гаргаж байгаагийн учир нь иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судас, хавдар, гэмтэл, хордлого болон гадны нөлөөтэй нас барах шалтгаан байдаг аж. 2010 оны байдлаар 4466 хавдарын тохиолдол бүртгэгдэж байсан бол 2020 онд 6702 тохиолдол болж өсчээ. Хавдартай иргэдийн 73 хувь нь 2,3 дугаар шатанд орсон хойноо эмнэлэгт ханддаг байна.

Засгийн газраас мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих үүднээс цогц бодлого боловсруулах чиглэл өглөө. Нэг албан байгууллагад нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах гэх мэт бодлогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэл барих аж. Энэ хүрээнд Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв ажиллуулдаг Ч.Ундрахбаярыг томилсон байна. Тэрбээр Ерөнхий сайдын нийгмийн хөгжлийг эрхэлсэн зөвлөхөөр томилогджээ. Ч.Ундрахбаяр нь Түгээмэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, Бие даан амьдрах төвийн тэргүүнээр ажилладаг байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь шийдэх бодлого боловсруулах чиглэл өгөв. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн 6 дүүрэгт ажилласан ажлын тайланг сонссон байна. Нийслэлд автозамын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр зарим уулзварт нүхэн гарц хийх ажлын төсвийг 2022 оны улсын төсөвт суулгах чиглэл өгчээ. Мөн Бэлх, Сэлхийн далан байгуулах ажлыг 2022 улсын төсөвт суулгахаар болсон байна. Үүнээс гадна Баянгол дүүрэгт Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон тохижуулах талаар Засгийн газрын гишүүд санал нэгджээ.

20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *