Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо болов.
Эмэгтэйчүүдийн -48 кг жинд зодоглосон МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Косовогийн бөх Красникиг торгуулиар ялснаар ДАШТ-ий дөрөв дэх медалиа хүртлээ.
- 2013 он Алт
- 2017 он Мөнгө
- 2019 он Хүрэл
- 2021 он Хүрэл
Тэрээр хэсгийн аваргын барилдаанд Японы Кога Ваканад ялагдаж, дагах барилдаанд Францын Ширинэ Буклиг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах болсон.
Мөн түүний жинд ОУХМ Г.Наранцэцэг өнөөдөр зодоглосон ч эхний барилдаандаа ялагдаж тэмцээнээ өндөрдүүлсэн. Харин эрэгтэйчүүдийн -60 кг жинд ОУХМ Л.Өнөболд өрсөлдөж дагах барилдаанд ялагдсанаар долоодугаар байраар тэмцээнээ өндөрлүүллээ.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд
1. Нацүми Цүнода /Япон/
2. Вакана Кога /Япон/
3. Жулиа Фигуэроа /Испани/
3. Мөнхбатын Уранцэцэг /Монгол /
Эмэгтэйчүүдийн -48кг жингийн шагнал гардуулах ёслолд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид Сайд, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч З.Батбаяр оролцлоо.