Монгол Улсын орчин цагийн харилцаа холбооны салбарын 100 жилийн түүхэн ойн жилд СКАЙтел группийн Гүйцэтгэх захирал Д.Нарантуяа Монгол Улсын Гавьяат Холбоочин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Ажил хөдөлмөрийн гараагаа жирийн инженерээр эхэлж байсан тэрбээр Монголын Цахилгаан Холбоо ХК, Дэд бүтцийн яам, Мобиком корпораци, Скайтел групп гээд Мэдээлэл, Харилцаа холбооны салбартаа 34 жил тасралтгүй тууштай ажиллаж ирсэн туршлагатай нэгэн юм.
Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш нийгэм эдийн засгийн хямрал, өөрчлөлтөөс үл хамааран үйлчилгээний цар хүрээг тэлж, шинэ боломж, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж хэрэглээг либералчилсан анхны салбар бол мэдээлэл, харилцаа холбооны салбар билээ. Монгол Улсын хөгжлийн хурдасгуур дэд бүтэц болсон харилцаа холбооны салбарын хөгжил дэвшилд өөрийн мэдлэг оюун, сэтгэл зүтгэлээ шингээн, үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа СКАЙтел Группийн Гүйцэтгэх захирал Д.Нарантуяа танд цаашдын ажил, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Монголын төр Харилцаа холбооны салбарын шилдэг удирдагчдийн нэг Дашийн Нарантуяад ийнхүү Монгол Улсын Гавьяат холбоочин гэдэг эрхэм дээд шагнал хүртээсэн нь инженерийн мэргэжлийг сонгон ажиллаж байгаа, цаашид ч мэдлэг оюун, хүч эрчимээ сорих, дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхах олон мянган эмэгтэйчүүдэд энэхүү шагнал урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.