Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Таван Богд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан: Ерөнхийлөгч Х.Баттулга манай хамт олны хөдөлмөрийг үнэлж энэхүү шагналыг өгсөн гэж бодож байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Таван Богд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхантай ярилцлаа.

-Танд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэнд баяр хүргэе. Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Маш их баяртай байна. Надад итгэж, намайг өдий хүртэл дэмжиж, тусалсан бүх хүмүүст баярлалаа. Хайрт аав, ээж, хань, хамт олон болон нийт монголчууддаа талархаж буйгаа илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд баярлалаа. 1989 онд анх Япон улсын Токио хотноо би оюутан, та бөх байлаа. Хамгийн анх ингэж танилцаж байсан даа. Түүнээс хойш Монгол Улс зах зээлийн нийгэм рүү шилжсэн. Энэ олон жилийн хугацаанд тамирчнаас Монгол төрийн тэргүүн болтлоо амжилт гаргаж, бүх ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл болсонд баярлаж явдаг. Таны ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

-Төр, засаг таны хөдөлмөрийг ийнхүү өндрөөр үнэлэх болсон шалтгааныг юу гэж бодож байна вэ?

-Би “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирлаар сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Ноолуур бол монголчуудын хувьд маш чухал стратегийн бүтээгдэхүүн. Монгол Улс маань 3,3 сая хүн амтай. Түүний дотор 240-250 орчим мянган малчин өрх бий. Монгол ноолуураараа дэлхийн түүхий ноолуурын 50 орчим хувийг хангаж байна. Энэ бага мэт сонсогдож болох хэдий ч монголчууд бид нийт ноолуураасаа 1.5 их наяд төгрөгийн орлого олдог юм шүү дээ. Манай хамт олон энэ орлогыг дараагийн таван жилд 3 их наяд төгрөг болгохын төлөө зорин ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манай хамт олны хөдөлмөрийг үнэлж, надад энэхүү шагналыг өгсөн гэж бодож байна.

НЭГ АЖИЛТНЫХАА ОРЛОГЫГ НЭГ ТӨГРӨГӨӨР Ч БОЛОВ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЧАРМАЙН АЖИЛЛАХ БОЛНО

-Та бизнесийн салбарт хэр удаан ажиллаж байгаа вэ? Өнгөрсөн хугацаанд гарч байсан хүндрэл, бэрхшээлийн талаар дурдвал?

-Би энэ салбарт 1995 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Ажил хийхэд хүндрэл, бэрхшээл гэдэг зүйл өдөр бүр, цаг тутамд тохиолддог. Тэр тусмаа бизнесийн салбарийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа бидний хувьд тэр хүндрэл, бэрхшээлийг даван туулах нь нэг талаараа хэцүү боловч, давж туулсны дараах баяр баясал хэмжээлшгүй их юм. Энэ нь ажил хийж байгаа хүний хувьд хамгийн том үнэт зүйл нь болдог болов уу.

-Өнөөдрийн байдлаар хичнээн ажлын байрыг бий болгоод байна вэ?

-Одоогоор манай групп компанид нийт 11 мянган хүн ажиллаж байна. Цаашид нэг ажилтныхаа орлогыг нэг төгрөгөөр ч болов нэмэгдүүлэхийн төлөө манай хамт олон болон миний бие чармайн ажиллах болно.

-Бизнесийн салбарын онцлогийн талаар та юу хэлэх вэ?

-Ноолуур бол ургадаг алт гэж бид ярьдаг шүү дээ. Яагаад гэвэл элдэв байгалийн баялаг шиг ухаж дуусах нөөцийн хувьд хязгаартай зүйл биш юм. Жил бүр ноолуураа самнаж аваад түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсдаа болон дэлхий дахинаа эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа нь манай “Говь” ХК-ийн гол онцлог шүү дээ.

-Баярлалаа.


Эх сурвалж: president.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *